Сэрэмжлүүлэг: 31 хоногийн хугацаанд цахим залилантай холбоотой 24 хэрэг бүртгэгджээ
Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганыг хааж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс онцлох эшлэлийг толилуулж байна.
- 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлын хэсэг товлосон цаг хугацаандаа төслийг өргөн мэдүүлснээр “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг” баталлаа. Ийнхүү Улсын Их Хурал нэгэн бүрэн эрхийн хугацаандаа баримтлах “хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санаа” бүхий алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлээ нэгтгэн тодорхойллоо. Стратеги төлөвлөгөөнд дөрвөн жилийн үйл ажиллагаагаа урьдчилан төлөвлөж, хүрэх үр дүнгээ тодорхой тусгасан байгаа нь парламент төлөөллийн байгууллагын хувьд үр дүнд чиглэх, хариуцан тайлагнадаг байх зарчим бодитой хэрэгжихэд ач холбогдолтой юм.
- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлээд байна. Энэ төсөл нь хууль ба журмын зохист харьцааг хангах, журмын тоог цөөлөх, журам батлах эрх олгосон зохицуулалтад тавигдах шаардлагыг өндөрсгөх, хуулийн төсөлд хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр дүгнэлт гаргадаг болох зэрэг иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, хуульд нийцээгүй журмуудыг хүчингүй болгох эрх зүйн үндсийг бий болгоход чиглэж байна. Тиймээс хаврын чуулганаар энэ хуулийн төслийг нухацтай хэлэлцэж, цаг алдахгүй батлан мөрдүүлэх ажил биднийг хүлээж байна.
- Та бүхэн ард түмэн, нутаг дэвсгэр, нас, хүйс, ажил мэргэжлийн салбарын төлөөлөл болон сонгогдож, 126 гишүүнтэй парламентыг бүрдүүлсэн. Энэ бол зөвхөн нэг тооны төдий өөрчлөлт биш ээ. Энэ бол өнгөрсөн 30 гаруй жилийн туршлага сургамжаа цэгнэн дүгнэсний үндсэн дээр эхлүүлсэн, засаглалын тогтолцооны шинэтгэлийн нэг үр дүн юм. Тиймээс 126 гишүүнтэй болсны утга учир, ач холбогдол, зөв сайн үр дүнг батлан харуулах, эх орноо сэргээн мандуулах эрхэм зорилго, зөв замд ухралт буцалтгүй оржээ гэсэн итгэл үнэмшлийг бий болгох нь энд суугаа гишүүд бидэнд ногдож буй эрхэм үүрэг, гүн хариуцлага мөн. Чухам үүний төлөө энэ Улсын Их Хурал, энэ парламентын гишүүд ажиллана гэдэгт итгэлтэй байна.
- Манай улсын Засгийн газрын нийт өр 2024 оны байдлаар 35,2 их наяд төгрөг байсан бол 2025 оны төсвийн төсөлд энэ өр даруй 5.0 их наядаар нэмэгдэхээр орж ирсэн. Засгийн газрын өр сүүлийн 15 жилд буурах биш байнга өссөн, 2010 оноос хойш жил бүр дунджаар 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн гэсэн статистик үзүүлэлт бий.
- Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт бүхэлд нь тавьсан хориг нь төсвийг эргэн харах нөхцөл бүрдүүлсний зэрэгцээ төсөв хэлэлцэх дэгийг цаашид сайжруулах шаардлагатай байгааг мөн харууллаа.
- Эдийн засгийн өсөлт 5 хувьтай, үүнээс хөдөө аж ахуйн салбар 3.5 хувийн агшилттай, уул уурхайн салбарын өсөлт 1.4 хувь болж нэрлэсэн ДНБ 56 их наяд төгрөг хүрсэн байсан. Инфляц 6.7 хувьтай, гадаад худалдааны тэнцэл 3.2 тэрбум ам.долларын ашигтай, төлбөрийн тэнцэл 250 сая гаруй ам.долларын алдагдалтай, гадаад валютын нөөц 4.7 тэрбум ам.доллар хүрсэн байсан. 2024 оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар төсвийн орлого 22.8 их наяд, зарлага 20 их наяд, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд, банкны салбарын нийт зээл 35 орчим их наяд төгрөгт хүрсэн эдийн засгийн ийм орчинд Улсын Их Хурал 2025 оны төсвийн болон мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэн. Эдгээр тоо, баримтыг дурддаг нь Улсын Их Хурлаас гарсан аливаа шийдвэр, хууль тогтоомж ард иргэдийн амьдралд ямар нэгэн байдлаар эерэг нөлөө үзүүлсэн байх ёстой гэдгийг сануулах зорилгоор дахин давтан сануулж байгаа юм.
- Энэ намрын чуулганаар бид Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг баталсан. Эдгээр бодлогын баримт бичгүүдэд эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг 6+-2 хувьд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлнэ гэж заасан. 2023 оны жилийн эцэст инфляц 7.9 хувь байсан бол 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 9 орчим хувьтай гарахаар байна. Бид “инфляцыг нэг оронтой тоонд барих” зорилтоо 2023 онд биелүүлж чадсан. Гэхдээ 9 гэдэг бол хоёр оронтой тоо руу шилжихэд ганцхан алхмын зайд байна гэсэн үг. Өндөр инфляц, ханшийн уналт гэсэн таагүй үзэгдлүүд нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлж, салшгүй хамт явдаг жамтай. Төсөв алдагдалтай байх нь инфляц өсөх таатай хөрс болж өгдөг. Тиймээс инфляцыг 6.0 хувиас хэтрүүлэхгүй байх нь гарцаагүй чухал зорилт мөн.