Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд 2028 он хүртэл гэр хорооллыг орон сууцжуулахаар төлөвлөж буй. Энэ хүрээнд Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар төслийн газар чөлөөлөх явц 80 гаруй хувьтай үргэлжилж буй. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд нийт 2200 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөс 1670 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулжээ. Нөхөн олговрын гэрээ байгуулсан 1670 иргэний газрыг чөлөөлж, нурсан байшин барилга, хашааг буулгаж цэвэрлэх, хог хаягдлыг ачих ажлууд мөн үргэлжилж байна.
Сэлбэ дэд төвийг түшиглэн босох 20 минутын хот нь III, IV хорооллын бүтээн байгуулалтаас ч том байхаар төлөвлөгдсөн. Сэлбэ дэд төвийг түшиглэн босох орон сууцны хотхон нь дэргэдээ сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цаашлаад худалдаа үйлчилгээ, үзвэр үйлчилгээний төвтэй байхаар төлөвлөлтийг хийсэн. Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд төвүүдийг түшиглэн орон сууцжуулах загвар Сэлбэ дэд төвөөс эхлүүлнэ. Гурван төрлийн орон сууцыг барина. Орон сууцны хотхонуудыг цементэн ширэнгэ болгож хувиргахгүйн тулд нийт талбайн 60 хувь барилга байгууламж байх бол 40 хувь нь ногоон байгууламжаас бүрдэнэ.
Сэлбэ дэд төвийг түшиглэн босох 12 мянган айлын орон сууцыг хоёр жилд багтаан ашиглалтад оруулна гэж тооцсон юм.