Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Ерөний сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
Ерөнхий сайд хэлсэн үгэндээ,
“Эрхэм хүнд монголчуудаа, Эрхэм хүндэт нийслэлчүүдээ
Алсын хараа- 2050 хөтөлбөрт туссан зорилго зорилтоо ханган ажиллахын тулд олон жил шийдэгдээгүй зангилаа асуудлуудад төвлөрч үе шаттай шийдвэрлэж байна. Олон жил гацсан хөгжлийн төслүүдийн цаана улс дамнасан далд зохион байгуулалт байсан нь нууц биш. Сүүлийн өдрүүдэд Ураны гэрээ, Гашуунсухайт-Ганцбоомтын төмөр зам холбох гэрээ байгуулах үед жагсаал цуглаан зохион байгуулж, бүртгэлгүй гаднын дугаараас мессеж илгээх зэрэг олон нөлөөллийн ажил явсан байхыг үгүйсгэхгүй. Энэ бол олон нийтэд нөлөөлөх ажил байсныг үгүйсгэхгүй. Хөгжлийн 14 мега төслийн Эрдэнэбүрэнгийн УЦС, Ураны гэрээ, Гашуунсухайт-Ганцбоомтын төмөр зам холбох гэрээ байгуулахыг дэмжсэн УИХ-д талархаж байна.
Цаг хугацаа явах тусам үнэн баримт, үнэн түүх цаасан дээр үлддэг. Монгол улсын Засгийн газраас нийслэлийн дэд бүтцийг хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ. Энэ нь нийслэлд тулгамдсан асуудлыг УИХ, Засгийн газар, төрийн байгууллагууд, ААН, иргэд ойлголтоо нэгтгэж, нийслэлийг дэмжих үндсэн оршил нь юм.
Хот бол өөрөө амьд организм. Биеийн дархлааг бүхэлд нь сайжруулахтай ижил нийслэлийн асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай. Дэлхийд сайн ба муу гэсэн хот байхгүй. Харин ерөнхий төлөвлөгөөгөө зөв ба буруу хийсэн, хэрэгжүүлсэн хэрэгжүүлээгүй гэж л байдаг хэмээн судлаачид хэлсэн байдаг. Улс төрчид шинж тэмдэгтэй бус эрдэмтэн судлаачдын зөвлөгөөг даган суурь шалтгааныг шийдвэрлэх нь дөт зам юм.
Ерөнхий сайдын шууд удирдлаган дор хотын ерөнхий төлөвлөгөөний ажлын хэсэг ажиллаж байна. Нийслэлийн асуудал бол улс төржих асуудал биш юм” гэв.