АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Нууц албаны шинэ даргаар Шон Курраныг томиллоо. Шон Курран нь 2024 оны долоодугаар сард Пенсильвани мужид сонгуулийн сурталчилгааны цуглааны үеэр Доналд Трампын амийг хөнөөх оролдлогын үеэр түүний хамгаалалтад ажиллаж байсан бие хамгаалагчдын багийг удирдаж байсан нэгэн юм.
Доналд Трампын хувьд Нууц албаны даргад Шон Курраныг нэр дэвшүүлэхэд Сенатаас зөвшөөрөл авах шаардлагагүй. Тэрбээр, “Пенсильвани мужийн Батлер хотод намайг гэмт этгээдийн сумнаас хамгаалж, миний амийг аврахын төлөө өөрийнхөө амийг эрсдэлд оруулж, аймшиггүй эр зоригоо харуулсан. Шон АНУ-ын нууц албыг урьд өмнөхөөс ч илүү хүчирхэг болгоно гэдэгт би бүрэн итгэлтэй байна” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп олон нийтийн сүлжээнд бичжээ.
Шон Курран бол сүүлийн жилүүдэд гэр бүлээ хамгаалж ирсэн агуу эх оронч хүн гэдгийг Дональд Трамп мөн онцлов. Шон Курран хууль сахиулах байгууллагад 23 жил ажилласан туршлагатай нэгэн. Ажлын гараагаа 2001 онд Нууц албанаас эхлүүлж байжээ. Доналд Трампыг Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны бүрэн эрхийн хугацаанд ч мөн Шон Курран Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны бүхий л нарийн ширийн асуудлыг хариуцсан тусгай төлөөлөгчийн туслахаар ажиллаж байсан аж. Тэрбээр Доналд Трампын оршин суух газруудын аюулгүй байдлыг сайжруулах төлөвлөгөө боловсруулсан гэдгээрээ алдартай аж.