Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын зээлийн хөрөнгөөр “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь 2017 онд байгуулагдсан. Газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг Энэтхэгийн инженер, мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж 2018 оны 11 дүгээр сард УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцэн хүлээн авсан байдаг.
“Газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулах цогц төсөл нь үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудаас гадна цахилгаан станц, ус хангамжийн байгууламж, ачих буулгах байгууламж, агуулах сав, резервуар, түүхий тос дамжуулах хоолой, төмөр зам, авто замын бүтээн байгуулалтаас бүрдэнэ. Мөн үйлдвэрт ажиллагсдын амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг давхар шийдэх зориулалттай 550 айлын орон сууц, сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв зэргээс бүрдсэн “Газрын тосны үйлдвэрийн хотхон” багтаж байна.
2019 онд ЭХНИЙ нэмэлт санхүүжилтийн зээл авав
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн санхүүжилтийн хувьд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2016 онд байгуулж, УИХ баталсан. Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлагдаж, төслийн хэрэгжилт эхэлсний дараа Төслийн удирдлагын зөвлөх болох “Инженерс Индиа Лимитед” компани техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн нийт зардалд 1,236.0 сая ам.доллартой тэнцэх санхүүжилт шаардлагатай гэж дүгнэсэн учраас 236.0 сая ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар болж, зээлийн хэлэлцээрийг 2019 оны 12 дугаар сард УИХ-аас соёрхон баталсан.
Дахин нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр хийв
Сүүлийн жилүүдэд үүссэн эдийн засгийн хямрал, бараа материал, техник, тоног төхөөрөмжийн үнийн өсөлт болон инженерчлэл, зураг төслийн үе шатанд үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэх, үйл ажиллагааны төвөгшил болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түгээлт, тээвэрлэлттэй холбоотой дэд бүтцийн өөрчлөлтүүд, мөн технологийн лиценз эзэмшигчдийн зүгээс тавьсан нэмэлт шаардлагуудтай холбоотойгоор “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн үнийн дүн 2018 онд боловсруулсан ТЭЗҮ-ээр тооцоолсон зардал болох 1,236.0 сая ам.доллароос 30 орчим хувиар өсөхөөр байгаа талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-аас мэдэгдсэн.
Төслийн хөрөнгө оруулалтын зардлын өсөлтийг ТЭЗҮ-ийн тодотголд тусгасан бөгөөд тус тодотголыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (хуучнаар)-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 оны 09 дүгээр сард нийт төслийн зардлыг 1,698.2 сая.ам доллар байхаар хүлээн авсан байдаг. Иймд гэрээ байгуулсан нийт 1,236.0 сая ам.долларын зээлийн эх үүсвэрээс гадна 462.2 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх шаардлага үүссэн гэж Засгийн газар болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн зүгээс тайлбарлаж байгаа юм.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” найман жил болж байхад ашиглалтад ордоггүй үйлдвэр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл эхлээд найман жил болж байна. “Эрдэнэс Монгол”-оос урсгал зардалдаа зориулж зээл авсан. 12 тэрбум төгрөгийн зээл одоогоор аваад байгаа. “Хэдэн хувийн хүүтэй хэдэн төгрөгийн зээл авсан бэ?” гэхээр захирал нь өөрөө мэддэггүй. Төслийг хэрэгжүүлэх явцад бүх ажлаа дөрвөн хэсэгт хуваасан. Нийтдээ найман жил болж байхад ашиглалтад ордоггүй үйлдвэр. Үүний дөрвөн жил хоёр сарыг зөвхөн “тендерийн үнийг бууруулж өгөөч ээ” гэдэг гуйлгад зарцуулсан. Дөрвөн багц ажлаас дууссан ганц ажил нь иргэний байгууламж. Оффис, эмнэлэг ажилчдын байр дууссан. Бусад нь бүгд дуусаагүй. 1,2 тэрбум ам.долларын зээлээс 268 сая ам.доллар ашигласан. Ашиглаагүй зээлдээ 0,5 хувийн хүү, ашигласан зээлдээ 1,78 хувийн хүү төлдөг. Дахиад нэмж авах зээлдээ хүү төлнө. Гэрээний нөхцөлөөр 36 сарын дотор үйлдвэрийг барьж дуусгахад манайд түүхий эд байхгүй. Дорнод аймгийн Тамсагбулагт газрын тос олборлож байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петро чайна Дачин тамсаг” компанитай манай улс бүтээгдэхүүн хуваах гэрээгээр газрын тос авч, бензин үйлдвэрлэх гэж байна. Гэтэл олборлолт нь хүрэхгүй гэдэг асуудал гараад ирж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Ганбат:
Ванга шиг хэлье, 3 жилийн дараа Газрын тосны үйлдвэр дуусахгүй, 300 сая доллар нэмье гээд л сууж байх болно.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:
2028 онд энэ үйлдвэр ашиглалтад орох эсэх нь эргэлзээтэй байна. Газрын тосны үйлдвэрийн нөөцийг нэмэгдүүлэх судалгаанд зориулсан зардлыг одоогоор хаана ч тавиагүй байгаа ч цаашдаа эл зардал, санхүүгийн асуудлыг шийдэж байж нөөцөө нэмэгдүүлэхээс өөр аргагүй нь үнэн.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Монголчууд газрын тосны үйлдвэрийн төслийг анхнаас нь бүгд дэмжиж байсан. Гэхдээ ямар ч ТЭЗҮ, тооцоо судалгаа, үндэслэгээг нь харахгүйгээр энэ олон зуун сая ам.долларыг батлаад байна гэвэл дараа нь бид хэрэгт орж, хариуцлага хүлээнэ шүү…, Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-г өнгөрсөн таван жилд харсан хүн байна уу?…, УИХ-ын гишүүд Монголын ард түмний өмнөөс дараа нь иргэдийн төлөх зардлын өмнөөс шийдвэр гаргахдаа ТЭЗҮ, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргах ёстой. Тэгэхгүйгээр ухаантай царайтай, гоё ярьсан зүйлийн өмнөөс харанхуй итгэж УИХ-ын гишүүд шийдвэр гаргавал та бид хууль зөрчиж байгаа явдал шүү. Ийм тэнэг арчаагүй байдлыг зогсоох гэж УИХ-ын гишүүд та бид сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээж байгаа шүү… гэсэн юм.
Засгийн газраас өнгөрөгч баасан гараг буюу нэгдүгээр сарын 17-ны өдөр УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхээр энэхүү зээлийн хэлэлцээрийг оруулж ирсэн бөгөөд намрыйн ээлжит чуулган зөвсөрлөх хугацааг 14 хоног сунгаж энэ долоо хоногт хэлэлцэн, өнөөдрийн нэгдсэн хуралдаанаараа баталлаа.