Утааны сонсгол хоёрдугаар сарын 3-4-нд болно. Түүнээс урьтаж гурван удаагийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд хийж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2025.01.15/ “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдэвт эхний хэлэлцүүлэг болсон бол өчигдөр /2025.01.22/-ийн хэлэлцүүлэг “Зуух, түлшний технологи” сэдвийн хүрээнд болох байв. Гэвчиг зуух, түлш яриад, технологийг нь нарийн ярьсангүй, илээд л өнгөрлөө. Ажлын тайлан маягийн юмс л их яригдах шив дээ.
ИРГЭНИЙ ДУУ ХООЛОЙ
“30 жил зуух, яндан ярилаа. Одоо больцгооё” гэж халаглах иргэн. Аав, ээжийгээ энэ утаагаар алдсан гэх бүсгүй “Угаартаж нас барсан хүмүүсийн тоог та бүхэн нууж байна. Энэ утаагаар иргэдээ амьсгалуулж, хордуулж байгаагийнхаа төлөө ард түмэндээ нөхөн төлбөр өгөх ёстой” хэмээн ярьж байлаа. “20 жил ийм хуралд ирж суухыг мөрөөдөж байлаа” хэмээн ярих нэгэн ч байлаа. Учир юу гэвээс 20 жилийн хугацаанд Ерөнхий сайд, хотын дарга гээд шийдвэр гаргах түвшний бүхий л хүнд утаанаас салах ийм арга замууд байна хэмээн уйгагүй захидал бичжээ. 20 жилд 100 захидал. “Таны саналыг хүлээж авлаа” гэсэн хариу тоотой хэдхэн хүнээс ирж байсан ч нэг ч саналыг маань хэрэгжүүлсэнгүй. Хэрэвзээ хэрэгжүүлсэн бол өдийд бид утаанаас салчихсан байгаа гэж халаглах.
“Анод”-ын Н.Даваа “90 тэрбум төгрөгөөр хоёр сарын дотор утаанаас гарах шийдэл байна” гэж ярьж байлаа. Түүнд Германаас 10 сая халаагуур хийгээд өгөөч гэсэн захиалга ирсэн гэх. Нэг ёсондоо бол цахилгаан халаагуур хэрэглээд, утаанаас салцгаая гэх шийдлийг дэвшүүлж байв. Гэвчиг асуулт асууж, байр сууриа илэрхийлэхээр бүртгүүлсэн иргэд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хэлэлцүүлэг явуулах дэгт заасны дагуу гурван минутад багтаан ярих учиртай. Бодит шийдэл, гарц гаргалаа ярьж буй иргэн яриагаа дуусгаж амжилгүй цаг нь дуусах, араар нь сууж буй иргэд “цаг нэмээд өгчихөөч” хэмээн цаг гуйх тохиолдол бишгүй л.
Мөн “Гэр хорооллын айл өрхүүдийн тогийн үнийг буулгаад өгвөл гал түлэхгүй, цахилгаан халаагуур залгачихна” гэх байр суурьтай иргэд ч байлаа.
Энэ мэтээр Төрийн ордонд иргэдийн дуу хоолой хүчтэй сонсогдсон өдөр байлаа.
ЗӨВ ОНОШИЛГОО
Утаа яагаад өнөөдрийн түвшинд хүрчих вэ? гэдгийг зөвөөр оношилж, шийдэл хайх нь энэ хэлэлцүүлгийн үр дүн. Асар олон хүн л “Утааны эзэн”-ийг хайж, олон талаас ярив. Тэдгээрийн дотроос хотын дарга Х.Нямбаатар “Хот утаатай байгаа шалтгаан бол бид 1984 оноос хойш нэг ширхэг ч дулааны цахилгаан станц бариагүй. Төвлөрсөн хүйтэн хотод төвлөрсөн халаалтын системийн үүсвэрүүдийг нэмж барьж чадаагүй энэ алдаатай бодлогын үр дүн нь агаарын бохирдлыг энэ түвшинд хүргэсэн. Одоо байгаа дулааны цахилгаан станцуудаа мянга шахаад, нэмж нэг метр квадратыг халаах техникийн нөхцөл боломжгүй болсон. Тийм учраас нийслэлээс барьж байгаа бодлого бол эрчим хүчний олон, олон төсөлд оролцож байгаа” гэлээ.
САЙЖРУУЛСАН ТҮЛШ ХЭРЭГЛЭЭД ҮР ДҮНД ХҮРСЭН ҮҮ?
“Тавантолгой түлш” ХХК шахмал түлш үйлдвэрлэлийн түүхий эд, барьцалдуулагч болон бүтээгдэхүүний чанарын хяналтаа
- Хими, химийн технологийн хүрээлэн
- Ашигт малтмал, газрын тосны газрын лаборатори
- “SGS Mongolia” ХХК
- Дулаан, техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн
- Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар зэрэг итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораториудаар сар бүр 1-2 удаа хийлгэдэг талаар дурдаж байв.
Харин Хими, химийн технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими технологийн лабораторийн эрхлэгч Г. Шийрэв “Түүхий нүүрс биш сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг болсноор чийг, дэгдэмхий бодисын хувь буурсан ч хүхэр 0.5-аас 0.9 болж, үнслэг нь 16-аас 24 болж нэмэгдсэн” гэлээ.
Хотын дарга Х.Нямбаатар “Одоо энэ гуравдугаар сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний гол түүхий эд болох мидлингийг “Эрдэнэс тавантолгой”-н 0” давхаргын баяжмалаар солино. Тодруулан хэлбэл, “Эрдэнэс тавантолгой”-н эрчим хүчний баяжуулсан нүүрсийг бид шигшүүрээр шигшээд тэр чигт нь савлана. Нунтгийг нь хамгийн сайн чанарын барьцалдуулагчтай холиод одоогийн хэвэндээ хийгээд гаргана гэлээ.”
Энэ бол түр хугацааны шийдэл. Харин урт хугацааны ямар шийдлүүд төлөвлөж байна вэ.
УРТЫН ШИЙДЭЛ
Уртын шийдэл бол утаа гаргаж байгаа эх үүсвэр бүрийн 30 хувийг жил бүр хийн түлшинд шилжүүлэх гэдгийг Хотын дарга онцлоод,
2025 онд:
- 5620 айлыг орон сууц руу шилжүүлнэ
- 5700 айлыг LNG-д холбоно.
- 15.000 айлыг LPG-д холбоно. Ингэж явсаар 2030 онд хатуу түлшнээс татгалзана гэлээ.
Жич: LNG-Шингэрүүлсэн байгалийн хий, LPG-Шингэрүүлсэн нефтийн хий
“LNG-н шугамыг агаараар холбоно. Амины орон сууц руу оруулж, бойлуур тавьж холбоё гэж байгаа. Гэрт байгаа айлууд руу труба оруулж, LNG-г холбох боломжгүй тул шаланкаар гадна талаас оруулж, LPG холболтыг хийнэ. Монголын газ үйлдвэрлэгчдийн холбооныхонтой санамж бичиг байгуулаад, судалгаа тооцоон дээрээ явж байна.
LNG хийн түлшний эх үүсвэр нь ОХУ. 2026 онд “Кемерово үйлдвэр” дээрээ манайд зориулсан үйлдвэр байгуулж өгье гэсэн. Бид хил дээр нөөцөө бүрдүүлж, Улаанбаатар руу зориулалтын тээврийн хэрэгслээр зөөвөрлөнө” гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцолж байлаа.
АЛДАРТ УТААНЫ ТӨСӨВ
2011-2024 оны хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад 340.2 тэрбум төгрөг зарцуулсан гэдгийг хотын дарга Х.Нямбаатар хэллээ.
Тэдгээрээс дурдвал:
- Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо 2019-2023 оны хугацаанд дөрвөн төсөл арга хэмжээнд 92.819 тэрбум
- “Цэвэр агаар сан” 2011-2015 оны хугацаанд 10 төсөл арга хэмжээнд 68.91 тэрбумыг тус тус зарцуулсан байна.
Мөн “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт нийтдээ 1 их наяд 450 гаруй төгрөгийг татаас болгож өгчээ. Үүний 1 их наяд 307.1 тэрбум төгрөгийг “Эрдэнэс тавантолгой” компаниас олгосон байна. Харин үлдэгдэл нь болох 146.2 тэрбум төгрөгийг нь Нийслэлийн төсвөөс олгожээ. Нийслэлийн төсвөөс олгосон энэ мөнгө юунд зарцуулагдсан бэ гэхээр:
- Сайжруулсан түлшийг дүүргүүдэд нөөцлөх агуулахуудын түрээс
- Гэрээт ажилтнуудын цалинд өгсөн байна.
АНХААРУУШТАЙ МЭДЭЭЛЭЛ
НЭГ.
Албаныхан агаарын бохирдлын 28.9 хувь нь автомашинаас үүдэлтэй байгааг ярьж байв. Монголд 1,339,103 машин байна. Үүний 804.656 машин нь Улаанбаатарт бүртгэлтэй. Автомашины дундаж хурд агаарын бохирдолтой шууд холбоотой байна. Товчхондоо бол, автомашины дундаж хурд сүүлийн жилүүдэд буурсан нь агаарын бохирдолд нөлөөлж байна гэв. Тэгэхээр түгжрэл буурч байж агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурна гэдэг логик харагдаж байна.
ХОЁР.
Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Б.Одонхишиг “Нүүдэлчин эко зуух” манай лабораторид олон удаа туршигдсан. Лабораторийн туршилтад нэг ч удаа тэнцэж байгаагүй. Нийслэлийн лабораторид тэнцчихсэн” гэв.
ГУРАВ.
Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “2024 онд 21 зөрчил илэрснээс түүхий нүүрс хадгалж, түлсэн долоон зөрчлийг илрүүлсэн. Хот руу 94 тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан зөрчлийн мөн илрүүлж хураан авсан” гэлээ.