Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсад бизнес эрхлэхэд хөрөнгө оруулалт, татварын орчин, зөвшөөрлийн хувьд ч ээлтэй орчныг бүрдүүлэхээр ажлын хэсэг байгуулсан талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.
Тэрээр, “Монголын төмөр зам, Тавантолгой төмөр замыг нэгтгэснээрээ чиг үүргийн давхардлыг бууруулж, орон тоог 30 хувь хүртэл цомхотгоно. Цаашдаа ийм бодитой тооцооллыг хийнэ. Сая “Эрчист Монгол” дээр уул уурхайн бус компаниудыг нэгтгэснээр одоо ТУЗ байгуулагдаж, олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтыг хийгээд эхлэхээр цалин дээр гэхэд 11 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Тоогоор харуулж, танилцуулна.
Сайн жишигт тулгуурласан бизнес нөхөрлөлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Зөвшөөрөл нэртэй бичиг баримтуудыг цуцлах арга хэмжээг долоо хоног бүр шийдвэрлэнэ. Нийт 360 зөвшөөрөл батлагдсан боловч хууль нэмж баталсантай холбоотойгоор 400 гаруй болж нэмэгдсэн байна. Зарим бизнесийн үйл ажиллагааг зөвхөн мэдэгдэж, үйл ажиллагаа явуулдаг болно. Монголд бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлнэ. Ажлын хэсгийн ахлагчийн хувиар МҮХАҮТ болон худалдаа эрхлэгчидтэй хамтран ажиллах саналыг хүргүүлж байна. Энэ талаарх гомдол саналыг нээлттэй авч эхэлнэ” гэв.