Өнгөрсөн баасан гаргийн шөнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн мийм койноо танилцуулсан юм. Тэрээр Truth Social нийгмийн сүлжээгээрээ дамжуулан дэмжигчдэдээ “Трампын тусгай нийгэмлэг”-т элсэж, түүний мийм койныг худалдан авахыг уриалсан байна. Д. Трампын мийм койн нь түүний 2024 оны 7-р сард Пенсильванид хийсэн уулзалтын үеэр халдлагад өртсөнийхөө дараа гараа зангидан дээш өргөж буй зурагтай аж.
Даваа гаргийн байдлаар Ерөнхийлөгч Д.Трампын мийм койны зах зээлийн үнэ 10 тэрбум ам.долларыг давжээ. Өнгөрсөн бямба гаргийн өглөө ширхэг бүр нь 10-аас бага ам.долларын үнэтэй байсан $TRUMP койн 74.59 ам.долларт хүрч, CoinGecko цахим валютын үнийг нийтэлдэг сайт дээр одоогийн байдлаар 33.88 ам.долларын үнэтэй гэж бүртгэгджээ. Мэргэжилтнүүд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос өмнө Д.Трамп гэргийн хамт коин гаргасан нь олны анхаарлыг крипто валютын зах зээл рүү татсан гэж үзэж байна. Д.Трампын коины 80 хувийг CIC Digital болон Fight,Fight,Fight нэртэй хуулийн этгээдүүд эзэмшиж байгаа аж.
Тэргүүн хатагтай Мелания Трампын гаргасан мийм коины зах зээлийн үнэ 1.7 тэрбум орчим ам.доллар ба түүний коиныг MKT World нэртэй хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргасан аж. Тус компаниар дамжуулан тэргүүн хатагтай хөрөг зураг зэргээ худалдаж байсан түүхтэй аж. Ням гаргийн орой тус бүр нь 13 ам.долларын үнэтэй байсан $MELANIA коины үнэ даваа гаргийн өглөөний байдлаар 8 ам.доллар болж буурсан байна.
Мийм коин цахим орчин дахь тоглоом шоглоом, тренд зэрэгтэй холбоотой байдаг ба хүмүүс тэдгээр коиныг өөрийн дуртай үнээр худалдаж авах боломжтой юм.
$TRUMP, $MELANIA коины албан ёсны сайтад дээрх коинуудыг ямар нэг төрлийн үнэт цаас гэж үзэж болохгүй гэдгийг онцолж, эдгээр коиныг худалдан авах нь дэмжлэг үзүүлж байгаа нэг хэлбэр гэж бичжээ.