Утааны сонсгол хоёрдугаар сарын 3-4-нд болно. Түүнээс урьтаж өчигдөр /2025.01.15/ төрийн ордонд эрдэмтэн, судлаачид Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд сэдэвт эхний хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр хоёр чиг ноцтой агуулга яригдлаа.
НОЦТОЙ МЭДЭЭЛЭЛ НЭГ.
2022 онд АНУ-ын Хавдрын нийгэмлэгийн судалгааны төвийн сэтгүүлд агаарын бохирдол элэгний хавдар үүсгэхэд нөлөөлж буй талаарх судалгааны ажил нийтлэгдсэн талаар Хавдар судлалын үндэсний төвийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзориг танилцууллаа. Тодруулбал, 2015-2017 оны хооронд Монгол болон Баруун Европын орнуудаас цуглуулсан 379 элэгний хавдрын эсэд молекулын шинж чанарыг тодорхойлох судалгаа хийхэд зөвхөн Монгол Улсаас ирүүлсэн 179 сорьцоос нүүрсний шаталтаас үүсдэг диметилсульфид хэмээх бодисоос үүссэн шинэ мутац илэрсэн байна.
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Диметилсульфид гээд энэ бодисыг чинь дэлхийн нэгдүгээр дайнд хорт хийгээр ашиглах гээд Германчуудыг судалж байсан. Тийм бодис түүхий нүүрсээс ялгарч байгаа байхгүй юу. Тэр бодис хавдар битгий хэл хүний ухаан санааг муужруулах нөлөөтэй” гэх тайлбарыг нэмж тодотгов.
НОЦТОЙ МЭДЭЭЛЭЛ ХОЁР.
Сонгинохайрхан дүүрэгт бага насны хүүхдэд цусанд нь хар тугалгын илэрц 16.5 микро грамм илэрчээ. Уг нь бол ДЭМБ-ын зөвлөмжөөр энэ нь хүний цусанд 2.5 аас ихгүй байх ёстой байтал манайд ийм өндөр гарсан байна. Энэ нь цаашид эсийн болон генийн түвшинд яаж нөлөөлөх вэ гэдгийг судалсан судалгаа манайд байдаггүй. Гадагш нь шинжлүүлэхээр явуулдаг. Дотооддоо шинжилдэг болох хэрэгтэй байгааг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тодотгож байв.
ТӨРӨЛТ БУУРЧ БУЙ НЬ АГААРЫН БОХИРДОЛТОЙ ХОЛБООТОЙ ЮУ?
Үндэсний Статистикийн Хорооноос төрөлт буурсан тухай мэдээлээд буй. Тодруулбал, 2024 онд 57.3 мянган эх амаржсан нь өмнөх оноос 6.6 мянгаар буурсан байна. Төрөлт ийнхүү буурч буй нь агаарын бохирдолтой холбоотой эсэхийг ярилцах цаг иржээ.
Өчигдөр болсон хэлэлцүүлгийн үеэр доктор, дэд профессор, зөвлөх эмч Б.Жаргалсайхан Агаарын бохирдол жирэмсэн эх, урагт нөлөөлөх судалгааны үр дүнг танилцуулсан юм.
Энэхүү судалгаа нь хоёр шаттай хийгджээ. Тодруулбал,
- 2015-2019 онд Түүхий нүүрсний хэрэглээ
- 2020-2022 онд сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотой эх болон хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн нөлөөллийн байдлыг судалсан байна.
Түүхий нүүрсний хэрэглээний эд өвлийн улирлын агаарын үндсэн бохирдуулагч PM10, PM2.5, CO, SO2 хэмжээ ихсэхэд:
- Ураг аяндаа зулбалтын тохиолдол нэмэгдэж
- Үр хөврөл бүрэлдэх байдал буурах хандлага ажиглагдсан байна.
Харин 6-9 сард зулбалтын тохиолдол буурч байжээ. Өөрөөр хэлбэл энэ саруудад төрөлт нэмэгдсэн гэсэн үг.
CO, SO2 хэмжээ ихсэхэд:
- Үр хөврөл бүрэлдэх тохиолдлын тоо 1,11, 12 саруудад буурч, 2-10 саруудад нэмэгдэх байдал ажиглагдсан байна.
Тэрбээр “Төрөлт буурч буй нь агаарын бохирдолтой холбоотой юу гэх УИХ-ын гишүүний асуултад “Төрөлтийн тоо буурсан. Гэхдээ Монгол Улсад дутуу төрөлт, амьгүй болон өсөлтгүй жирэмслэлтийн тоо жил болгон бууж байгаа статистик үзүүлэлт бий. Агаарын бохирдол ганцаараа дутуу тээлт, өсөлтгүй болохын гол үндсэн шалтгаан биш. Энд ээжийн нас, эрхтэн тогтолцооны өвчин, бэлгийн замын дамжих халдвар, ээжийн бодисын солилцооны алдагдалд зэрэг нь үндсэн шалтгаанууд болж байгаа юм” гэв.
Утааны энэ үе буюу 9-3 сар хүртэл төрөлт багасдаг. Энэ цаг үед төрсөн хүүхдүүд:
- Дутуу төрөх
- Зүрхний хавхлагын цоорхойтой төрөх
- Амьсгалын замын эрхтний бүтцийн дутмагшилтай төрөх
- Жин багатай төрч байна гэсэн судалгаа байгааг мөн хэлэлцүүлгийн үеэр судлаачид онцолж байв.
Мөн доктор А.Энхжаргал: Дотоод орчиндоо HEPA шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч хэрэглэсэн тохиолдолд жирэмсний үеийн урагт сайнаар нөлөөлж байна
СУДАЛГААНЫ МӨНГӨ “ГУЙВ”
Ер нь бол өчигдөр төрийн ордонд баахан л тоо ярьцгаав. Ихэнх нь гадаадын судлаачдын хийсэн судалгаанууд танилцуулж байх жишээний. Гэхдээ он хуучин судалгаанууд голцуу.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Монголд энэ чиглэлийн судалгаа хийхэд төсөв шаардлагатай байгааг онцлон ярьж байв.
Тэрбээр “Утааны PM10, PM2.5, CO, SO2 хүний эд эрхтэнд жишээ нь уушгинд, элгэнд ямар ямар нөлөөлөл үзүүлээд байгаа юм. Тэр нь цаашдаа яг юунд хүргэдэг юм гэдгийг Улаанбаатар хотын хэмжээнд өртөмтгий бүсийн хэмжээнд судлах шаардлагатай. Зөв оношийг нь тавьж, цаашдын хувь тавиланг нь гаргаж ирж байж л эрүүл мэндийн байгууллага оношилгоо, эмчилгээгээ хийх учиртай. Тиймээс үүн дээр судалгааны том төсөв тавьж өгөөч. Олон улсын шинжээчдийн, судалгааны багийг оруулж ирээч. Дотооддоо Нийгмийн Эрүүл мэндийн чиглэлээр урьдчилан сэргийлэх судалгаа хийдэг багийнхны төсвийг нэмэгдүүлээч өгөөч гэж” гуйлаа.
Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд төсвийн тодотголоор Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээс 35 тэрбум төгрөг хасагдсан. Хасахгүй, шат шатлалтай нэмэгдүүлэх шаардлагатай байна гэлээ.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Ер нь сонсгол урьтаж хийж буй энэ хэлэлцүүлгийг сонсоод сууж байхад Улаанбаатарчууд бид туршилтын хархнууд ч юм шиг санагдах болов. Хэдэн жилийн дараа агаарын бохирдлоос болж Монголын хүний биед ийм, ийм өөрчлөлт гарсан гээд энд, тэндхийн их сургуулийн танхимд яригдаж ч мэдэх нь. Нэг ёсондоо бид хэн нэгний судалгааны объект шиг л… Хавдрын өвчлөлөөрөө дэлхийд 52-т эрэмбэлэгдэж, нас баралтаа тэргүүлж буй Монгол. Агаарын бохирдол уушгины хавдрыг үүсгэдэг гэдэг нь хөдөлшгүйгээр тогтоогдсон. Гэхдээ Монгол Улсад яг энэ төрлийн хийгдсэн судалгаа байхгүй гэдгийг судлаачид “сануулж байна”. “Хэдэн сард жирэмсэлбэл зүгээр юм бэ” гэж УИХ-ын гишүүд нь чуулганы танхимаас арга буюу асууж сууна. Үр хүүхэдтэй боллоо ч эрүүл саруул тээж төрүүлэхийн тулд амралтын газар бараадаж, товчхондоо бол агаар худалдаж авч байна. Ажил төрлөө орхиод ураг тээж буй эхний хэдэн сараа агаарт өнгөрөөчихье гэхээр өнөө НДШ гээчээ тасалж болохгүй. Тасалчихвал амаржсаны тэтгэмж авч чадахгүй болчихно гээд Улаанбаатараасаа холдож чадахгүй л… Хоёрдугаар сарын 3-4-нд болох сонсгол дээр оролцогчид асуултаа чамбай асууж, яс хариултаа авч, хаана, хаанаа ойлголцолд хүрч цаашид яахаа бодитоор яриасай. Өчигдрийн хэлэлцүүлэг шиг нэр төдий юм болчих вий дээ.