Видео сурвалжилгыг ЭНД дарж үзнэ үү.
Давхар шаталттай, утаагүй гэгдэх Нүүдэлчин эко зуухыг БГД-ийн 700 гаруй өрхөд тараажээ. Гэвч иргэд тухайн зуухыг халдаггүй, шаталт удаан, утаа ихээр гаргадаг гэх шалтгаан хэлж, хуучин зуухаа ашиглаж байна.
Бид БГД-ийн 23 дугаар хорооны зохион байгуулагч Б.Идэр-Арслангаас иргэд зуухаа яагаад ашиглахгүй байгаа, хорооноос хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар тодрууллаа.
Тэрээр, “Энэ зуух ханан пийшинтэй байшинг халааж дийлэхгүй. 70 мкв талбайг л халаана. Гэртэй айлуудад түлхүү олгогдсон байгаа. 11 дүгээр сарын сүүлээс 12 дугаар сарын эхэнд, нийт 740 гаруй өрхөд зуухаа тараасан. Зээлээр өгөөгүй. Үнэ төлбөргүй иргэдэд өгсөн. Ганц нэг л байшинтай айлд олгосон байх. Шууд таталттай, 70 мкв-аас бага хэмжээтэй байшинтай айлд гэсэн үг. Зуухны тухай иргэд ам сайтай байна. Миний сонссоноор 5-6 айл нь Цагаан сараар шинэ зуухаа тавина гээд гадаа тавьчихсан байгаа юм билээ” гэв.
Харин иргэд хэсгийн ахлагчаас тэс өөр зүйл ярьж байна. Тэд,
- Халалт муутай гэдэг юм билээ. Айлууд ам муутай байгаа. манайхыг энэ жил солиогүй. Солиулъя ч гэж бодохгүй байна.
- Эхний хийсэн түлш нь асаж байсан. Дараа нь дээрээс нь цогин дээр нь хийдэг шүү дээ. Ингэхээр унтарчхаад байгаа юм. Нүхээрээ утаа саагиад байхаар нь манайх хоёр хонуулаад л авчихсан. Манай хашаанд гурван айл бий. Бүгдээрээ гаргачихсан. Уг нь зааврын дагуу нь галлаад байгаа юм. Даанч барахгүй байна билээ.
- Энэ зуух чинь ямар ч үр дүнгүй юм билээ. Манайх нэг хоног тавьсан. Гал асахгүй болохоор нь хуучин зуухаа оруулсан. Ганц хутгуур нүүрс хийж байгаад л, байнга хутгаж, сэлбэхгүй бол унтарчих юм билээ. Нүүрс хийх хэсэг нь умайсан жижиг. Тэрүүгээр хална гэж ёстой худлаа. Зуухаа гаргаад тавьчихсан. Ингээд төмрийн хог болоод байж л байна. Уг нь их үнэтэй юм гэсэн. “Улныхан”-ыг доромжилж ийм зуух өгсөн байх гэж бодож байгаа.
- Би бол яах вэ. Ажил хийж сурсан, эрэгтэй хүн гэсэндээ хажууд нь ухаад суух юм бол түлээд л байх юм билээ. Уг нь нэг галлачхаад дулаанаа найман цаг барих ёстой. Тэр бол худлаа. Манай эхнэр хүүхдүүд бол намайг эзгүйд гэртээ хөлдөх юм билээ. Хуучин зуухаа ашигласан нь аминд өлзийтэй.
Хотын дарга Х.Нямбаатар 84 мянган айлын зуухыг шинэчлэх нэн шаардлагатай гээд, нийгмийн эсэргүүцлийг үл тоохоо мэдэгдэн зуух, түлш солих ажлыг зогсоохгүй гэдгээ оны сүүлд мэдэгдсэн. “84 мянган иргэн угаартаад үхвэл яана” гэж олон нийтийг сүрдүүлж, цээжээрээ хамгаалж эхлүүлсэн зуух солих ажил нь ийнхүү эхлэхдээ л иргэдийн бухимдлыг төрүүлж, дэмий мөнгө зарлагадаж буйг нь харууллаа.