Гэр хорооллыг цахилгаанаар халаах нь тансаг хэрэглээ болохыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлж байв. Тэгвэл бид тансаг хэрэглээтэй гэгдэх хэд хэдэн айлд очлоо. Тэд цахилгааны төлбөрөө төлөх гэж л ажиллаж байгаа талаараа хэлж, зарим нь төлбөрөө өгч дийлэхгүй байгаа учраас буцаад нүүрс түлэх болсноо учирласан юм. Мөн эдгээр “тансаг” өрхүүдэд дунджаар 4-5 хүүхэд амьдардаг. Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, эрх баригчдын шийдэж чаддаггүй утааг бага ч болов бууруулахаар цахилгаан халаалтыг сонгосноо тэд онцолж байв.
Энэ талаар ЧД-ийн 21 дүгээр хорооны оршин суугчид дараах асуудлыг хэлж байна.
ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨР ИХЭССЭНЭЭС БОЛООД, ЗУУХАА БУЦААД ОРУУЛЧИХСАН
Иргэн Б.Саран: Би сардаа гар дээрээ 817 мянган төгрөгийн цалин авдаг. Цалингаасаа тог, интернэт, утасны төлбөрөө төлөөд 2000 төгрөгтэй үлдсэн. Цахилгааны тарифын нэмэгдэл маш хүнд тусаж байгаа. 200 мянга гаруй төгрөгөөр нэмэгдэж байгаа юм чинь аргагүй шүү дээ. Залуу хүний хувьд, манайх ядаж яндангаа буулгахад, дараа нь өөр айлууд манайхаас жишиг аваад яндангаа буулгах байх гэж бодсон. Одоо харин цахилгааны төлбөр нэмэгдээд ирэхээр, ямар ч айл цахилгаанаар халаахыг бодохгүй болов уу л гэж бодож байна. Бид уг нь ноднин бүтэн жил цахилгаанаар халаасан. Энэ жил цахилгааны төлбөр ихэссэнээс болоод, зуухаа буцаад оруулчихсан байгаа.
УТААГҮЙ ЗУУХ ТАРААХ НЬ ШИЙДЭЛ БИШ
Иргэн Ц.Чимэг: Цахилгааныхаа үнийг бууруулдаггүй юм аа гэхэд цахигаан халаалттай айл өрхдөө дэмжлэг үзүүлээсэй гэж бодож байна. Тогны мөнгө сард 400 мянган төгрөг гарч байна. Ингээд шөнийн тарифаар 100 мянган төгрөг хөнгөлөөд 300 мянган гаруй төгрөг төлдөг. Дөрвөн хүүхэдтэй манайх шиг айлд энэ мөнгө дарамт болох нь тодорхой. Гэхдээ хүүдүүдээ үнс нурманд хордуулж байснаас энэ шийдэл зөв. Төрөөс цахилгааны үнээ бууруулчих юм бол хүн бүр л тень хэрэглэнэ. Агаар ч гэсэн өөр болно шүү дээ. Гал түлэхээр агаарын бохирдол ямар болдог билээ. Хүмүүс мэдэж байгаа. Одоо утаагүй зуух тараах гээд л яриад байна. Энэ шийдэл биш. Тэр мөнгөө эрчим хүчний салбар луу явуулаад, цахилгаан станц барихад нэмэрлэх хэрэгтэй. Утааны асуудлыг гал түлэхгүйгээр халаалтаар шийдэж болно.
Иргэн Н.Батаа: Манайх ноднингоос цахилгаанаар халааж байгаа. Бид таван ханатай гэрт амьдардаг. Цахилгааны мөнгө нэмэгдээд төлбөр нь 220-240 мянган төгрөгийн хооронд гарч байна. Ингэхээр санхүүгийн ачаалал илт нэмэгдэж байгаа юм. Нэг жилийн дотор хоёр дахин их төлбөр өгнө гэж юу байх вэ.
Иргэн Б.Саран: Цахилгаанаар гэрээ халаах нь тансаг хэрэглээ гэхээс илүү залуу гэр бүлээ дэмжсэн ажил болох болов уу гэж бодож байна. Гадаа гарч ирээд утаатай. Гэртээ орж ирээд дахиад утаа. Халаалттай байх юм бол өөр шүү дээ. Тортгоор жишээ авахад, тавилга дээр тэгж их тогтож байхад, хүүхдийн уушгинд яаж нөлөөлөх бол. Тэгэхээр тансаг хэрэглээ бол биш. Утааны асуудлаа шийдэж чадахгүй байж, цахилгааны төлбөрийг нэмж байгаа нь бидний эсрэг ажил хийгээд байгаа юм шиг санагдаж байна. Үнэхээр цахилгааныхаа үнийг нэмэхгүй бол болохгүй байгаа бол цахилгаанаар халдаг айлуудаа ядаж дэмжээд өгөх хэрэгтэй шүү дээ гэлээ.