Энэ сарын 10-12-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд жүдо бөхийн 2025 оны УАШТ-ийг зохион байгуулж буй. Энэ жилийн улсын аваргад оролцож буй тамирчдын 60-70 хувь нь шинэ залуус байгааг жүдо бөхийн ахмад мастерууд онцолж байна.
Бид тэмцээний үеэр одоогоос есөн жилийн өмнө буюу 2015 онд Казахстан улсын иргэн болсон Монголын жүдоч Г.Отгонцэцэгтэй ярилцлаа. Түүний хувьд Монгол улсын иргэншлээ сэргээх хүсэлтээ шинэ оны өмнө гаргаад байгаа билээ.
Тэрбээр, өнгөрсөн хугацаанд Казахстаны нэр дээрээс барилдан “Рио 2016” олимпын хүрэл, ДАШТ-ий хошой /2017, 2018/ хүрэл медаль, Ази тивийн аварга болж, тус улсын эмэгтэй жүдогийн бүх л анхдагч том амжилтуудыг гарган, тус улсын гавьяат тамирчин нь болсон юм.
Г.Отгонцэцэг тухайн үед дэлхийн аварга, МУХБ, МУГТ М.Уранцэцэгтэй жин давхацсаны улмаас Казахстан улсын иргэн болж байсан билээ. Тэгвэл Г.Отгонцэцэг 2024 оны төгсгөлд болсон жүдо бөхийн жин бүрийн шилдэг зургаан тамирчны цуврал тэмцээнд түрүүлжээ.
Г.Отгонцэцэгийг Монгол улсынхаа иргэншлийг сэргээх шийдвэрт Казахстаны зарим иргэд дургүйцэлтэй хүлээж авчээ
-Сайн байна уу? Өөрийн тань хувьд Монголынхоо иргэншлийг солиулах хүсэлтээ өгсөн. Энэ талаар тодруулна уу?
-Сайн байна уу. Ойрын үед иргэншлийн асуудлаас болоод сошиалаар маш их мэдээллүүд явагдаж байгаа. Мөн бас Казахстан улсад ч гэсэн энэ талаар мэдээллүүд нэлээд их гарч байгаа. Сүүлийн хэд хоног Казахстан улсынхаа иргэншлээс татгалзжээ. Монгол улсын иргэншлээ авахаар болж байгаа юм байна гэсэн мэдээ, мэдээлэл түлхүү тус улсад гарч байна.
Казахстан улсын жүдо бөх дэмжигчдийн зүгээс зарим нь бол нэлээн дургүйцэлтэй, зарим нь бол бидэнд өгөх ёстой өгөөжөө хангалттай өгсөн, легионер тамирчны үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Тийм учраас эх орондоо очих нь зөв өө гэж байгаа.
Зарим нь болохоор Казахстан улсын мөнгөөр гадагшаа дотогшоо зөндөө тэмцээн уралдаанд явж, олон хүүхдүүдийн боломжийг хаачихаад гэдэг ч юмуу тийм сөрөг мэдээллүүд бас байгаа. Хүн хүний харах өнцөг өөр болохоор заавал тэрэн дээр хүн болгонд ойлгуулаад байх бас тийм шаардлага байхгүй.
-Казахстан улсын талд Монголынхоо иргэншлийг сэргээх гэж буйгаа албан ёсоор мэдэгдсэн үү?
-Казахстаны талд албан ёсны мэдээлэл би өөрөө өгөөгүй, энд эхлээд Монголд энэ талаар мэдээ гарсан. Иргэншлээ авах хүсэлтээ өгсөн байна гэсэн агуулгатай. Тэр мэдээллүүдийг Казахстанууд маань өөрсдөө орчуулаад л, тэгээд холиод л, нэмж давслаад янз бүрийн мэдээллүүд тавигдсан байналээ. Яг албан ёсны мэдээллээ би Казахстан улс руу өгөөгүй байгаа.
Спортоос зодог тайлсны дараа тамирчныг хүндхэн цаг үе угтдаг
-Спортод тэр дундаа эмэгтэй тамирчдын хувьд спортоос зодог тайлсны дараах нийгмийн амьдрал бүүр хойшоо шидэгдчихсэн байдаг. Өөрөөр хэлбэл эмэгтэй тамирчид амьдралынхаа бүх л үнэтэй цаг мөч, сурч боловсрол, гэр бүл төлөвлөлт гээд өөрийн нийгмийн замналаа гээчихсэн байдаг. Харин үүнийг спортоосоо зодог тайлах мөчид ухрааж болохгүй цаг хугацаа, алдагдсан өдрүүд тэдэнтэй нүүр тулж, сэтгэл зүйн хүндхэн бодит байдалтай нүүр тулдаг нь гашуун үнэн?
-Мэдээж тамирчин хүмүүсийн хувьд болохоор спортын дараах амьдрал маш хүндээр эхэлдэг гэсэн үг. Яагаад гэхээр бага наснаасаа эхлээд спортод бүх л цаг заваа зарцуулж байтал 27, 28-тай ч юмуу, 30 нас хүрээд зодог тайлахад, гэр бүл зохиоход хүртэл олон нийтийн дунд ч юмуу ажил төрөл хийхэд маш олон хүндрэлүүд гардаг.
Дээрээс нь мэргэжлийн тамирчин байх хугацаандаа боловсролдоо тамирчин хүн ялангуяа цаг бага зарцуулдаг учраас ахиж сурах зэрэг маш олон зүйлээс хоцорсон байдаг. Ийм учраас шинэ карьер эхлүүлэхэд нэлээн асуудалтай байдаг. Тийм болохоор одоо ерөнхийдөө би клубынхээ үйл ажиллагааг явуулахдаа хүүхдүүдийг аль болох хичээл номноос нь хоцроохгүй, тэрэнтэй нь уялдуулж, энэ спортод чи дуртай байж болно, хичээллэж болно. Гэхдээ дараа нь спортын дараах амьдрал байгаа учраас хичээл номыг хэзээ ч орхигдуулж ерөөсөө болохгүй гэдэг шаардлагыг тавиад ээж, аав нартайгаа хамтраад ажиллаж байгаа.
Г.Отгонцэцэг: Залуу дүү нартаа боломж олгох зорилгоор улсын аваргын татамид зодоглоогүй
-Таны хувьд 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд зодоглоно гэсэн мэдээлэл байсан. Яагаад оролцохгүй шийдвэрийг гаргав?
-Монгол улсаа төлөөлөн тэмцээн уралдаанд оролцох бодол байхгүй. Залуу дүү нар маань нэлээд хүчтэй гараад ирсэн учраас би дараагийн бяцхан хүүхдүүдийг бэлтгэх ажилдаа илүү түлхүү анхаараад явж байгаа. Жүдо бөхийн “Winner” нэртэй клубыг нээн ажиллуулаад, энэ төрөлд дараа дараагийн залгамж халааг бэлтгээд явж байна даа.
-Оны өмнөхөн дотоодын “Топ-6” тэмцээнд амжилттай оролцсон. Цаашдаа дасгалжуулагчийн ажилдаа илүү нямбай анхаарахнээ?
-Миний хувьд улсын аварга шалгаруулах тэмцээнээс өмнө хоёр тэмцээнд оролцсон. Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломж байсан. Гэхдээ энэ тэмцээнээр залуу тамирчид маань ирэх жилийнхээ тэмцээн уралдаан бүх зүйлээ төлөвлөдөг. Тэр тэмцээнд явах эрхээ авдаг учраас бас дүү нарынхаа боломжийг хаахгүй, дүү нараа дэмжээд, гадна талаас нь хэн яаж барилдаж байна, тэр талаас нь гадна талаас нь дүгнээд өөрийнхөө бэлтгэж байгаа тамирчдаа оролцууллаа.
-2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд шинэ залуу тамирчид түлхүү гарч ирж байна даа. Мэдээж дараагийн олимпын цикл эхэлж буйтай холбоотой байх?
-Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн маань 2028 оны олимпын шинэ циклийн хамгийн эхний улсын аварга шалгаруулах өрсөлдөөн болж байгаа. Энэ тэмцээнд маш олон шинэ залуу тамирчид гарч ирж байна.
2028 оны “Лос Анжелес”-ийн олимпт өрсөлдөх гол өрсөлдөөн энэ тэмцээн дээр явагдаж байна гэж харж байгаа. Мөн шигшээ багийнхаа ах эгч нартай хүчтэй өрсөлдөөнийг өрнүүлж, сонирхолтой барилдаанууд, үзэгчдийг шуугиулсан барилдаанууд маш их гарч байна.
-Цаг цагийн шилдэг тамирчид өөрсдөө жүдо бөхийн клуб байгуулаад идэвхтэй ажиллаж байгааг ахмадууд сайшааж байна. Таны хувьд клубээ нээгээд хэр хугацаанд залгамж халаагаа бэлтгэж байна вэ?
-2021 оны Токиогийн олимпоос хойш олон улсын тэмцээн уралдаанд оролцоогүй. Албан ёсоор зодог тайлах мэдээллүүд маань гарсан. Түүнээс хойш 2022 оны 2 дугаар сараас эхлэн өөрийнхөө клубыг байгуулаад өсвөр насны хүүхдүүдтэй ажиллаад явж байна. Гурван жилийн дараа сая өөрөө тэмцээнд оролцсон байгаа.
Ярилцсанд баярлалаа.