Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Бүгд Найрамдах Франц Улсад бүртгэлтэй “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг өнгөрөгч баасан гарагт хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжиж баталсан. Ингэснээр дээрх хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт өгсөн юм.
26 жилийн турш гацаанд байсан ураны энэхүү төсөл, хөрөнгө оруулалтын гэрээний асуудал ийнхүү урагшилж зөвхөн уран олборлох төдий бус Монгол Улс дэлхий дахин, Олон улсын харилцаанд нэр хүндээ гарган, баталгаажуулсан үйл явдал боллоо. Цаашлаад эрчим хүчний эх үүсвэрээ хүрэн нүүрснээс татгалзан, ногоон эрчим хүчний үйлдвэрлэлд шилжиж буй евро бүсийн улс орнуудад уран экспортлох боломж нээгдсэн. Ингэхдээ ураны эрэлт өсөн нэмэгдэж буй “Алтан үе”-д уг төслийг эхлүүлэх нь манай улсад өндөр ашгийг авч ирэх юм.
Зөвхөн уран олборлох асуудлаар зогсохгүй цөмийн эрчим хүч, цөмийн эрчим хүчний станцтай болох эхлэл ийнхүү тавигдаж байгааг судлаачид, салбарын эрдэмтэд онцолж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас уг төслийн үр өгөөж, монголын талын хүртэх ашиг хийгээд АМНАТ зэргийн талаар тодрууллаа.
Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд
Дэлхий дахин уранаас гаргаж буй атомын эрчим хүчийг ногоон эрчим хүч гэж үзэж байна
“Дэлхий дээр бол Монгол Улс ураны нөөцөөрөө 10-т орж байгаа. Энэ нөөц маш хурдан нэмэгдэх боломжтой байгаа. Цөмийн эрчим хүч үйлдвэрлэж байгаа улсуудад өнөөдөр дэлхий дээр 440 ширхэг цөмийн реактор ажиллаж байгаа. Ямар нэгэн том, жижиг, дунд түвшнийх. Одоо баригдаж байгаа 63, ирээдүйд барихаар 90 реактор яригдаж байгаа.
Зах зээлийн чиг хандлага бол уранаас гаргаж байгаа атомын эрчим хүчийг олон улсад ногоон эрчим хүч гэж үзэх хандлага руу явж байгаа. Тэр нь хамгийн бага зардлаар, хамгийн бага хор хөнөөлтэйгөөр үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Ураны нийлүүлэлт жилээс жилд өсөж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэрэглээ өндөр байгаа гэсэн үг.
Зөөвч овоо ордоос жилд 2500 тонн уран олборлоно
Монгол Улс уран олборлолтоороо 5, 6-ын дунд орох боломжтой, энэ төсөл хэрэгжсэнээр. Энэ төсөл чинь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байгаа “Зөөвч овоо” гэдэг ерөнхий нэртэй боловч Зөөвч овоо, Дулаануул, Өмнөд гэсэн 3 орд нийлсэн орд газар байгаа. Жилдээ бид 2500 тонн ураны ислийг олборлох төлөвлөгөөтэй явж байгаа.
Гэрээтэй зэрэгцээд ТЭЗҮ-ийн асуудал явагдаж байгаа. Тэгэхээр жилдээ ямар ашиглалт хийж, хэдэн тонныг олборлох вэ гэдэг асуудал бий. Тэгэхээр 2500 тонн ураныг зөвхөн Орано майнингийн төслийн хүрээнд олборлоно гэдгийг хэлье.
Газрын доор уусган баяжуулна гэж байгаа юм. Энэ бол дэлхий дээр уран олборлолтын 60 орчим хувь нь энэ аргаар явж байгаа. Тэгэхээр газрын дээр бол ямар нэгэн асуудал явагдахгүй.
2027 он хүртэлх хугацаанд бэлтгэл ажлаа хийгээд 2028 оноосоо бид нар бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд эхэлнэ. 33 жил ашиглана. Дээр нь 10 жилийн нөхөн сэргээлттэй, ингээд 2070 он хүртэл хэрэгжих төсөл байгаа юм.
Ордыг ашигласнаар төсвийн орлого жилдээ 134 сая ам.доллароор нэмэгдэхээр, хуримтлалын санд 18 сая ам.доллар жилдээ, дээрээс нь 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, түүний дагуу 2014 онд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Уул уурхайн бүтээгдэхүүний нийт өгөөжийн дийлэнх нь ард түмэнд оногдоно буюу 51%-ийг хангуулах дээр хийгдэж байгаа анхны гэрээ байгаа.
34%-иасаа татгалзаад давуу эрхийн 10% болгоод гурван төрлийн АМНАТ-өөр 51%-ийн ашиг авна
За энэ төсөл хэрэгжих 30 гаран жилийн хугацаанд бид нар 5,1 тэрбум ам.доллар Монгол Улсад орж ирэх ийм тооцоололтой төсөл байгаа. 51%-ийн өгөөжийг манайд хангуулахын төлөө нэлээн олон асуудлуудыг хийж байгаа. Өөрөөр хэлбэл энэ гэрээ хэрэгжсэнээр нийт ашиг гэж байдаг бол тэрний 51% нь яаж Монголд үлдэх вэ? гэж… Оюу толгойн гэрээг би яагаад дурдсан гэхлээр, бид нар 34%-аа авна аа гэж сууж байгаад, мэдлэггүй ч юм уу, тухайн үеийн туршлагагүйгээсээ болж 34 хувьдаа ногдох хөрөнгө оруулалтаа маш өндөр хувийн хүүтэй зээлээд, тэрэндээ л алуулж байгаа улс байхгүй юу. Тэгэхээр бид нар 34 хувиасаа татгалзаад давуу эрхийн 10% руу аваачъя. Түүнийгээ харин тусгай АМНАТ-аар солиод энэ 51% рүүгээ хүрэхэд ашиглаж байгаа ийм л асуудал байгаа.
АМНАТ өөрөө 3 төрөл, суурь АМНАТ, тусгай АМНАТ, өсөн нэмэгдэх АМНАТ. Бид энэ гурвууланг нь энэ гэрээн дээр авна. Үндсэн АМНАТ бол тогтмол 5%, тусгай АМНАТ-ыг бид нар Францтай энэ гэрээн дээр 5%-иар тохирсон. Ер нь бол хуульдаа бид нар хязгааргүйгээр Засгийн газар энэ АМНАТ-ын хувийг тогтоогоод УИХ эцэслэн баталдгаар хуульд өөрчлөлт орлоо. Өсөн нэмэгдэх АМНАТ бол 0-9%. Энэ гэрээн дээр бид нар үнийн хэлбэлзлээс шалтгаалаад АМНАТ нэмэгдэхээр хийж өгч байгаа.
Яг өнөөдрийн байдлаар 80 орчим ам.долларын үнэтэй нэг паунд уран 80 ам.доллароор зарагдаж байгаа үед 14%-ийн АМНАТ авах нөхцөлтэй байгаа. Ирээдүйд шар нунтгийн эрэлт маш их байгаа учраас энэ үнэ бол ойролцоогоор 130-140 ам.долларт ойрын 5-10 жилдээ хүрэх төлөв байгаа гэдгийг хэлчихье.”