Гашуун яриа нэвтрүүлгийн ээлжит дугаарт Alaga&Nyamka контент бүтээгч багийн гишүүн, жүжигчин Э.Дорждэрэмтэй ярилцлаа. Аав ээжээсээ хойш ахтайгаа хоёулхнаа хорвоод үлдсэн тэр, “хүн олон хүүхэдтэй байх ёстой юм билээ. Үүнийг яс махандаа тултал ойлгосон” хэмээн хуучиллаа. Учир нь тэрээр ээжийгээ өөд болсноос хойш хүний асаргаанд орсон аавыгаа харж хандах хариуцлагыг ганцаараа дааж, давсан юм. Түүний өнгөрсөн хугацаанд үзэж туулсан амьдрал хийгээд, ирээдүйд ямар зорилго төлөвлөгөөтэй байгаа талаар ярилцлаа.
АХТАЙ ХОЁУЛХНАА ХОРВООД ҮЛДСЭН. ХҮН ОЛОН ХҮҮХЭДТЭЙ БАЙВАЛ САЙН ЮМ БИЛЭЭ
-Ярилцах санал хүлээн авсанд баярлалаа. Таны хүүхэд нас хаана, хэрхэн өнгөрсөн талаар ярилцлагаа эхлэе.
-Урьсанд баярлалаа. Намайг Энэбишийн Дорждэрэм гэдэг. Сүхбаатар аймгийн уугуул хүүхэд. Арван жилээ төгстлөө аймагтаа өсөж торнисон. Би эхээс хоёулхнаа. Нэг төрсөн ахтай юм. Манай ээж 2015 онд өөд болсон. Аав маань удалгүй гурван жилийн дараа өөд болсон. Ингээд ахтайгаа хоёулаа л энэ хорвоод үлдсэн дээ. Хүн ер нь олон хүүхэдтэй байх ёстой юм билээ. Ялангуяа эмэгтэй дүү, эгч ч юм уу.
-Та яагаад ингэж бодох болсон бэ? Хоёулхнаа ганцаардсан хэрэг үү?
-Ээж маань явсан. Аавыг асрах хүн байгаагүй ээ. Яах ч аргагүй асуудалтай тулсан нүүр тулсан юм. Тэгэхэд аавыгаа хараад их өрөвдөж билээ. Мэдээж маш их асаргаа хэрэгтэй шүү дээ. Өтгөн шингэнийг нь цэвэрлэх, хоол цайг нь дөхүүлэх гээд л. Тэгэхэд л би их ганцаардсан. Ах маань уг байсан л даа. Одоо бол миний ах сайхан амьдарч байгаа. Гэхдээ тухайн үед бол… Ахыгаа муу ярих гээд яах вэ. Сархад жаахан хүртдэг байсан. Олдохгүй шүү дээ. Тэгээд л тус болох нь ч хол байсан. Би өөрөө ажлаа хийж эхнэр хүүхдээ халамжлах ёстой, дээр нь аавыгаа асрах гээд хүнд үеийг туулаад гарсан даа.
БИ ГАНЦААРАА ЗОВООГҮЙ ЭЭ. БҮГД Л ТУУЛДАГ
-Нэг талдаа хүнд үе байсан боловч, та аавынхаа ачийг жаахан ч болов хариулсан болов уу?
-Баярламаар гэх юм бол аавтайгаа хамт байсан шүү дээ. Яг бурхан болтол нь цуг байсан. Ээж дээр бол тийм байгаагүй. Манай ээж гэнэт л явсан. Аавтайгаа их зүйлийг ярьдаг байж билээ. Чихэнд нь шивнээд л, “Аав аа би ингэнэ тэгнэ. Ийм жүжигчин болно” гээд л. Аав минь хөөрхий толгой дохиод л, инээдэг байдаг сан. Баярламаар зүйл нь аавыгаа өөд болохоос өмнө хангалттай ярилцаад амжсан. Түүгээрээ л сэтгэл жаахан ч гэсэн өег байдаг юм.
-Хүн хэдий том болсон ч аав ээжийгээ санахгүй дурсахгүй байна гэж ховор байх. Тийм үү?
-Одоо бол үнэнтэй эвлэрнэ. Нас биед хүрчихсэн шүү дээ. Энэ бол хорвоогийн жам юм байна. Эвлэрэхээс өөр аргагүй. Амьдрал тэгээд л заагаад өгдөг юм билээ. Би ганцаараа зовоогүй шүү дээ. Хүн болгон үүнийг мэдэрнэ. Одоо бодоход хамгийн аз жаргалтай үе тэр л байсан байгаа юм. Цуг хоол идэж, юм яриад л. Тухайн үед энэ бол нэг их аз жаргал биш шүү дээ. Гараад л тоглох, наргиж цэнгэх гээд л явчихна. Тэрийг хүн алдсан хойноо ойлгодог.
ГЭР БАРИАД Ч ХАМААГҮЙ ТУСДАА ГАРАХ ХЭРЭГТЭЙ
-Хоёулхнаа их ганцаарддаг тухай та ярилаа. Өөрөө хоёр хүүхэдтэй шүү дээ. Хэзээ дахиад хүүхэдтэй болохоор төлөвлөж байна вэ?
Эхний ээлжид орох оронтой болчихвол, 3,4 дэх хүүхдээ гаргах байх. Би хадмындаа 13-14 жил амьдарсан юм билээ. Энэ хооронд өөрийн гэсэн гэртэй болох гээд тэмцээд л явж байгаа шүү дээ. Хадмынд амьдарна гэдэг нэг их таатай биш. Хадмындаа амьдардаг хүмүүс мэдэж байгаа байх аа. Хүн ер нь яаж ч байсан Долоон буудалд ч бай, Дэнжийн мянгад ч бай нэг хашаанд заавал тусдаа гарах ёстой юм билээ. Таван ханатай гэр бариад ч хамаагүй. Би уг нь тусдаа гарах гээд байгаа юм. Байр захиалчихсан л байгаа. Даанч нөгөө газар маань алга болсон. Бүр утсаа ч авахаа байсан. Одоо харин дараагийн шат руугаа л орж байна.
Би 2018 оноос хойш жүжигчнээрээ ажиллаад өдийг хүрлээ. Мөнгө олж болох юу байна түүнийг хийдэг байсан. Барилга, дуудлагын жолооч, вакум цонхны үйлдвэрт гээд хийхгүй ажил байгаагүй. Бараг долоон жил энэ байдалтай явсан юм байна. Манай нэг найз хэлж байсан юм. “Чи хүний доор 50 жил ажилласнаас өөрийнхөө төлөө таван жил ажиллаад үз” гэж. Тэр үг их хөшүүрэг болж байсан.
КИНО ТЕАТРААС ИНЭЭХГҮЙ ГАРВАЛ БИДНИЙГ ИРЖ АЛГАДААРАЙ
-Сая нээлтээ хийсэн Homies 2 УСК-ныхоо талаар яриач?
-Би анх удаа Ерөнхий найруулагчаар ажилласан. Хүнд нэг юм ойлгуулж ухааруулах гээд байсан зүйл байхгүй. Зүгээр л инээдмийн кино. Угаасаа нийгэм өөрөө стресстэй байгаа. Урлагтай урлаггүй энэ стрессийг ард түмэн мэдэж байгаа. Түүн дээр нь бид стресс нэмээд яах вэ л гэж бодсон юм. Харин стрессийг тайлъя гэж зорьсон. Учиргүй таг хоосон байх нь ч хаашаа юм. Манай кинонд ерөнхий том ганц л агуулга байгаа. Тоглож болохгүй тоглоомоороо битгий тоглоорой. Аюултай байдаг юм шүү гэх. Түүнээс биш ухааруулж, юм бодуулаад байсан юм байхгүй. Инээх баталгааг бид 100 хувь өгнө. Кино театраас инээхгүй гарвал биднийг ирж алгадаарай.
-Ярилцсанд баярлалаа.