Нуруу, амьсгал, нүдний харц гурав хүнийг бүрэн илэрхийлж байдаг талаар “Каrma Yoga”-ын багш Ч.Гэрэлцэцэг хэлж байна. Бид түүнтэй иогоор хичээллэхийн тулд зайлшгүй мэдэх ёстой зүйлсийн талаар цөөн хором ярилцлаа.
Тэрээр, “Таны бие организмын хэвшил ямар байгаа нь нурууны байрлалаас хамаарна. Таны сэтгэл санаа тогтвортой байгаа эсэх нь амьсгалаар харагдаж байгаа юм. Дээрээс нь бидний жинхэнэ би буюу дотоод мэдрэмж харцаар илэрхийлэгддэг. Иогийн үндсэн өгөгдөл нь амьсгал. Амьсгал, нурууны байрлал зөв байж энэ нь жинхэнэ цогц дасгал болно. Бид бүгдээрээ өөр өөр мэргэжилтэй. Өөр өөр газар төрсөн. Өөр өөр өгөгдөлтэй байж болно. Гэхдээ бид нэг л үндсэн хэрэгцээтэй. Тэр нь юу гэхээр амгалан, сэтгэл хангалуун байх. Үүнийг олох гээд бидний анхаарал хэтэрхий гадагшаа чиглэлтэй байдаг. Сурах гээд, диплом олж авах гээд, амьдралын янз бүрийн шат руу тэмүүлж бүх анхаарал, чадвар, боломжоо гадагшаа чиглүүлдэг. Тэгэхээр иогийн үндсэн агуулга юу гэхээр, дасгал хөдөлгөөнийг зөвхөн биеэр хийх биш түүнийг дандаа амьсгалтай хослуулах явдал. Үе мөч, эд эрхтэн, сэтгэл зүйн асуудалтай ямар ч хүн хичээллэж болно. Хамгийн гол нь эхлээд өөрийгөө хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгж байж асуудал дээрээ төвлөрнө.
МАЙГА ХӨЛ МААНЬ ИОГООР ХИЧЭЭЛЛЭСНИЙ ҮР ДҮНД ТЭГШИРСЭН
Иог бясалгал ясны бүтцэд хүртэл нөлөөлдөг. Би их олон жил майга хөлтэй явсан. Гэтэл 50 гарсан миний ясны бүтцэд одоо нөлөөлж, хөл минь тэгширч байгаа. Ясаа гоё байлгах гэхээс илүү мэдэрч хийсний үр дүнд үнэхээр өөрчлөлт ирж байгаа юм. Үүнийг бид амьсгалаараа удирдана” гэв.