Эдийн засаг сайжирлаа, таван хувиар өслөө гэх мэдээллийг эрх баригчид хэлж буй ч, иргэдийн амжиргааны түвшин улам бүр доройтсоор байгааг тэд хэллээ. Бид эдийн засгийн өсөлт яагаад хүртээмжгүй байгаа талаар эдийн засагч А.Батпүрэвээс тодруулсан юм. Тэр бодлогын өөрчлөлт хийхгүй бол эдийн засгийн өсөлт үр өгөөжөө иргэдэд үзүүлэхгүй талаар онцоллоо.
Энэ талаар иргэд ярихдаа…
- Дөрөвхөн ширхэг чинжүү, өргөст хэмх, майонез гээд хоёрхон жижиг тортой зүйл авахад л 30 мянган төгрөг болж байна. Амьдрал улам дордоод байна шүү дээ. 300 мянган төгрөгт сар идэх махаа авдаг байсан бол тэгж авч чадахаа байсан.
- Өөрсдийнх нь амьдрал л сайжирч байгаа болохоор, ард түмний амьдрал сайжирч байна гэж бодоод байх шиг байна. Бодит байдал дээр ард түмний амьдрал үгээгүй доройтож байна.
- Барааны үнэ нэмэгдсэн болохоор хүмүүсийн амьдрал доошоо л яваад байна. Бэлэн ам л яриад байгаа болохоос биш амьдрал дээр тийм зүйл байхгүй.
Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны төгсөлд мэдээлэхдээ, эдийн засгийн өсөлт иргэдийн амжиргаанд нөлөөлөх цаг нь болсон. Айл өрхүүд эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг 2024 онд бүрэн мэдэрнэ гэж байсан ч, бодит байдал болж эс чадав. Асуудлын талаар эдийн засагч А.Батпүрэв дараах байр суурийг илэрхийлэв.
ХАЛАМЖ ХАВТГАЙРСАН НӨХЦӨЛД ИРГЭД ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ ХҮРТЭХГҮЙ
Тэрээр, “Эдийн засгийн өсөлт монголын нөхцөлд хүртээмжтэй биш байна. Хүртээмжтэй байдал гэдэг бол цаг хугацааны явцад, эхлээд макро эдийн засаг нь өсчихөөд, жаахан байж байгаад ард түмний амьдралд нөлөөлдөг гэдэг ойлголт байхгүй. Төр буюу төсөв рүү энэ мөнгө орж ирчхээд, буцаад, эдийн засаг, айл өрхөд оновчтой хуваарилагдаж чадахгүй байна. Манайхан төсвөөр дамжуулж бүх асуудлыг улс шийдэх гээд байгаа юм шиг арга барилаар хандаж ирсэн. Халамж их өгөөд байвал орлогын хуваарилалт шударга, тэгш болчих юм шиг байдлаар хандаж ирсэн гэсэн үг. Сүүлд Дэлхийн банкнаас хийсэн судалгаа байгаа. Төсвийн тэлэлтээс дундаж давхарга эндээс огт хожоогүй байна. Яагаад гэвэл бодит орлого нь өсөөгүй байна. Ядуу буюу доод давхаргын өрхүүдэд энэ нь үр дүнгээ өгсөн юм билээ. Тэднийг тэжээгээд л байсан. Тэгэхдээ хэзээ ч амьдралыг нь дээшлүүлээгүй гэдэг дүгнэлт хийсэн. Монголын эдийн засаг өнөөдрийн бүтцээрээ, өнөөгийн төсөв дагасан бодлогоороо яваад байх юм бол хэдэн ч хувиар эдийн засаг өссөн хүмүүсийн амьдралд бодит өөрчлөлт гарахгүй” гэв.