
Нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 450 мянган төгрөгөөс их торгуультай иргэдийг өдрийн 15 мянган төгрөгөөр тооцон албадан ажил хийлгэхээр болсон байна. Харин торгуулиа төлөх хугацаа нь хэтэрсэн 450 мянган төгрөгөөс бага торгуультай иргэний тээврийн хэрэгслийг журамлаж торгуулиа төлж дууссаны дараа буцаан олгохоор журамд заажээ.

Д.Ганхуяг ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад
-Жолооч 450 мянган төгрөгөөс дээш торгуультай бол албадан ажил хийлгэнэ гэсэн журам гарсан. 450 мянган төгрөгөөс дээш торгуультай олон жолооч байгаа байх. Энэ жолооч нарыг яаж илрүүлээд ямар арга хэмжээ авах вэ?
-Монгол улсын зөрчлийн тухай хууль болон зөрчлийг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Торгуулийн хэмжээ 450 мянгаас дээш гарсан байх юм бол цагдаагийн байгууллагаас эрх бүхий албан тушаалтан шүүх рүү шилжүүлнэ. Шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаад шүүхээр шийдвэрлэхдээ тухайн иргэнийг нийтэд тустай ажил хийлгэх шийдвэр гаргана гэсэн үг. Нийтэд тустай ажил хийлгэх шийдвэр гарсны дараа би торгуулиа төлье өө гэхээр хүлээж авахгүй гэсэн үг. Заавал нийтэд тустай ажил хийлгэнэ. Нийтэд тустай ажлыг өдрийн 15 нэгж буюу 15 мянган төгрөг байхаар өдрийн найман цагаар насны хязгаарыг 18 наснаас эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 насны хооронд байхаар ингэж зохицуулж өгсөн байгаа.
-Өдрийн 15 мянган төгрөг гэхээр 30 хоногийн албадан ажил хийнэ гэсэн үг үү?
-450 мянган төгрөгийн торгуультай бол 30 хоног нийтэд тустай ажил хийнэ гэсэн үг.
-Тухайн жолоочийн торгуулийн хэмжээ 450 мянган төгрөгөөс бага тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Журам ёсоор бол 450 мянга хүртэлх торгуультай, замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд, зөрчлийн тухай хуулиар торгууль авсан жолооч хуулийн хугацаанд буюу 15 хоногийн хугацаанд төлсөн бол 50 хувиар хөнгөлөөд, 16 дах хоногоос эхлээд графикаар 50 хүртэл хувиар нэмэгдэхээр мөн тусгаж өгсөн байгаа. Дээрээс нь хуулийн хугацаанд сайн дураараа торгуулиа төлөөгүй тохиолдолд төрийн зарим үйлчилгээнүүдийг авах эрх нь хязгаарлагдаад эхэлж байгаа. Жолоодох эрхийн үнэмлэх авах, ангилал даруулах, ангилал нэмүүлэх, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрхүүд хязгаарлагдахаас гадна гудамж, замын хөдөлгөөнд цагдаагийн алба хаагч илрүүлсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг журамлаад тухайн иргэнийг торгуулиа төлж дууссаны дараа тээврийн хэрэгслийг буцааж олгохоор мөн тусгаж өгсөн байна.


ТОРГУУЛЬГҮЙ ХҮН ХОВОР ШҮҮ ДЭЭ
-Таны автомашин одоо хэдэн төгрөгийн торгуультай байгаа вэ?
-Ямар ч байсан 200 мянган төгрөг байгаа. Ажлынхаа завсар зайгаар ойр зуурын бараа зөөгөөд таван цаас олоод торгуулиа төлчихье гэж бодох л юм. Замын түгжрэлээс болоод сайн явж чадахгүй байна. Одоо торгуульгүй хүн ховор байлгүй дээ. Тэр бүрд машиныг нь журамлаж, албадан ажил хийлгэнэ гэвэл бүтэхгүй л байх.


ТОРГУУЛИА ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСЭЭР АЛБАДАН АЖИЛ ХИЙЛГҮҮЛЭХ НЬ ЗӨВ
-450 мянган төгрөгөөс дээш торгуультай тохиолдолд албадан ажил хийлгэн гэсэн журам гарсан.Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Торгууль төлөөсийг төлөх нь зүйтэй. Торгуулиа цаг тухайд нь төлөөд явдаг хүмүүс байхад торгуулиа төлөхгүй хураагаад явж байдаг хүмүүс зөндөө байгаа. Энэ журам бол шударга, боломжийн санагдаж байна. Нэг хэсэг нь торгуулиа төлөхгүй явж байгаад бидний татварын мөнгөөр тэглүүлээд л өнгөрдөг. Ийм шударга бус үүсэж байсан учир албадан ажил хийлгүүлэх нь зөв гэж бодож байна.


-Хэрвээ үнэхээр журам нь хэрэгжээд эхэлчихсэн юм бол торгуулиа төлж чадахгүй нь албадан ажлаа хийгээд л явах байх даа. Замын хөдөлгөөний дүрмээ зөрчөөд заасан хугацаанд нь торгуулиа төлөөгүй хойно.
-Таны хувьд одоо яг хэдэн төгрөгийн торгуультай байгаа вэ?
– Миний машины торгууль 150 мянган төгрөг хавьцаа байгаа


ДҮРЭМ ЗӨРЧСӨН ХҮН Л ТОРГУУЛЖ БАЙГАА УЧИР ЗӨВ ГЭЖ БОДОЖ БАЙНА
-450 мянган төгрөгөөс дээш торгуультай тохиолдолд албадан ажил хийлгэнэ гэсэн журам гарсан. Үүний талаар та ямар бодолтой байна вэ?
-Торгуулиа төлдөггүй хүмүүст арга хэмжээ авах нь зөв байх өө. Дүрэм зөрчдөг хүн л торгуулж байгаа шүү дээ.
-Танай хувьд одоогийн байдлаар хэдэн төгрөгийн торгуультай байна?
-Би торгуульгүй байгаа.
-Цаг тухайд нь төлөөд явдаг гэсэн үг үү?
-Би сүүлийн зургаан сар нэг л удаа нэгдүгээр эгнээгээр зорчсон гэж торгуулсан. Тэрийгээ төлчихсөн.