“Ажаад тоолоод үзээрэй, хүүхдүүд хоорондоо хэдхэн үгээр л ярьдаг. Үгийн сангүй болсон. Идээ гэхээр идээ гэж юуг хэлээд байгаа юм, цэгээ гэж юуг хэлээд байгаа юм гэдгийг мэдэхгүй. Ямар ч үгийн баялаггүй болчихсон” хэмээн ярих энэ хүн бол Монгол хэл, уран зохиолын багш Д.Даваажаргал.
Манай улсын тухайд боловсролын чанараа тодорхойлуулж, олон улсад аль түвшинд яваагаа мэдэхийн тулд 2022 онд Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ PISA-д хамрагдсан. Энэ үнэлгээгээр математик, байгалийн ухаан, унших чадварыг нь шалгадаг. Гэвч монгол сурагчид унших чадвар дээрээ хамгийн муу үнэлгээ авав. 81 орноос манай улс 65 дугаар байранд орж, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/ -ын дунджаас таван жилийн хоцрогдолтой, Азийн дунджаас 2.5 жилийн хоцрогдолтой гэж дүгнэгдсэн. Товчхондоо бол монгол хүүхдүүд эх хэлээрээ хоорондоо ярьж чадахгүй, нэгнийхээ ярьж байгааг ойлгохгүй, үгийн сан нь хэдхэн үгэн дотроо эргэлдэж байгаа манай боловсролын систем болохгүй байгаагийн тод жишээ, том дохио.
Бурууд эзэн олон. Гэхдээ сурах бичгийн агуулга хүүхдэд хүрч чадаж байна уу. Багш бэлтгэх тогтолцоо маань буруу байна уу. Эцэг, эхчүүд хүүхдүүддээ цаг гаргаж чадахгүй байна уу гээд ул сууриар нь ярилцах цаг иржээ.
Эхний цуврал дугаартаа бид эх хэлээрээ ярьж, монголоор бодож сэтгэдэг хүүхдийг хэрхэн “бүтээх” юм. Алдаа нь яг хаана байна гэдгийг ярих болно.
Дугаарын зочин :
- “Жангар” редакцын зураач, зохиолч Б.Төрмөнх
- Редактор З.Сувд-Эрдэнэ
- Редактор Б.Наранзул
СУРАХ БИЧИГ-НҮДҮҮР
З.Сувд-Эрдэнэ: PISA-гийн дүн монгол хүүхдүүд уншсанаа ойлгох, эргэцүүлж бичих, дүгнэх, өөрийгөө илэрхийлэх чадваргүйг байгааг бидэнд хэлж байна. Тэгэхээр бид одоо хандлага, сэтгэлгээгээ өөрчлөх цаг нь иржээ. Нэгдүгээр ангид нь хүүхдийг хурдан уншдаг болгох гээд минутын уншлага хийлгээд л “нүдчихдэг”. Уйлуулдаг цагаан толгой гээд л ярьцгаадаг даа.
Б.Наранзул: PISA-гийн дүн манайд одоо хэрэгжиж байгаа хөтөлбөр, сурах бичиг, сурагчдын чадварыг дүгнээд өгчихсөн гэсэн үг л дээ. Бид дотоодын судалгааг хараад, монголын сурах бичгийг гаднын орнуудын сурах бичигтэй харьцуулж үзсэн. Монголын сурах бичиг үнэхээр гологддог. Адаглаад, нэгдүгээр ангийн сурах бичигт зураг бол чимэглэл, эх бэлтгэлийн шийдэл биш агуулгын нэг хэлбэр болдог байх жишээний.
Б.Төрмөнх: Хүүхдэд ярих хэрэгцээ маш их бий. Гэвч манай боловсролын систем дээр ярилцах цаг байхгүй. Гэрт нь ч тийм нөхцөл байхгүй. Миний хэлний хязгаар бол миний ертөнцийн хязгаар гэж үг бий. Дөнгөж зургаан настай хүүхдүүд бол зургаар агуулгыг уншина. Сурах бичиг дахь зургуудаар дамжуулан хүүхэд гоо зүй, ёс зүй, харилцаа, хандлагын олон зүйлийг олж таних, авах ёстой. Гэвч манай сурах бичигт зургаар илэрхийлсэн агуулга хомс.
Гаднын сурах бичгийг харахаар 60-70 хувийг нь зураг, чимэглэл эзэлдэг. Тэгэхээр бид илүү нухацтай хандаж, үсгийг уншиж чадахгүй байгаа хүүхдүүдэд зургаар юу хэлж чадах юм бэ гэдэгт анхаарах ёстой юм болов уу гэж боддог.
Манай улс яагаад байна вэ гэхээр, сурах бичигтээ малчны амьдрал ахуй, соёлын хүнд үг хэллэг, бахархалт үйл явдлуудыг багтааж шингээдэг. 21-р зууны зургаан настай хүүхдийг 2000 жилийн өмнөх монгол хүн болгох гэж байгаа юм шиг л ийн ойлгохгүй хүнд үгнүүд тулгадаг. Тийм агуулга бүхий эхийг сурах бичигтээ оруулдаг. Ингэж байж чи зөв монгол хүн болно оо гэж эрмэлздэг. Энэ нь хүүхдэд жаахан дарамттай л…
Хүмүүс зөрүүд мал руу чулуу аваад шиддэг дээ. Дэлхий боловсролын асуудал ярьж байхад бид дангааршил, мал аж ахуй яриад байхаар зөрүүд мал шиг л санагдаж байгаа юм л даа.
ТҮГЖЭЭТЭЙ АГУУЛАХ
Б.Наранзул: Энэ үед бидний хийж чадах ганцхан зүйл бол хүүхэд бүрд улсын бодлогоор хүрч байгаа сурах бичгийн агуулгыг л сайжруулах. Сургуулийн чанар, сургалтын хөтөлбөрийн чанар, багшийн чанар гээд бүгдийг нь хангаж чадахгүй байгаа тохиолдолд тэгвэл хэрхэх вэ. Ядаж сургуулийнхаа номын санг идэвхтэй, чанартай үйл ажиллагаатай явуулж чадах юм бол хүүхдүүдийн ерөнхий сурах чадвар дээшилж чаддаг гэсэн судалгаа бий.
Номын сан гэдэг миний багад түгжээтэй агуулах л байсан. Одоо ч тэр хэвээрээ.
Б.Төрмөнх: Сумын Ерөнхий боловсролын сургуульд нэг сая төгрөгийн төсөв өгдөг. Тэр сая төгрөг юунд зарцуулагддаг вэ гэхээр, 500-600 мянган төгрөгөөр нь будаг, замаск, компьютерын гар, хулгана, хэдэн төгрөг илүү гарвал гурван ширхэг ном авна. Энийг тэгээд хүртээмжтэй байдал гэх үү.
Бас нэг жишээ байна л даа. Нэг сумын сургуулийн номын санд аймгийнх нь ИТХ-ын тайлан шахагдаад ирсэн байгаа юм. Энэ чинь Монгол хүн хүүхдэдээ яаж хандаж байгаагийн илрэл шүү дээ.
З.Сувд-Эрдэнэ: Миний хувьд хэд хэдэн номын сан орохоор хаалгыг нь татаж байсан. Дандаа л түгжээтэй байдаг. Онгойлгоод орохоор агуулах шиг. Энэ тэндээс цуглуулсан хүүхэд сонирхож ч уншихгүй номууд, сурах бичгээр дүүрэн. Боддоо, үзье гэсэн ч үнэхээр үлгэр жишээ номын сан байна уу.
Хүүхэд өөрөө унших хүсэл эрмэлзэлтэй байхад тэрийг нь хангаж өгч чадахгүй байна гэдэг маш харамсалтай. Тэгэхээр номын сангийн үүрэг, хариуцлагыг манайх агуулгын хэмжээнд байлгаад байж боломгүй. Гаднын жишгээр бол сургууль болгон номын сантай. Бүр номын сандаа ордог тусгай цагтай. Хүүхдүүд ороод хүссэн номоо уншдаг. Нарийн ярих юм бол ангидаа номын сантай байдаг.
Номын санг номжуулахад, мөнгө төсөв хэрэгтэй. Тэгэхээр энэ ганцхан сургуулийн захирлын шийдчих асуудал биш байна л даа. Тэгэхээр яалт ч үгүй улсын бодлогоор дэмжих хэрэгтэй. Энэ бол улсын үүрэг.
Сурах бичиггүй болсон