2024 оны Монгол Улсын эдийн засаг макро түвшинд өсөлттэй, орлого нэмэгдсэн үзүүлэлттэй үдэж байгаа бол иргэдийн өдөр тутмын амьдралд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, эрчим хүч, дулааны тарифын нэмэгдэл, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, торгууль, хураамжийн дарамттай жилийг үдэж байна. “Өрөг” сайт 2024 оны эдийн засаг дахь онцлох тоог үзүүлье.
ОНЦЛОХ ТОО: Засгийн газраас хэрэгжүүлэх 14 Мега төсөл
2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа Монгол Улсын Засгийн газар парламентад суудалтай 3 нам хамтран Шинэ Засгийн газраа байгуулж, сүүлийн 30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын реформыг цаг алдалгүй эхлүүлэх, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалт зэрэг эдийн засгийг тэлэх 14 мега төслийг 2024-2028 онд хэрэгжүүлэхээ зарласан.
Оны төгсгөлд 14 мега төслийн эхэнд эрэмбэлэгдсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулж, Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох бүтээн байгуулалтын 3 том төслийг хэрэгжүүлэх БНХАУ-ын Загсийн газартай байгуулах гэрээний чиглэлээ УИХ-аар батлуулах нь тодорхой болсон. Мөн уран олборлох Францын Орано майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ буюу Оюутолгойн гэрээний дараа эрэмбэлэгдэх хөрөнгө оруулалтын томоохон гэрээг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.
ОНЦЛОХ ТОО: Монгол Улс 1,387.2 тэрбум төгрөгийн бондын өр төлөв
Монгол Улс өнөөдрийн байдлаар гадаад үнэт цаас буюу бондын төлбөрт нийт 1 ихнаяд 387.2 тэрбум төгрөг төлжээ. Үүнээс 511.4 тэрбум төгрөгийг хүүгийн төлбөрт, 875.8 тэрбум төгрөгийг үндсэн төлбөрт төлөөд байна. Энэхүү үндсэн төлбөрийн хүрээнд 2024 онд хуваарийн дагуу 573.0 тэрбум төгрөгийг Хуралдай бондын үлдэгдэл төлбөрт, үлдсэн 302.8 тэрбум төгрөгийг 2026-2027 онд төлөгдөх хуваарьтай Номад, Сенчири-1 бондын төлбөрийг хугацаанаас өмнө буцаан худалдан авсан төлбөрт төлж барагдуулсан байна.
Ийнхүү 2023 онд 13,3 их наяд, энэ онд 1 их наяд 387 тэрбум төгрөгийн бондын өрийг төлж, Монгол Улс олон улсад төсвийн сахилга батаа нотолж, зээлжих зэрэглэлээ тогтвортой хадгалж, 2026 он хүртэл бондын өр төлбөр төлөхгүй, гадаад валютын нөөцөө хадгалах боломжтой боллоо.
ОНЦЛОХ ТОО: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2, тогтвортой” гэж үнэллээ
2024 онд Монгол Улсын зээлжих зэрэглэл 3 удаа дээшилж үнэлэгдлээ. Өнгөрөгч есдүгээр сард FitchRatings агентлаг “В+ тогтвортой” гэж үнэлсэн бол 10 дугаар сард S and P global агентлаг “В+ эерэг” гэж үнэлэв. Харин 11 дүгээр сард Moody’s “В2 тогтвортой” гэж үнэлсэн. Үүнд Засгийн газрын өрөө төлсөн, төсвийн сахилга бат, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн зэрэг нь нөлөөлсөн гэж үзжээ. Олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадсанаар манай улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах зэрэгт эерэг нөлөө үзүүлэх юм.
ОНЦЛОХ ТОО: Цахилгааны тарифыг 1квт/ц нь 280 төгрөг болгож нэмэв
Эрчим хүчний реформ хийх тухай УИХ, Засгийн газар сүртэй ярьж, ажлын хэсгүүд байгуулсан ч энэ реформ нь иргэдийн нуруунд л ачаа үүрүүлэх шийдвэрээр дууслаа. Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Цахилгаан, дулааны үнийг нэмсэн шийдвэр гаргаснаа зарлаж, тухайн өдрөөс цахилгааны үнийн нэмэгдсэн тарифыг мөрдөж, ирэх оны тавдугаар сарын 16-ны өдрөөс дулааны үнийн нэмэгдсэн тарифыг мөрдөнө гэж зарлалаа. Иргэд хэрэглээнээсээ шалтгаалж 3 шатлалаар цахилгааны төлбөрөө нэмэгдүүлсэн төлбөр төлж байна.
Харин ААН, байгууллагуудын цахилгааны төлбөр 30%-иар нэмэгдсэн. Утаа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нуруугаа авахуулж буй ард иргэд дээр нь нэмээд тогны төлбөртөө 70-100 гаруй мянган төгрөг төлж эхэллээ.
ОНЦЛОХ ТОО: “Чингис хаан” Үндэсний баялгийн санд 487.6 тэрбум төгрөг төвлөрөв
2023 онд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж, Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн 3 сангаас бүрдэхээр хуульчилсан. Үүний дагуу 2024 онд Үндэсний баялгийн санг Их Эзэн Чингис хааны нэрээр “Чингис сан” гэж нэрлэж, Уул уурхайн баялгийн ашгаас бүрдэх Хуримтлалын санд 487.6 тэрбум төгрөг төвлөрөөд байгаа тухай Ерөнхий сайд танилцууллаа. Энэ үеэрээ хэд хэдэн мөнгөний мэдээлэл хэлсэн. Эхнийх нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны 1072 хувьцааны ногдол ашиг хэмээх 121,500 төгрөгийг нэг шөнийн дотор иргэдийн дансанд олгов.
Гэхдээ энэ бол урьдчилгаа. Шинэ оны дараа Аудитын тайлан гарсны дараа 1072 хувьцааны үлдэгдэл ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ хэмээн тайлбарлав. Удаах нь Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд 487.6 тэрбум төгрөг цугларсан тул иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж үүсгэж, “E Mongolia” системээр түүнийгээ харах боломжтой болгосон. Гэхдээ энэ мөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтэндээ л ашиглах боломжтой юм.