Өнгөрч буй 2024 он улс төрийн хүрээнд “амаргүй” жил болж өнгөрлөө. Сонсогдоод л өнгөрдөг сонсголуудаас эхлээд “амаргүй” олон үйл явдал ар араасаа хөвөрсөн. Холимог тогтолцоогоор явуулсан УИХ-ын ээлжит сонгууль ч мөн “амаргүй” өрсөлдөөнтэй болж, хүний амиар сонгууль хийхэд хүрсэн юм. Цааш үргэлжлээд орон нутгийн сонгууль ч хоёр амины нэхэлтэй өндөрлөлөө.
Видеог ЭНД дарж үзнэ үү!
Нэг. НЭГ ХӨНЖИЛД ШУРГАЛСАН НЬ
Сонгуульд ялалт байгуулсан МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн байгуулах Засгийн газартаа АН, ХҮН намуудыг татан оруулсан нь улс төрийн хүрээнд анхаарал татсан үйл явдал байлаа. Сонгуульд МАН 68 буюу бусад нам эвслээс 10-аад суудлын л илүүтэй байдал тэдэнтэй гар барих шалтгаан болсон гэхэд хилсдэхгүй. Энэ үйл явдлын цаана иргэд сонгууль өгөөд нэмэргүй гэх ойлголттой хоцорсон юм. Ийнхүү МАН-д 12, АН-д 8, ХҮН намд хоёр сайдын суудал ногдсон энэ бүтэц түүхэндээ хамгийн олон буюу 22 сайд, 16 яамны бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Хоёр. ХЭН СӨРӨГ ХҮЧИН БАЙЖ ЧАДАВ
35.8 их наядын зарлагатай байхаар тусгасан 2025 оны төсвийг УИХ хэлэлцэн баталсан ч Ерөнхийлөгчөөр хориг тавиулсан нь оны онцлох үйл явдал байлаа. 2025 оны төсвийн урсгал зардлыг бууруулах саналыг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин нарын гишүүд гаргаж, шаардлагаа Ерөнхий сайдад хүргүүлсэн. Энэ ажил нь үр дүнгээ өгч, төсвийн хэлэлцүүлгийг урагшлуулж, алдагдалгүй төсөв батлах үйл явцыг түргэсгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, нэр дурдсан шинэ гишүүд энэ онд сөрөг хүчин болж чадсан юм. Ингэснээр парламент түүхэндээ анх удаа АЛДАГДАЛГҮЙ төсвийг баталлаа.
Гурав. СОНСОГДООД Л ӨНГӨРСӨН СОНСГОЛУУД
Хөгжлийн банк, нүүрсний хулгайн сонсголоос эхтэй, төрийн ордонд сонсголын мода дэлгэрэх болсон. Ингээд энэ онд эм, ногоон автобус, ашигт малтмалын лиценз, хүний эрхтэй холбоотой дөрвөн ч сонсгол болсон юм. Харамсалтай нь сонсгол зөвхөн сонсогдох төдий л ажил болдгийн жишгээр болж өндөрлөв. Угтаа сонсгол дээр сонссон хууль бус, хүний эрхийг зөрчсөн үйлдэл, үйлийн эзэнг хууль, хяналтын байгууллага нь хариуцлага тооцож ажиллах ёстой ч ингэж чадсангүй.
Дөрөв. ХОЁР ХҮН Л НҮҮРС ХУЛГАЙЛСАН ЮМ ШИГ БАЙНА
44 их наядаар хэмжигдэх нүүрсийг үл үзэгдэх гар хулгайлчихсан аятай, ээлж дараалсан сонсгол зарлаж, “эрүүдэн шүүгээд” хоёр л хүнд ял тулгав. “Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал 14 хоногийн турш үргэлжилж, нэгдүгээр сарын 31-нд шийдвэрээ гаргасан. Ингээд Т.Аюурсайханд 3 жил, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сар хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь долоон жилээр хасах шийтгэл оногдуулав. Улмаар тэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, Б.Ганхуягт оноосон хорих ялыг 2 жилээр бууруулж 3.9 жил, Т.Аюурсайханд оноосон ялыг 4 сараар бууруулж 2.6 жил хорих ял оноосон байдаг.
Тав. УЛС ТӨРИЙН ТОМЧУУД ЭРГЭН ИРЭВ
Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн УИХ-д нэр дэвшсэн анхны тохиолдол энэ онд боллоо. Нэр дэвшихгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байсан Х.Баттулга бодлоо өөрчилж, дэвших хүсэлтээ гаргаад, УИХ-ын дөрөвдүгээр тойрогт өрсөлдөж ялсан.
2012, 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан Н.Номтойбаяр “Үндэсний эвсэл”-ийг байгуулаж, жагсаалтаа манлайлан сонгуульд оролцов. Гэвч СЕХ түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг тавдугаар сарын 31-нд гаргаж, Н.Номтойбаярыг Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд зааснаар буюу “хайнга хандсан” гэх үндэслэлээр буруутгаж 2020 онд ял оноож байсан. Үүнд үндэслэж, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсаныг тэр эсэргүүцэн, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч Давж заалдах шатны шүүх Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй гэх шийдвэрийг зургаадугаар сарын 6-нд гаргав. Ингээд тэр улс төрд эргэн ирсэн юм.