Дэлхийн хүн төрөлхтөн хуучин оноо үдэж, шинэ оноо угтах зааг дээр иржээ. Дэлхийн улс орнууд Шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэдэг болоод тус өдрийг ямар онцлогтой угтаж авдаг талаар сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
Исламын шашинтай зарим улсад үндэсний соёл, шашны уламжлалын нөлөөний улмаас өргөн дэлгэр тэмдэглэдэггүй. Гэсэн ч, зарим улс орнуудад орчин үеийн хандлагаар тэмдэглэх нь элбэгшсэн. Тэдгээрээс товхон хүргэе.
Арабын орнуудад шинэ жилийн баяр тэмдэглэх онцлог
1. Арабын Нэгдсэн Эмират улс (АНЭУ):
Дубай хотноо шинэ жилийн баярын үдэш хамгийн гайхамшигтай шоу зохион байгуулдгаараа алдартай. Тэнгэр баганадсан Бурж Халифа болон бусад өндөр барилгуудаас дэлхийн хамгийн том гэрэл болон салютын шоу үзүүлбэр хийдэг уламжлалтай болжээ.
Тансаг зоогийн газар, зугаа цэнгэлийн газрууд тусгай арга хэмжээ зохион байгуулж, Дэлхийн өнцөг булан бүрээс сая сая жуулчдыг ихээр татдаг.
2. Саудын Араб:
Саяхныг хүртэл шинэ жилийн баярыг ил задгай тэмдэглэдэггүй байсан ч 2020 оноос эхлэн илүү нээлттэй болсон. Рияд хотод концерт, шоу тоглолтууд зохион байгуулж эхэлсэн нь олон хүний анхаарлыг зүй ёсоор татаж эхэлсэн.
3. Египет:
Шинэ жилийн баяраар Каир хотод томоохон зочид буудал, ресторанууд үдэшлэг зохион байгуулж, Нил мөрний хөвөөнд тусгай аялал зохион байгуулдаг болсон.
Мөн Египетийн пирамидын ойролцоо гэрэл, лазерын шоу үзүүлдэг.
4. Марокко:
Марракеш хот жуулчдын анхаарлыг ихээр татдаг. Дулаахан уур амьсгалтай тул задгай талбайд үдэшлэг зохион байгуулж, уламжлалт хоол, дуу бүжгээр баяр тэмдэглэдэг.
Шинэ жилийн бэлэгний соёл:
Арабын орнуудад шинэ жилийн баяраар үнэртэн, алтлаг өнгөт гоёл чимэглэл, эсвэл гар урлалын зүйлс хамгийн түгээмэл бэлэг болдог.
Мөн гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүстээ аз жаргал, сайн сайхныг хүсэж гараар бичсэн мэндчилгээ илгээх уламжлал бий.
Шинэ жилийн баяр тэмдэглэхэд хууль, шашны ёс журам харилцан адилгүй тул тухайн орны дүрмийг дагаж мөрдөх нь чухал.
Архидан согтуурахыг олон улсад хориглосон тул соёл, уламжлалд нийцүүлэн баяраа тэмдэглэхийг эрхэмлэдэг. Ялангуяа, Исламын шашинтай улс орнуудаар аялж шинэ жилийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх бол тухайн орны хууль дүрэм, ёс жаягийг чанд дагаж мөрдөөрэй. Зөвхөн шинэ жил гэлтгүй энгийн аяллын үеэр ч Усыг нь уувал, ёсыг нь ч дагаарай.
Дэлхийн улс орнуудад шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?
Европт: Италид шинэ оны өмнөх өдөр нь улаан өнгийн дотуур хувцас өмсвөл ирэх жилдээ аз жаргал авчирна гэж үздэг.
Испанид шинэ жилийн шөнө 12 ширхэг усан үзэм идвэл аз тохиодог гэж итгэдэг.
Ази тивд: Японд шинэ жилийн баяраар “Омисока” (おみそか) хэмээх уламжлалт хоол идэж, сүмд очин, мөргөл үйлддэг.
Филиппинд дугуй хэлбэртэй жимс идэх нь эд баялаг авчирна гэж үздэг.
Африкт: Өмнөд Африкт шинэ жилийн баяраар хуучин эд зүйлсээ хаяж, шинэ эхлэлийг бэлгэддэг.
Шинэ жилийн бэлэгний талаарх сонирхолтой баримтууд:
АНУ-д шинэ жилийн баяраар ойролцоогоор 1 тэрбум америк долларын бэлэг солилцдог.
Шведэд шинэ жилийн баяраар “Julklapp” буюу бэлэг солилцох гэсэн уламжлалтай бөгөөд бэлгэндээ заавал шүлэг, оньсого таавар дагалдуулан өгдөг.
Бразилд шинэ жилийн баяраар цагаан өнгийн хувцас өмсөж, далайн эрэг дээр цэцэг өргөдөг нь аз жаргал, сайн сайхныг бэлгэддэг.
Дэлхийн олон улс, оронд шинэ жилийн баяртай холбоотой янз бүрийн мухар сүсэг, итгэл үнэмшил бий
Эдгээр нь шинэ оныг аз жаргалтай угтах, эсвэл азгүйтлээс зайлсхийх гэсэн тус бүрдээ зорилготой. Заримыг нь товчхон танилцуулъя:
Шинэ жилийн өдөр угаалга хийхээс зайлсхийх:
АНУ-ын өмнөд мужуудад болон бусад зарим бүс нутагт шинэ жилийн өдөр угаалга хийвэл азгүйтэл авчирдаг гэж үздэг. Тэдний үзэж байгаагаар, шинэ жилийн өдөр угаалга хийснээр хайртай хүнээ “угаагаад алдна” эсвэл муу зүйл тохиолддог гэж итгэдэг аж.
“First-footing” буюу анхны зочин
Шотланд, Хойд Англи болон Унгар зэрэг орнуудын уламжлалд шинэ жилийн эхний зочин нь тухайн гэр бүлд аз авчирдаг гэж үздэг. Ихэнхдээ хар үстэй хүн анхны зочин байвал илүү азтай гэж итгэдэг. Энэ итгэл үнэмшил нь Викингүүдийн довтолгооны үеэс улбаатай байж магадгүй гэгддэг.
“Las doce uvas de la suerte” буюу 12 усан үзэм идэх
Испанид шинэ оны өмнө цагийн зүү шөнө дунд 00 цагийг заах бүрт нэг ширхэг усан үзэм идвэл ирэх ондоо азтай байна гэж итгэдэг. Энэ уламжлал нь 1895 оноос эхтэй бөгөөд 1909 онд Аликанте мужийн усан үзэм тариалагчид ургац арвин байсан тул борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд энэ заншлыг түгээсэн гэж үздэг.
Гэрийн чимэглэлээ хэзээ авах талаар
Зарим хүмүүс шинэ он гарахаас өмнө буюу арванхоёрдугаар сарын 25-нд гацуур модныхоо чимэглэлийг авах нь азгүйтэл авчирна гэж үздэг аж. Тиймээс, нэгдүгээр сарын 6-нд буюу Эпифани өдрөөр чимэглэлээ авах нь зохимжтой гэсэн уламжлал бий болжээ.
Шинэ жилийн өдөр халаас хоосон байхгүй байх
Зарим улс орнуудад шинэ жилийн өдөр халаас хоосон буюу халаасандаа мөнгөгүй байх нь ирэх жилд санхүүгийн бэрхшээлтэй тулгарна гэж үздэг тул эл өдөр халаасандаа заавал бэлэн мөнгө, зоос авч явах зөвлөдөг байна.