“Гашуун яриа” нэвтрүүлгийн оны онцлох дугаараар гурван охины ээж П.Отгондарийг урьж ярилцлаа. 17 настайдаа анх ээж болж байсан тэр аавыгаа өөд болсноос хойш хоёр дүүгээ асарч халамжлах том үүргийг хүлээжээ. Амьдрал хааяа шударга бус санагддаг гэж ярих тэр ирэх ондоо хийж бүтээх зүйлсээ тодорхойлж, мөрөөдлийнхөө төлөө хичээж буй тухайгаа ярьсан юм.
АНХ ЖИРЭМСЭН БОЛСНОО МЭДЭЭД МАШ ИХ БАЯРЛАСАН БАС АЙСАН
-Бидний ярилцах саналыг хүлээж авсанд баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе.
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн шинэ оны мэнд хүргэе. Намайг П.Отгондарь гэдэг. Одоо гурван охинтой. Мөн хоёр дүүтэй. Дүү нар маань 16, 13 настай. Аав минь өөд болоод гурван жил болж байгаа юм. Тэр цагаас хойш хоёр дүүгээ харж үлдсэн дээ.
-Анх 17 насандаа ээж болсон юм байна. Айж, сандрах зүйл их байсан болов уу?
-Би 17 настайдаа жирэмсэн болсноо мэдсэн. Маш их баярласан бас их айсан. Аав, агаа хоёр маань л мэддэг байсан. Бусдаас нь нуусан юм л даа. Нөхөртэйгөө нийтийн байранд амьдарч, “агаагийнд байдаг” гээд бусад хамаатнууддаа хэсэг худлаа ярьсан. Долоон сар гарантай байхдаа ээжийнхээ эгч, дүү нарт баригдаж байсан юм. Том ах маань, “өнөө маргаашгүй төрөх болчхоод аавындаа очиж бай” гээд, 18 нас хүрдэг жилдээ төрсөн дөө.
МИНИЙ АМЬДРАЛ БУСДАД ХАМААГҮЙ ШҮҮ ДЭЭ
-“Сургуулиа ч төгсөөгүй байж төрчихлөө” гэх мэт нийгмийн сөрөг хандлагууд их байдаг шүү дээ. Ийм асуудлууд анзаарагдаж байв уу?
-Би өөрийгөө жаахандаа жирэмсэн болчихсон гэж огт боддоггүй. Харин ч өөрийгөө маш азтай гэж боддог. Сайн хүнтэй суугаад, гурван хөөрхөн гүнжтэй болчихсон. Харин гадуур охиноо дагуулаад явж байхад, хөгшчүүд ихэнхдээ хэлдэг юм. “Өөрөө жаахан юм байж багаасаа гурвын гурван охинтой юм байна шүү дээ. Юу вэ. Одооны хүүхдүүд хар багаасаа хүүхэдтэй болохоос өөр зүйл мэдэхгүй, гэрт суухаас өөр юм мэдэхгүй” гээд л ярьдаг. Нэг хэсэг маш эмзэгээр хүлээж авдаг байсан. Одоо бол миний амьдрал энэ хүмүүст хамаагүй л гэж боддог.
– Хоёр дүүгээ асрахын хажуугаар халамжилж, өсгөнө гэдэг том хариуцлага, амаргүй даваа шүү дээ. Хааяа хэцүү байдаг уу?
-Яг нөхөртэйгөө ам зөрөөд, хоёр дүү үгэнд орохгүй үед их уйлдаг. Би маш уйланхай төрлийн хүн. “Яагаад бүх асуудал над дээр л ирдэг байна аа. Би ч гэсэн ганц удаа жаргаад үзмээр байна. Би ч гэсэн ганц удаа гарч кино үзмээр байна” гэдэг ч юм уу. Гомдоллох төдий зүйл олон бий. Гэхдээ сургууль боловсролын тал дээр бага маань 2,3 нас хүрчихнэ. Тэр үед хүүхдүүдээ хөдөө хадмындаа аваачаад өгчих юм бол суръя гэсэн бодол байна. Нөхөртэйгөө одоо хүртэл ярилцаж байгаа. Удахгүй том охин маань нэгдүгээр ангид орох болохоор охиндоо илүү анхаарал тавьчихсан байгаа. Өөр шигээ болгохгүй гэсэндээ л тэр. Энэ зунаас охиноо сургалт, бүжгийн дугуйланд явуулъя гэж бодож байна.
-Тантай ярилцаад суухаар, хүмүүжилтэй, ухаалаг хүн шиг анзаарагдаж байна. Аавынхаа тухай яриач. Амьдралын ухааныг өвлүүлсэн хүн нь байх. Тийм үү?
-Миний аав сайхан хүн байсан. “Хүн тансаг тавилга тавилаа гээд баян болчихгүй. Байгаа зүйлээ цэвэрхэн хэрэглэхэд л боллоо” гэж үргэлж хэлдэг байлаа. Манай аав нэг ширхэг боорцог байсан ч дөрвөн охиндоо хуваагаад өгдөг байсан. Нүүрсгүй, гэр цэв хүйтэн байхад, хоёр давхар хөнжил тавиад, “миний охин нуруу руу хөлөө хийчих”, “миний охин гэдэс рүү хоёр хөлөө хийчих” гээд л дөрвөн охиныхоо хөлийг биеийнхээ энд тэнд нааж дулаацуулдаг байсан. Би ааваасаа л амьдрахыг сурсан. Байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж авах тухай тэр их зүйл ойлгуулсан.
-Хааяа бүх зүйл шударга бус байгаа юм шиг бодогддог уу?
-Хүн амьдралаа сонгож төрөхгүй шүү дээ. Энэ амьдралыг би өөрийнхөө чадлаар л бүтээнэ. Чадахаараа л хичээнэ гэж бодож байгаа. Аав ээж минь бидэнд анхаарал тавьж байсан бол гэж хааяа боддог юм. Гэхдээ аав минь чадахаараа л анхаарал тавьсан. Түүний хүчээр би өдий зэрэгтэй явж байгаа.
Аав өнгөрдөг тэр өдөр би, өдөржин аавынхаа хувцсыг угааж, шөнө 3 цагт ахтайгаа ярьчхаад, “аавд янз бүрийн юм болвол над руу залгаарай” гээд унтсан. Өглөө 6 цагт аав өөд болчихлоо гэсэн дуудлага авсан. Тэр үед үнэндээ нулимс гараагүй. “Хоёр дүүгээ яана аа” гэж хамгийн түрүүнд бодож байсан. Аавын ажил явдал өнгөрснөөс хойш дүү нартайгаа дандаа аавын тухай ярьдаг байлаа. Ярихгүйг хичээдэг ч юм болгон дээр аавыг ярьчихдаг байсан. Яг шантарсан үедээ, “би үүнийг хийж чадахгүй юм байна, би одоо л амьдарч чадахгүй юм байна” гэж бодохоороо аавыгаа маш их санадаг.
-Хэдийгээр гурвын гурван хүн бүтээж, аз жаргалаа олсон ч аливаа зүйлийн цаана золиос байдаг шүү дээ. Өнгөрсөн хугацаанд юу золиосолсон гэж боддог вэ?
-Гэрээс гарах тоолондоо боддог. Гудамжаар явж байгаа охидууд найз нөхөдтэйгөө инээлдээд л явж байхыг нь хараад жаахан атаархдаг. Надад бол найз гэж байхгүй. Сэтгэлээ хуваалцаад ярих ч найз байхгүй. Тэгээд л өөртэйгөө ярьдаг. Гадаа гарч эр болно. Дотор орж эм болно. Нөхөр маань хөдөө ажлаар явчих юм бол өөрөө л модоо хагалж, усандаа явна. Өвөл ялангуяа усанд явах их шантармаар. Гудамжинд хальтирч унах асуудал их байдаг. Усанд явж мод түлээ хагалахдаа үнэхээр гутардаг. Гэхдээ амьдралын төлөө би ганцаараа зүтгээгүй. Нөхрийгөө хүндлэх гэж, ойлгох гэж их хичээдэг. Одоо хүүхдүүдээ том болгоод, ардаа үлдээчихвэл, дараагаар нь өөрийгөө бодож болох байх гэж бодоод байгаа.
-2025 оны төлөвлөгөө нь юу вэ?
-Ээж охин хоёр “алаад өгье” л гэж бодоод байна. Би өөрөө фитнест явъя гэж бодоод байгаа юм. Том охиныгоо сургалт дугуйланд явуулна даа. Бүх зүйл сайхан болно гэдэгт итгэдэг.
-Бидэнд цаг гаргасанд баярлалаа.