Ядууралд хувь хүний арчаатай эсэх асуудал төдийлөн чухал нөлөө үзүүлдэггүй. Харин нийгмийн нөхцөл, цаг үеийн байдал, үүнээс бий болсон сэтгэл зүйн асуудлууд шууд байдлаар нөлөөлдөг талаар судлаачид хэлдэг.
Цахим сүлжээнд тавигдсан дээрх зурагны сэтгэгдлүүдийг уншвал, “Арчаагүй эмэгтэй”, “ядуу амьдарч байгаа нь өөрсдийнх нь энэ байдлаас болж байгаа”, “хүүхдээ өсгөж чадахгүй бол яах гэж төрүүлсэн юм” гэх мэтчилэн үгсээр дайрч, доромжилж буй. Тэгвэл нийгмийн сэтгэл зүйч, судлаач Г.Уянгаа энэ асуудалд ямар байр суурьтай байгаа талаар ярилцсан юм.
БУСДЫГ МУУГААР ХЭЛЭХ АМАРХАН. ГЭВЧ ЭНЭ БОЛ ШИЙДЭЛ БИШ
Тэрбээр, Ядуурлыг нийгмийн өвчлөл гэхээс илүү гадуурхал гэж үздэг. Үүнд өртсөн хүмүүсийг “арчаагүй, залхуу” гэх мэтээр доромжлох үйлдэл нь тэднийг давхар ялгаварласан үйлдэл болно. Өөрөөр хэлбэл ямар ч ухамсаргүйгээр бусдыг гутааж буй хэрэг. Тэр хүмүүс нэгэнт ядууралд өртөж, нийгэмд гадуурхагдаж байгаа дээр нь нэмээд ялгаварлаж байна гэсэн үг. Үүнийг ялгаварлал давхардах гэдэг юм.
Бусдыг муугаар хэлэх амархан. Гэвч энэ бол шийдэл биш. Үүний цаана тулгамдаад байгаа нийгмийн асуудлыг ярих хэрэгтэй. Хэрвээ монголд сургууль, цэцэрлэгийн хүртээмж сайн байсан бол тэр айл ийм байдалтай байх байсан уу гэдэг асуулт гарч ирнэ. Захын дүүрэгт байгаа ядууралд өртсөн ээж нараас судалгаа авахаар, “би ажил хиймээр байна. Гэхдээ ойрхон сургууль, цэцэрлэг байхгүй” гэх асуудлыг хэлдэг. Хол байдаг цэцэрлэг сургуульд хүүхдээ өглөө гэхэд, тэр хол газраас ажилдаа ирж амжих уу. Хүүхдээ авч амжих уу гээд асуудал ундраад л гараад ирнэ. Тэр хүнд нийгмийн хамгаалал үйлчлэхгүй байна гэсэн үг.
Тэнд хүн амьдраад байхад яагаад 500 метр, нэг километрийн зайд сургууль, цэцэрлэг байхгүй байгааг ярих чухал. Энэ бидний ярих сэдэв. Түүнээс биш бусдын арчаатай арчаагүйг ам уралдан шүүх эрх хэнд ч байхгүй.
Хүүхэд өсгөх амаргүй ажил мөн. Эхний нэг жилдээ л ээж, хүүхдээ унтахгүй шахуу байж хөхүүлнэ. Энэ мэтчилэн маш нарийн асаргаа шаардагдаж байдаг. Цэцэрлэг л гэхэд хүүхэд харж өгдөг гэхээс илүү тэднийг нийгэмшүүлэх чиг үүрэгтэй байгууллага. Гэтэл энэ нь хүрэлцээгүй байна.
Төр засаг цэцэрлэг барих мөнгөгүй юм уу гэхээр цагдаагийн том том байшин барилгууд бариад байдаг. Эндээс юу харагдаж байна гэхээр төр хяналтын ажиллагаа л хөгжүүлээд, яг нийгэмд тулгамдсан асуудал, боловсролын хүртээмж, аав ээжүүдийг ажил хийлгэх боломж нөөцөөр нь хангахгүй байгаа юм.
Би нэг хэсэг Сиднейд амьдарсан. Манай гэрээс 500 метрийн зайд л гэхэд таван тоглоомын талбай, хэд хэдэн хүүхдийн цэцэрлэг сургууль байгаа. Ингээд цагдаагийн байгууллагыг нь хайхад манай дүүргийг хариуцсан нэг жижигхэн байшин л байгаа юм. Энд цагдаа ажиллахгүй байна гэсэн үг биш. Юунд мөнгөө зарах вэ гэдгээ, чухал нь юу вэ гэдгээ мэддэг улс орны шийдэл үүнээс харагдаж байгаа юм.
Үүнээс үзвэл ядуурал нь нийгмийн нөхцөл байдлаас хамаарч бий болдог. Мэдээж хувь хүний сэтгэлгээ, байгаа байдал үүнд нөлөөлөх ч гэсэн ядууралд том шалтгаан болохгүй.
АРЧААТАЙ БАЙЯ ГЭЭД ҮСРЭЭД ТООСОО АРЧААД, ХҮҮХДҮҮДЭЭ УСАНД ОРУУЛНА. ИНГЭЭД Л ХИЙЖ ЧАДАХ ЗҮЙЛ НЬ ДУУСНА
3-4 бага насны хүүхэдтэй эмэгтэй арчаатай байя гэж бодсон ч нийгмийн орчин нөхцөл байдалдаа дарлуулна. Бид амьдарч байгаа орчноо өөрсдөө анзаарахгүй байна. Утаатай нөхцөлд, тортог үнэртүүлээд амьдраад байгаа өөрсдийгөө ч арчаагүй гэж хэлж болохоор нөхцөлд байгаа гэдгээ мөн ойлгох хэрэгтэй. Гэхдээ, “чамаас утаа үнэртээд байна. Чи ямар арчаагүй юм бэ” гэж хэлэх нь утгагүй зүйл шүү дээ. Асуудлын цаадахыг ухаж бодох чухал гэдгийг хэлэх гэсэн юм. Дээрх зурган дээр муу хэлүүлээд байгаа эмэгтэй арчаатай байя гээд үсрээд тоосоо арчаад, хүүхдүүдээ усанд оруулна. Ингээд л хийж чадах зүйл нь дуусна. Хүнд ганцаараа байх, хамт олонтой байх хэрэгцээ тулгарна. Гэтэл нийгмийн байдлаас хамаараад өдөр шөнөгүй хүүхдээ хараад л байвал тухайн эмэгтэй сэтгэл зүйн хувьд ч туйлдана шүү дээ. Тийм нарийн зүйл ойлгохгүй бол бусдыг шүүх нь ухамсаргүй байгаагийн л шинж. Энд зүгээр ялгаварлал л явагдаж байна” гэв.
ЯДУУРЛЫН ТУХАЙ СУДАЛГААНААС…
Ядуурал дотроо эдийн болон араншлын гэж хоёр хуваагддаг. Эдийн ядуурал гэдэг нь тухайн орны төр засгаас баталсан орлогын доод хэмжээнээс бага орлоготой байхыг заасан нэр томъёо. Харин араншлын ядуурал бол үүнээс чанарын ялгаатай. Америкийн эрдэмтэн Роберт Ректор өөрийн судалгаандаа араншлын ядуурлыг ийнхүү тодорхойлсон байдаг.
“Араншлын ядуурал нь арчаагүй байдал, ажлын ёс зүйн доройтол, мэдэж сурах тэмүүллийн хомсдол, үр хүүхдээ асран хүмүүжүүлэх хүсэлгүй буюу чадваргүй байдал, гэмт хэрэг, архины дон гэх мэт нийгмийн патологуудын (гажгуудын) багц”
Өөрөөр хэлбэл, асуудал мөнгө хөрөнгөний хүрээнээс хэдийнээ хальж, нийгмийн асуудал болон хүндэрч байгаа юм. Хүн эдийн ядууралд хэт удаан оршивоос аяндаа араншлын ядууралд шилждэг жамтай. Үүнийг араншил судлалын ухаанд хүний хэрэгцээний эрэмбэтэй холбож тайлбарладаг. Товчхондоо гэвэл, аливаа хүний хэрэгцээг эрэмбэлвээс таван үе бүхий гурвалжин байдгийн хамгийн доод суурин талд нь амьд явахын тулд шаардагдах физиологийн анхдагч хэрэгцээ байдаг. Хүн тэр хэрэгцээгээ хангамагц дараа дараагийн хэрэгцээнүүдээ эрэмбэлэн хүсч биелүүлдэг бол удаан хугацаанд ядуу явбаас дээд эрэмбийн хэрэгцээнүүд нь үхжиж, гагцхүү доод эрэмбийн хоёр хэрэгцээ нь давамгайлж, хүн “хүнээ алдах” явдал үүсдэг аж.
Ядуурал бол зөвхөн мөнгөгүйдэл биш нийгмийн олон эмгэгүүдийн хуримтлал тул олон төрлийн, тал бүрийн эмчилгээ байх нь бас эргэлзээгүй. Хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ бол эдийн болон араншлын ядуурлыг ялгаж салгаж, тэдгээрийн тус бүрт нь зохих хөтөлбөрүүдийг тусгайлан боловсруулах явдал юм.
Эдийн ядууралд нирвэгдсэн иргэдээ араншлын ядууралд орохоос өмнө татаж авах нь хамгийн эхний ээлжинд хийх ёстой, үр нөлөөгөө харьцангуй хурдан өгөх санаачилга юм.