Архангай аймгийн II сургуулийн багш сурагчаа өшиглөж, алгадаад ангиас гаргаж буй бичлэг олны бухимдлыг төрүүлээд байна. Архангай аймгийн цагдаагийн газраас тухайн багшийг шалгаж эхэлсэн талаар мэдээллээ.
Болсон асуудалтай холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл өгөв. Ингэхдээ, “Цагдаагийн байгууллагад 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын II сургуулийн бага ангийн багш М ангийн хүүхдээ зодсон байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтын явцад тус сумын сургуулийн гуравдугаар ангийн багш сурагчдад хичээл заах явцдаа тухайн хүүхдийг хичээл хийгээгүй, үгэнд ороогүй гэх шалтгаанаар биед нь халдсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэв.
Асуудлын талаар тус аймгийн II сургуулийн захирал Б.Гэрэлчулуун дараах тайлбарыг хэллээ.
Тэрээр, “Тухайн багш манай сургуульд есөн жил ажиллаж байсан туршлагатай. Ийм явдал гаргасанд харамсаж байна. Өмнө ийм асуудал гарч байгаагүй. Сургуулийн зүгээс Ёс зүйн дэд хороо хуралдаж, багшийн ёс зүйн дүрмийн дагуу арга хэмжээ авах болно. Зодуулсан хүүхдийн эцэг, эх нь цагдаагийн байгууллагад хандсанаар тухайн багшийг шалгаж эхэлсэн” гэв.
Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйл. Хүүхэдтэй хэрцгий харьцах
-
Энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.