УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар өнөөдөр Эрүүл мэндийн салбарын цахимжилтийн асуудлаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа. Уулзалтын эхэнд тус төвийн дарга Ж.Сувд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгсөн.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 4-р хороонд Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга улсын төсвөөр баригдаж байгаа бөгөөд ирэх оны 12-р сард ашиглалтад орно. Мөн тус дүүргийн 14-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрт илрүүлгийн оношлогооны төвийн барилгын ажлыг 2023 оноос эхлүүлж, энэ сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 13-р хороонд Хайлааст салбар амбулаторийн барилга Цагаан сараар ашиглалтад орох гэж байна.
Гэвч дээрх барилгууд ашиглалтад ороход тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудал тулгамдаж байгааг онцолсон. Тиймээс Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ирэх гуравдугаар сард ашиглалтад орох төвийн тоног төхөөрөмжийг ЭМЯ-наас шийдэж өгнө. Хамгийн түрүүнд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн бодит тооцоо, шаардлагатай хүний нөөцийн жагсаалтыг гаргаж өгөхийг үүрэг болгов. Тэрбээр “Чингэлтэй дүүрэгт хангалттай барилга байгууламж баригдаж байна. Гэтэл үүнтэй уялдуулан тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудлаа шийдвэрлэж чадаагүйгээс зүгээр л барилга хүлээж авах нөхцөл үүссэн. Иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ сайжрахгүй байна. Тиймээс ашиглалтад орох барилга, байгууламжтай зэрэгцээд тоног төхөөрөмж, хүний нөөцийн бодлогыг уялдуулах шаардлага байна” гэдгийг онцоллоо.
Харин УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү сүүлийн үед эмнэлгийн байгууллагууд руу чиглэсэн кибер халдлага зөрчил нэмэгдэж байгааг дурдаад, Чингэлтэй, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд энэ тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Кибер халдлага нэмэгдэж байгаа энэ үед эхний ээлжид эмнэлгүүд кибер аюулгүй байдлын аудит хийлгэх шаардлагатай байна. Тиймээс ЦХИХХЯ-ны дэргэдэх Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн мэргэжилтнүүдээр аудит хийлгэж, эрсдэлийг нь тодорхойлуулна. Хоёрдугаарт эрүүл мэндийн цахимжилтын тал дээр ЭМЯ, ЦХИХХЯ хамтран ажиллана. Цахим систем гацах, серверүүдийн асуудлыг харилцан ойлголцож, нэгдсэн шийдэлд хүрнэ” хэмээн ярилаа.
Чингэлтэй дүүргийн 10-р хороонд АХБ, ЭМЯ, НЗДТГ, ЧДЗДТГ-аас “Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 2022 оноос эхлүүлсэн. Барилгын ажил 2025-2027 онуудад үргэлжлэх юм. Харин томуугийн улиралтай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд хүүхдийн эмч, сувилагчдын хүрэлцээ муу, хүүхдийн хоёр тасагтай ч хүрэлцдэггүй байна. Тиймээс ид ачааллын үед Уламжлалтын тасгаа хааж, оронд нь хүүхдийн тасгийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Улмаар хүүхэд эмчлэх нийт хүчин чадал нэмэгдэж, 150 ортой болсон ч ачаалал буурахгүй байна.