Хүнд хэлбэрийн уушгины хатгалгаатай хүүхдүүд эмнэлгийн ор хүлээн, хүйтэн коридорт хэдэн өдрийг өнгөрөөх болжээ. Хүүхдээ сахиж буй ээж аавууд төр засагт бухимдахаас илүү гомдож буйгаа илэрхийлж, эх орноо хаяхаас өөр сонголт үлдээгүй талаар ярилаа.
Мөн энэ оны байдлаар зөвхөн ЭНЭҮТ-д 1000 гаруй ээж зулбаж, өсөлтгүй ураг тээж, дутуу төрсөн талаар эмч мэргэжилтнүүд хэлж байна.
БАЙДГААРАА Л ХҮҮХДҮҮДЭЭ ХАМГААЛААД БАЙГАА. БУХИМДАХААС ИЛҮҮ ГОМДООД, УЙЛААД СУУЖ БАЙНА
Иргэд…
- Утаанаас болоод маш хэцүү байна шүү дээ. Би өөрөө ажилтай. Манай нөхөр ч ажилтай. Чөлөө аваад хүүхдээ хараад л байж байна. Өнгөрсөн долоо хоногоос хойш ажилдаа яваагүй.
- Хувийн эмнэлэгт ч ор олдохгүй байна. Арга ядаад улсын эмнэлэгт ирээд ч ор олдсонгүй. Юу нөлөөлөөд байна гэхээр, ерөөсөө л агаарын бохирдол байгаа юм. Уг нь төр засаг шат дараатай арга хэмжээ авах ёстой. Нэг өдрийн дотор алга болох зүйл биш. Гэхдээ төр засаг юм хийхгүй байна. Зуух ярихаас өөр зүйл байхгүй. Ний нуугүй хэлэхэд ихэнх залуус эх орноосоо явъя гэж ярьж байгаа.
- Байдгаараа л хүүхдүүдээ хамгаалаад байгаа. Бухимдахаас илүү гомдоод, уйлаад сууж байна. Өөр хэлэх үг алга. Ханиалгаад гурав хоноод, халуурахаар нь эмнэлэгт үзүүлэхэд хатгалгаа болчихсон байгаа юм. Манай хүү одоо нэг настай. Төрөөд нэг сартай байхдаа хатгаа аваад, ЭХЭМҮТ-д хэвтэж байсан. Одоо дахиад л өвдчихлөө. Утаанаас л болж байгаа. Уг нь манайх Яармагт. Утаа гайгүй байсан. Гэтэл одоо аймар байна. Эмнэлэгт хэвтэхийн тулд хоёр хоног коридорт байх шаардлагатай болсон гэлээ.
ӨДӨРТ ДУНДЖААР 50-70 ХҮҮХЭД ОР ХҮЛЭЭГЭЭД, КОРИДОРТ ХОНОЖ БАЙГАА
Харин эмнэлгийн ачаалал, хүүхдүүдийн өвчлөлийн талаар ЭНЭҮТ-ийн Хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Э.Доржбурам дараах мэдээллийг өглөө.
Тэрээр, “Эмнэлгийн ачаалал 10 дугаар сарын сүүлээр эрс нэмэгдсэн. Манай эмнэлэг 330 хүүхдийн ортой. Өнөөдрийн байдлаар 400 ор болгож, 70 ор нэмсэн. Одоогоор 573 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдийн 80-90 хувь нь амьсгалын тогтолцооны эмгэгтэй. Өдөрт дунджаар 50-70 хүүхэд ор хүлээгээд, коридорт хонож байгаа. Эмч хүний хувьд эн бүх асуудалд утаа нөлөөлж байна гэж хардаг. Өнөөдөр хөнгөн хатгаагаар оношлогдоод эм бичүүлээд гарлаа гэхэд, маргааш нь амьсгалын дутагдал болоод ороод ирж байгаа. Байдал ийм л байна.
Бидний амьсгалж байгаа утаа, жирэмсэн ээжүүд болон урагт яаж нөлөөлж байгаа талаар бид ЭНЭҮТ-ийн Дутуу төрөлтийн тасгийн эрхлэгч О.Алтанзулаас тодрууллаа.
Тэр ярихдаа, “Энэ оны байдлаар зөвхөн ЭНЭҮТ-д 1000 гаруй эмэгтэй утаанаас үүдэлтэй хохирсон. Тодруулбал дутуу төрөлт 400 гаруй буюу нийт төрөлтийн 10 хувь. Харин өсөлтгүй жирэмслэлт 400 гаруй байгаа бол бүрэн бус зулбалт 300 гаруй бүртгэгдсэн. Энэ нь нэг эмнэлгийн хувьд их тоон үзүүлэлт. Ялангуяа хавар, өвлийн улиралд өсөлтгүй жирэмслэлт, бүрэн бус зулбалт нэмэгдэх хандлагатай байгаа нь агаарын бохирдолтой холбоотой байж магадгүй. Манай эмнэлгийн нийт үйлчлүүлэгчтэй харьцуулж үзэхэд энэ бол их тоо. Одоо бол эрүүл жирэмслэлт тээхэд хэцүү болчхоод байна. Энэ бол нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн хувьд аюултай үр дүн. Аюултай тоо баримт” гэлээ.