Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг тойрсон хэрэг олны анхаарлын төвд ороод байгаа. Юн Сог Ёл Ерөнхийлөгч арванхоёрдугаар сарын 3-нд улс орон даяар онцгой байдал зарлаж, Сөүл хотын гудамжуудад зэвсэгтэй цэргүүдийг байршуулсан билээ.
Мөн, 12-ны өдөр телевизээр үг хэлэхдээ, өнгөрсөн долоо хоногт онц байдал зарласан нь зөв шийдвэр байсан, хуйвалдаан зохион байгуулсан гэж өөрийг нь буруутгаж буйг эрс няцаасан.
Онц байдал зарлах шийдвэрийг гаргах болсон шалтгааныг тайлбарлахдаа, улс эх орон, үндэстнээ хамгаалах, мөн төрийн үйл ажиллагааг хэвийн байдлаар явуулахын тулд хэмээн өөрийгөө зөвтгөсөн.
Харин, энэ өдрүүдэд Юн Сог Ёлийн импичмент үүсгээд байгаа юм. Импичмент (Impeachment) гэдэг нь өндөр албан тушаалтныг хариуцлага алдсаных нь төлөө буруутгаж шүүхэд татахыг хэлдэг. Тиймээс, Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг албан тушаалаас нь огцруулж, түүнд хариуцлага хүлээлгэхийг Өмнөд Солонгосын ард иргэд шаардаж, гудамж талбайд эсэргүүцлийг жагсаал өрнүүлж эхэлсэн.
Өмнөд Солонгосын парламентын гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд цэргийн дэглэм тогтоож, дараа нь тушаалаа цуцалсны дараа түүнийг огцруулах санал дээр энэ арванхоёрдугаар сард хоёр дахь удаагаа санал хураах төлөвтэй байна.
Өнгөрсөн долоо хоногт хамгийн том сөрөг хүчин болох Ардчилсан Намаас Юн Сог Ёлийг огцруулах оролдлого хийсэн ч эрх баригч “Ард түмний хүч” намын ихэнх гишүүд санал хураалтад оролцохоос татгалзсаны улмаас Юн Сог Ёль албан тушаалаа хадгалж чадсан.
Үүний дараа, эрх баригч “Ард түмний хүч” намын /PPP/ удирдагч Хан Дун Хун Ерөнхийлөгч албан тушаалдаа үлдэх эсэх талаар байр сууриа хэд хэдэн удаа өөрчилсөн мэдэгдэл хийсэн. Харин Пүрэв гарагт тэрбээр импичментийг дэмжиж, эрх баригчид “цаашдын эмх замбараагүй байдлыг таслан зогсоох ёстой” гэсэн мэдэгдэл хийв. Гэсэн ч, тэрбээр намынхаа гишүүдийг тодорхой байр суурь баримтлахыг шаардаагүй, зөвхөн өөрсдийн итгэл үнэмшлийн дагуу саналаа өгөхийг уриалжээ.
Өмнөд Солонгост импичмент зарлахад Үндэсний ассамблейн гишүүдийн гуравны хоёроос багагүй хувь буюу 200 хүний дэмжлэг авах шаардлагатай. Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн харъяалагддаг эрх баригч “Ард түмний хүч” намын төлөөлөл 108 суудал эзэлдэг бол сөрөг хүчний төлөөлөл 192 суудалтай байгаагаас 171 нь Ардчилсан Намын гишүүд.
Хэрэв Парламент импичментийг баталбал Ерөнхийлөгчийн ажлыг зогсоож, Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг хүлээх болно. Үүнд шүүх 180 хоног зарцуулах боломжтой.
Үүний зэрэгцээ, Өмнөд Солонгосын хууль сахиулах байгууллагууд Ерөнхийлөгчийг баривчлах тушаал гаргаж өгөх хүсэлтийг шүүхэд тавьж магадгүй гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлсээр байна. Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг үймээн самуун гаргах оролдлого хийж, улс орноосоо урвасан хэмээн үзэж, буруутгаж байгаа юм. Мөн түүний утасны дуудлага, мессеж зэрэг харилцаа холбооны хэрэгслийг нь хураан авах хүсэлтийг цагдаагийн байгууллага хэлэлцэж байгаа аж.
“Gallup”-ийн санал асуулгын дүнгээс харахад сүүлийн өдрүүдэд Юн Сог Ёлийн ажлын үнэлгээ буюу рейтинг нь даруй 11 хувь болтлоо буурсан. Энэ нь түүний төрийн тэргүүнээр ажилласан бүх хугацааны хамгийн доод үзүүлэлт. Өнгөрсөн долоо хоногт энэ хувь 13 байсан.
Өмнөд Солонгосын ард иргэд урт хугацааны туршид Ерөнхийлөгчдөө сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр ирсэн. Жишээ дурдахад, энэ оны долоодугаар сард тус улсын парламентын цахим хуудсанд түүнийг огцруулахыг шаардсан өргөдөлд 1 сая гаруй иргэн гарын үсэг зурсан. Уг өргөдөлд Юн Сог Ёлийг улс оронд нүүрлэж буй хямралын улмаас огцрох ёстой гэж мэдэгджээ. Ард иргэд Өмнөд Солонгос болон Умард Солонгос буюу БНАСАУ-ын хооронд үүссэн хурцадмал байдал, мөн эдийн засгийн байдал муудаж, авлига хээл хахууль дэлгэрч байгаад Юн Сог Ёлийг буруутгаж байгаа аж.
Мөн, арваннэгдүгээр сард Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр Юн Сог Ёль болон түүний эхнэртэй холбоотой дуулиан шуугиан тасраагүй. Тэднийг намын дотоод сонгуулийн үйл явцад хууль бусаар нөлөөлсөн хэмээн буруутгаж байгаа юм. Харин, Ерөнхийлөгч Юн Сог Ёль “бид ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй” гэж өөрийгөө зөвтгөсөөр ирсэн.
Юн Сог Ёлийг ард иргэдийн зүгээс Үндсэн хуулийг зөрчсөн, түүнийг эрх мэдлээ хадгалахаар мэлзэж байна гэж өргөн хүрээнд шүүмжилж байна. Иргэдийн эсэргүүцэл, жагсаал цуглаан үргэлжилж байгаа ба энэ үйл явдал нь 2017 онд Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулсанаас хойших хамгийн том улс төрийн дуулиант хэрэг болоод байна.