“Хил хязгааргүй сэтгүүлчид” (RSF) байгууллагын тайланд дурдсанаар 2024 онд дэлхийн 17 улсад 54 сэтгүүлч амиа алджээ. Тиймээс, 2024 он нэг жилийн хугацаанд хамгийн олон сэтгүүлч амиа алдсан жил болж байгааг тус байгууллагын мэдээлэлд дурджээ.
Дайны бүсэд 31 сэтгүүлч буюу нийт сэтгүүлчдийн 57.4 хувь нь амь үрэгдсэн нь 2020 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм.
Ихэнх сэтгүүлчид, тодруулбал 16 сэтгүүлч Газын зурвас дахь тулааныг сурвалжлах үеэр амиа алджээ. “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагынхны онцолж буй нэг зүйл бол Израйлийн цэргийн ажиллагааны улмаас сэтгүүлчид амиа алдсан ба бараг бүх тохиолдолд Израйлийн зүгээс сэтгүүлчдийн амийг санаатайгаар хөнөөсөн гэж үзсэн. Харин, Израйлийн талаас үүнийг санамсаргүй хэргүүд гэж тайлбарлаж байгаа боловч эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сэтгүүлчдийн мөрдлөгүүд энэ тайлбарыг эргэлзээтэй болгож байгаа юм.
2023 оны 10-р сард Газын зурваст байлдааны ажиллагаа эхэлснээс хойш хамгийн багадаа 145 сэтгүүлч амь үрэгдсэний 35 нь мэргэжлийн үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн талаар “Хил хязгааргүй сэтгүүлчид” тэмдэглэж байсан. Үүнээс гадна, сэтгүүлчид Ирак, Судан, Мьянмар, Украйн дахь байлдааны ажиллагааг сурвалжилж байгаад амиа алдсан байна.
Одоогийн байдлаар Дэлхийн хэмжээнд 550 сэтгүүлч шоронд хоригдож байгаа аж. 2024 онд саатуулагдан баривчлагдсан сэтгүүлчдийн тоо даруй 7.2%-иар өсжээ. Баривчлагдан хоригдож буй нийт сэтгүүлчдийн бараг тал хувь нь БНХАУ-д (124 байгаагаас 11 нь Хонконгод), Мьянмар (61), Израйль (41), Беларусь (40) гэсэн дөрвөн улсад байгаа аж.
“Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас мөн ОХУ-ыг хорих ялыг хараат бус сэтгүүл зүйг дарах хэрэгсэл болгон ашигладаг хэмээн буруутгаад байна. ОХУ-д 38 сэтгүүлчийг саатуулан хорьсон ба тэдний дөрөв нь шоронд амиа алдсан Оросын сөрөг хүчний идэвхтэй төлөөлөгч Алексей Навальныйгийн шүүх хурлыг сурвалжилж байсан хэргээр саатуулагдсан (Антонина Фаворская, Сергей Карелин, Константин Габов, Артем Кригер) байна.
Мөн, тус байгууллагын мэдээлснээр, 55 сэтгүүлч барьцаалагдсаны ихэнх нь буюу 70% нь бослого үймээнтэй байгаа Сирид байгаа аж. Үүнээс гадна, Дэлхийн 34 улсад 95 сэтгүүлч ор сураггүй алга болсон гэх тоо байна.
“Сэтгүүлчид үхдэггүй, тэднийг хороодог. Тэд хоригддоггүй, тэднийг дэглэмүүд хорьдог. Тэд алга болдоггүй, тэднийг хулгайлдаг. Энэ бүх хэргүүдийг ихэвчлэн засгийн газрууд болон зэвсэгт бүлгүүдийн зохион байгуулдаг, энэ бол олон улсын хууль зөрчсөн гэмт хэргүүд бөгөөд ихэнхдээ ял шийтгэлгүй орхигддог” хэмээн “Хил хязгааргүй сэтгүүлчид”-ийн тэргүүн Тибо Бруттен хэлсэн юм.