Цаг агаар хүйтэрч, агаарын бохирдол нэмэгдэж буй энэ үед хүүхдүүдийн томуу, томуу төст өвчний халдвар нэмэгддэг. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 30 хувь нь ханиаднаас үүдэн гэртээ асруулах шаардлагатай болсон байна. Тэгвэл хүүхдийнхээ ханиадыг хэрхэн хүндрүүлэхгүйгээр эмчлэх талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас зөвлөжээ.
ХҮҮХЭД МИНУТАД 40-ӨӨС ДЭЭШ АМЬСГАЛАХ ЮМ БОЛ АМЬСГААДАЖ БАЙНА ГЭЖ ҮЗНЭ
Тэрбээр, Амьсгалын замын эмгэгийн үндсэн илэрдэг шинж тэмдэг нь хүүхэд амьсгаадаад эхэлнэ. Амьсгал олширно гэсэн үг. Мөн ханиалгана, хамар битүүрнэ. Эмгэгийн шинж тэмдэг илэрсэн үед эмчид хандахдаа хүүхдийнхээ нэг минутад хэд амьсгалж байгааг тоолоод очвол эмчилгээнд үр дүнтэй байдаг. Хоёроос дээш насны хүүхэд минутад 40-өөс дээш амьсгалах юм бол амьсгаадаж байна гэж үзнэ. Халуурсан тохиолдолд амьсгалын тоо нэмэгдэнэ гэдгийг санах хэрэгтэй. Хүүхэд амьсгал авч гаргах явцад ямар нэгэн байдлаар саад үүсвэл яаралтай эмчид хандах нь чухал. Жишээ нь цээж нь хүржигнэх, өндөр халуурах, идэж уух болгондоо бөөлжиж шингэн алдах үед зайлшгүй эмчид хандах шаардлагатай.
“Манай хүүхэд юм идэх болгондоо бөөлжөөд байна” гээд эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолыг нь хорьчихдог. Энэ нь өвчин эмгэг нь улам хүндрэх нөхцлийг бий болгодог. Хордлого нь ихэснэ гэсэн үг. Энэ үед хорсоол уулгаж гадагшаа алдаж байгаа эрдсүүдийг нь нөхөж өгөөрэй. “Хорсоол уугаад зүгээр болохгүй байна. Доошоо шингэн алдсан хэвээр байна” гэж эцэг эхчүүд ярьдаг. Гэвч хорсоол бол зөвхөн шингэн, эрдсийг нөхөх үүрэгтэй. Тиймээс бүлээнээр нь бага багаар өгөх нь зүй. Манайхан хүүхдийнхээ угжинд хийж өгөх зэргээр алдаа гаргадаг. Эрдэс шингэнийг нь нөхөж чадвал хүүхэд хүндрэхгүй.
Хүүхэд өндөр халуурсан бол хувцсыг нь нимгэлж, хүйтэн жин тавих хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдэдээ “тэр сайн, энэ сайн” гээд л авч уулгаад байдаг. Энэ нь хүүхдийг улам хордуулж хямраана. Шингэн алдаж байгаа тохиолдолд хүүхдийнхээ тараг нухаш зэргийг түр зогсоох хэрэгтэй.
ДАРХЛАА ДЭМЖИХ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХҮҮХДИЙН ХАНИАД ХҮНДРЭХ НЬ БИЙ
Мөн асаргаа маш чухал. Хүүхдийн дархлаа өөрөө маш сайн байдаг. Гэхдээ манайхан жаахан ханиад хүрэхээр нь дархлааны эм, лаа хэрэглээд байдаг. Энэ маш буруу. Хүүхдэд шингэн бүлээн зүйл маш сайн уулгах хэрэгтэй. Уудаг энгийн хэмжээнээс нь 2-3 дахин илүү уулгах шаардлагатай. Ингэхдээ ус, хярам, цай өгвөл зүгээр. Аль болох ундаа, чихэрлэг зүйлээс татгалзах нь зүй. Ханиадтай хүүхдийн хоолны дуршил багасдаг учраас бага багаар ойр ойрхон шим тэжээлтэй хоол өгөх шаардлагатай юм.
Түүнчлэн дэлгэцийн хамаарлаас үүдэн хүүхэд ядарч, дархлаа нь сулардаг болохоор аль болох утас оролдохгүй байж, 21-22 цагийн хооронд орондоо орсон байх шаардлагатай.
Мэдээж 38 хэмээс дээш халуурвал халуун буулгах эм уулгаж болно. Гэхдээ манайхан хүүхдээ халуурахаар лаа, парацетенмол зэргийг хольж хэрэглэх, нэг эмээ ойр ойрхон уулгах зэрэг алдаа гаргадаг. Хүүхдийн жинд тохируулж эм өгөөгөөгүйгээс үүдэн хүндрэл үүсэх нь бий. Тийм учраас заавал эмчийн заалтаар халуун буулгах эм хэрэглэнэ. Эм уулгахдаа цагийн зайг нь мэдэж байх шаардлагатай. Ялангуяа парацетенмолыг зургаан цагийн дотор дахин хэрэглэж болохгүй. Учир нь энэ эм элэг гэмтээдэг. Харин ибупрофенийг найман цаг дотор дахиж хэрэглэхгүй. Ходоод гэдсийг цочроох үйлдэл үзүүлдэг юм.
ХҮҮХЭД ТОМ ХҮНИЙ ЖИЖИГРҮҮЛСЭН ХУВИЛБАР БИШ УЧРААС ЭМ ТАЛЛАЖ ӨГӨХӨӨ БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Хүмүүс ойлгохдоо хүүхдийг том хүний жижигрүүлсэн хэлбэр гэж ойлгоод байдаг. Том хүний бүтнээр уудаг эмийг хүүхдэд таллаж өгөх жишээтэй. Тийм зүйл байж болохгүй.
Ханиад шуухинаа нь хүүхдийн дархлаа сайн байгаа тохиолдолд 5-7 хоногт шинж тэмдэг нь арилж эдгэрнэ. Тэр хугацаанд нь эмийг нь өгөөд цэцэрлэгт нь явуулчихдаг. Энэ нь их эрсдэлтэй. Хүүхдийн ханиад хүндэрнэ. Бусад хүүхдүүддээ ч халдаана. Тиймээс гэртээ 3-5 хоног дахин асарчих юм бол бүрэн эдгэрнэ гэлээ.