“Сөрөг хүчин” нэвтрүүлгийн шинэ дугаарыг ЭНД дарж үзнэ үү
“Улаанбаатар улсын хаан” Х.Нямбаатар ээлж дараалсан шорвог шийдвэрээр иргэдийг “шагнаж”, “хаан” гэдгээ батлан 2025 оны нийслэлийн төсвийг хаалттай батлуулаад, иргэдэд тайлбар өгөхөөс удаа дараа татгалзлаа. Харин өнөөдөр ЗГХЭГ-аас Х.Нямбаатарт 2025 оны нийслэлийн төсвөө хүчингүй болгох чиглэл өгсөн юм.
НИЙСЛЭЛ ТҮРҮҮЛЭЭД ТӨСВӨӨ БАТАЛНА ГЭДЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ
Бид асуудалтай холбогдуулан Эдийн засагч А.Батпүрэвээс нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Тэрээр, Зургаан их наяд төгрөгийн зардалтай төсвийн задаргаа мэдээлэл, төсөвт тулгуурласан хэлэлцүүлэг байхгүй, маш хаалттай явчхаж байгаа юм. Хамгийн гол асуудал нь Монгол Улсын нэгдсэн төсөв батлагдаагүй байна. Ерөнхийлөгчийн хориг тавьсантай холбоотой, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Засгийн Газар шинээр өргөн бариад хэлэлцэж байгаа. Үүнд тааруулж, аймаг, нийслэл төсвөө батлах ёстой. Гэтэл нийслэл түрүүлээд төсвөө батална гэдэг байж болохгүй. Төсвийн асуудал шатлал, дэс дараатай байх ёстой.
Түгжрэл их байгаа учраас татвараа нэмлээ гэх. Үгүй бол ингээд байж бай гэдэг буруу хандлага анзаарагдаж байна. Татвар нэмээд, мөнгө олж байж асуудлаа шийдэх юм шиг яриад байх юм. Мөнгөгүй байгаадаа асуудал байна уу гэвэл үгүй шүү дээ. Бид мөнгөө хэр оновчтой ашиглаж байгаа юм бэ гэдгийг харж байгаа” гэлээ.
ТАТВАРЫН НЭМЭГДЭЛ ГЭХЭЭС ИЛҮҮ ҮР ДҮНД САНАА ЗОВЖ БАЙНА
Харин нийслэлийн төсөвтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин байр сууриа илэрхийллээ.
Тэрээр ярихдаа, “Төсөвгүй байж буруудсанаас төсвөө хэлэлцээд буруудъя гэдэг хандлагаар явж байгаа юм байна гэж ойлгосон. Жолооч хүний хувьд, Улаанбаатар хотод амьдларч байгаа иргэнийхээ хувьд, татварын нэмэгдэл гэхээс илүү бүтээмж, үр дүнд нь санаа зовж байна” гэв.
2025 оны нийслэлийн төсвийн 86 хувийг татварын орлогоор бүрдүүлнэ. Үүнд, автомашины татварыг 2-3, зам ашигласны татварыг 5 дахин нэмэхээр болсон нь олны шүүмжлэлийг дагуулав. Татварын нэмэгдэлд иргэд таатай хандахгүй байгаагаа ч илэрхийлсэн юм.
ТА НАРТ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙНА УУ?
Иргэд:
- Шууд огцом нэмэх нь буруу гэж бодож байна. Эхлээд замынхаа нөхцөл байдлыг сайжруулаад, нэмбэл бид дургүйцэхгүй. Мөнгө угаалтаа ард иргэдийн халааснаас нөхөх гээд байна. Би ингэж л хардаж байна.
- Гадаадын жишгийг дуурайх гээд байгаа юм. Гэтэл гадын орны цалин хөлс, иргэдийн амжиргаа манайхтай харьцуулах хэмжээнд билүү гэдгийг бодох хэрэгтэй.
- Бид нэмэгдсэн татвараа төлж болох ч, үр ашиг нь яаж гарах талаар ямар ч нээлттэй мэдээлэл алга.
- Ойлгомжгүй нөхцөл байдал иргэдийн дунд хардалт сэрдэлт, замбараагүй нөхцөл байдал үүсгэж байна. Гол асуулт нь, “Та нарт төлөвлөгөө байна уу?”
ТАТВАР НЭМСНЭЭР ИРГЭДИЙН ХАЛААСНААС ГАРАХ МӨНГӨ БАГАСНА ГЭВ
Хаалттай хуралдаанаао баталсан нийслэлийн төсвийн тухай НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай дараах тайлбарыг хэллээ.
-Нийслэлийн төсвийн төслийг танилцуулсан өдрөөс эхлэн шүүмжлэл дагуулаад эхэллээ. Та нэг тайлбар хэлээч? Улсын төсөв дээр 14 мега төслийг чухалчилж байгаа шиг Нийслэлийн төсөв дээр ямар бодлогоор ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөөч?
-Гол хийх ажлаа хэлсэн шүү дээ. Асуудлыг сууриар нь шийднэ гээд. Бид олон жил худлаа ярьж аргацааж явсаар байгаад асуудал хүндэрсэн. Бидний төвлөрч байгаа зүйл бол асуудлыг сууриар нь шийдэх. Ингэхийн тулд зөв зах зээлийн эргэлттэй систем байх ёстой. Тиймээс томоохон төслүүд буюу, орон сууцжуулах, цахилгаан станц руу төвлөрч байна.
-Зам ашигласны татвар, автомашины татвар гээд л нэмээд байна. Яг юу хийх гэж байгаа вэ гээд иргэд бухимдалтай байна. Бүх замынхаа бродюрыг солих юм биш биз дээ.
-Үгүй. Үүн дээр би маш тодорхой зүйл хэлье. Би саяхан хоёр сонирхолтой статистик харсан. Нэг нь жил болгон монголд орж ирж байгаа машины сэлбэгийн тоо хэмжээ. Албан байдлаар бүртгэгдэж байгаа нь 52 сая доллар байсан байх. Замын эвдрэл, нүхнээс болж бид машинаа их эвдэлдэг. Энгийнээр харахад татвар нэмэгдээд байгаа мэт боловч, машин унаж байгаа хүний халааснаас гарах зардал багасна. Тэр нь юу гэхээр, авто замын арчилгаа, үйлчилгээ.
НҮХГҮЙ ЗАМ ДЭЭР ТҮГЖРЭЭ ҮҮСЭХГҮЙ
-Тэгэхээр нэмсэн татвараараа замаа засна гэсэн үг юм уу?
-Замын арчилгаа, үйлчилгээ. Засна гэдэг маш сонин ойлголт. Нүхгүй зам дээр хурдан явна. Ингээд түгжрэлд нөлөөлнө. Хоёрдугаарт машин эвдрэхгүй. Улаанбаатарт 19 томоохон төсөл хөтөлбөр эхлүүлэх гээд дэд бүтцийн ажлаа хийж байгаа. Үүнд төсөв мөнгө хүрэхээргүй байгаа. Бид үүнийг төр хувийн хэвшлийн түншлэл, гадаадын буцалтгүй тусламж, урт хугацааны зээлээр шийдэх гэж байгаа.
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ЗАРЛАГЫГ 16.2 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТАНАЖ БОЛНО ГЭВ
Нийслэлийн төсвийн зарлагыг 16.2 тэрбум төгрөгөөр танаж болох тухай аудитын дүгнэлт гарсан.
Тодруулбал,
- Судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ авах, зангиатай уулзалт арга хэмжээнд 2.1 тэрбум төгрөг,
- Хэрэгцээ шаардлага тодорхойгүй үйл ажиллагаанд 3.5 тэрбум төгрөг
- Нэг удаагийн шинжтэй тэвчиж болох зардалд 1.6 тэрбум төгрөг
- Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын дүрмийн сангийн хөрөнгө гэх нэршилтэй 9 тэрбум төгрөг
- “Шинэ зуун мод хот” тэргүүтэй компаниудын хөрөнгийн санд 7 тэрбум төгрөг төсөвлөхөөр заасан нь төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцэхгүй байгааг шинжээч өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв.
Утаандаа хордож, түгжрэлд цагаа барж цөхөрсөн иргэд талбай дээр тайван жагсаал зохион байгуулж эхэллээ. Тэд хаалттай мэдээлэлд ундуйцаж ханаад, эрх баригчдад төлөвлөгөө байгаа эсэхийг, мөн зөвхөн үнэнийг л мэдэхийг хүсэж шалдаа буухад хүрчээ.Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар та нийслэлийн төсвийн талаар, ямар төлөвлөгөөтэй яаж ажиллаж, иргэдийнхээ наад захын эрхийг хэрхэн хангах тухайгаа танилцуулахыг шаардаж байна.