УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж оройн 23 цаг 35 минутанд дуусган, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон бусад байнгын хороодод шилжүүллээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны шинэ төсвийн зарим тоон үзүүлэлт болон орлого, зарлага, хэмнэлт хийсэн хэсгүүдийг харуулъя.
Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлын өсөлт:
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын урсгал зардал хамгийн өндөр байгаа буюу уг урсгал зардалд Тэтгэвэр, Асаргааны тэтгэмж, Халамжийн тэтгэвэр, Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг тус бүр 6 хувиар нэмэгдүүлэх, Хүүхдийн мөнгөн тэтгэмж, Эхийн алдар одонтой эхчүүдэд олгох мөнгөн тусламжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн, 2024 оны дөрөвдүгээр сараас тэтгэврийн хэмжээг 100.0 мянган төгрөгөөр нэмсэний нөлөөлөл, Цалинтай ээжийн тэтгэмж, Ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсэн, амаржсан эхийн тэтгэмж, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, Оршуулгын тэтгэмж, Сум, хороо бүрт хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулах зэрэг нийгмийн шинжтэй зардлууд багтаж байгаа юм.
Түүнчлэн өмнөх төсөвт тусгасан буюу шинэ төсөвт хасагдаагүй орж ирсэн зардлууд:
- Төрийн албан хаагчдийн цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан 6 хувь нэмэгдүүлэх – 438,540 тэрбум төгрөг
- Эрчим хүчний реформтой холбоотойгоор ТЕЗ нарын гэрэл цахилгаан, халаалтын зардал нэмэгдүүлсэн – 177,613 тэрбум төгрөг
- Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардал – 44,009 тэрбум төгрөг
2025 оны төсвийн өмнөх төслөөс зарлага хэмнэх чиглэлийн хүрээнд нийт 2.3 их наяд төгрөгийн зардлын хасалт хийсэн байна.
Төсвийн нийт орлого өмнөх төсвөөс 394,7 тэрбум төгрөгөөр буурч 33,5 их наяд төгрөг байна. Доорх хүснэгтээс төсвийн орлого буурсан задаргааг харна уу.
Харин зардалын таналт хийхдээ хөндөж болохгүй зардлууд бий. Үүнд Хүүхдийн мөнгөн тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин, 36 сарын тэтгэмж гэх мэт 18.2 их наяд төгрөгийн зардлыг хэвээр үлдээсэн байна.
Гэхдээ хасагдсан зардлыг багцлан харвал, Урсгал зардлаас 700 тэрбум, Хөрөнгийн зардлаас 800 тэрбум, Гадаад зээлийн ашиглалтаас 700 тэрбум төгрөг буюу нийт 2.3 их наяд төгрөгийг өмнөх төсвийн зардлаас хассан байна.
Түүнчлэн төсвийн хуулийг дагаж зарим хуулийг хүчингүй болгож, хэрэгжиж эхлээгүй болон зарим хөтөлбөр, арга хэмжээг зогсоох, хойшлуулж зардлыг хэмнэж байна.
Үүнд:
Мөн НЭГ УДАА ХОЙШЛУУЛЖ БОЛОХ зардлыг бууруулж байна.
Бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтыг дахин эрэмбэлсний үндсэн дээр нийт 36 төслөөс доорх 10 төслийг ХОЙШЛУУЛж байна. Эдгээр төслүүдийн ихэнх нь Зам, тээврийн сайдын багцаас санхүүжих төслүүд буюу автозамын доорх бүтээн байгуулалтуудын төсвийн санхүүжилтийг хойшлуулах замаар төсвийн хэмнэлт хийжээ.
Гадаад зээлийн ашиглалтаас Үндэсний хиймэл дагуулын төслийг хассан байна.
Ийнхүү 2025 оны төсвийг алдагдалгүй баталснаар дараах эерэг үр дүн гарна гэж Засгийн газар үзэж байна.
Цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн орчныг сайжруулах, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн бүтээмжийг дээшлүүлэх замаар төсвийн хэмнэлтийг нөхөх чиглэлд ажиллаж байна хэмээн Сангийн сайд өргөн барьсан төсвөө танилцуулсан.
Өнөөдөр үдээс өмнө 2025 оны төсвийн төслийг байнгын хороодоор хэлэлцэн, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараагийн хэлэлцүүлгийг хийх юм.