Хөгжлийн бэрхшээлтэй иргэд таеквондогийн спортоор
үнэ төлбөргүй хичээллэх боломжтой
Үндэсний пара таеквондогийн шигшээ багийн тамирчид 2024 онд Парисын паралимпээс алт, мөнгөн медалийг хослуулан хүртсэн амжилттай энэ оноо үдэж байна.
Тэдний хувьд энэ онд 5-6 Олон улсын тэмцээн уралдаанд оролцон, 100 хувийн амжилт үзүүлжээ.
Тэгвэл Монголын олимпын таеквондогийн холбооноос нэгэн үйл ажиллагааг онцлоход 2021 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийслэл болон орон нутагт таеквондогийн спортоор үнэ төлбөргүй хичээллэх боломжийг олгож өгчээ. Шинэ оны өмнөхөн бид Монголын үндэсний пара таеквондогийн шигшээ багийн дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, МУГД Н.Эрдэнэбаатартай цөөн хором ярилцсан юм.
-Сайн байна уу? Спортын холбоод дараа үеийн залгамж халаагаа бэлтгэх, тэр дундаа бүх л иргэдэд спорт, нийтийн биеийн тамираар хичээллэх боломжийг олгох боломжийг нээж өгөх нь илүү үр дүнтэй харагддаг. Тэгвэл танай холбооны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд 2021 оноос бодит ажлыг эхлүүлжээ?
-Сайн байна уу? Манай холбоо 2021 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэд таеквондогийн спортоор Улаанбаатар хотын бүх клубүүд болон үнэ төлбөргүй хичээллэх салбарыг нээж, боломжийг олгож өгсөн. Нийслэл хот болон хөдөө орон нутагт хаана ч очсон үнэгүй хичээллэх, хамрагдах хүрээг нь нэмсэн байгаа.
-Энэ онд үндэсний пара таеквондогийн шигшээ багийнхан зорьсон зорилгодоо хүрч, Монгол улсад түүхэндээ паралимпын наадмаас энэ төрлөөр хоёр тамирчин медаль зүүлээ. Энэ бол олон жилийн нөр их хөдөлмөр хамгийн гол нь “Баг хамт олон”-ын нэг зүг рүү хамтдаа тэмүүлсэн зорилгын үр дүн байх?
-Энэ жил шигшээ багийн тамирчдын хувьд бид нар 2024 он гарснаас хойш тасралтгүй БНСУ-д бэлтгэл хийгээд, Иранд болсон тэмцээнээс хоёр мөнгөн медаль хүртсэн. Олимпын эрхийн тэмцээнд хоёр тамирчин явж оролцоод Х.Тимербек мөнгөн медаль хүртсэн ч паралимпын эрхээ хараахан авч чадаагүй. Түүний дараагаар бид Европын аварга шалгаруулах тэмцээн, Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр тамирчин хоёулаа алтан медаль хүртэж Паралимпын наадамд оролцсон байгаа. Паралимпын наадмаас алт, мөнгөн медальтай. Ингээд нийт тэмцээн уралдаанаа дүгнээд хэлэхэд 90-100 хувьтай амжилт үзүүлсэн гэж харж байна.
-Таны хувьд Парагийн шигшээ баг дээр ажиллахаас гадна “Алдар” спорт хорооны дасгалжуулагчаар ажилладаг. Улс эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгадаг тамирчдын дотор “Алдар” спорт хорооны тамирчид нэлээдгүй жин дардаг?
-Батлан хамгаалах яамны дэргэдэх “Алдар” спорт хорооны хувьд бол спортын 17 төрлөөр тамирчид хичээллэж байна. Таеквондогийн төрөлд энэ жил Цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай хорооны тамирчин хүрэл медаль хүртсэн.
Улсын хэмжээнд 13 мянган хүн таеквондогийн спортоор хичээллэж байна
-Нийтдээ энэ спортын төрлөөр хэдэн хүн хичээллэж байгаа гэсэн судалгаа бий юу?
-Улаанбаатар хотын 50, хөдөө орон нутаг нийлээд 80 гаруй клубт нийт 12-13.000 хүн хичээллэж байна. Дотоодын тэмцээн уралдаанд нас насны ангиллаар харахад өсвөр насанд 1300 хүүхэд хичээллэж байна. ЕБС-иуд мөн хувийн сургуулиуд таеквондогийн спортыг сонирхож маш эрчимтэй хичээллэж, бас энэ хүүхдүүдийн хүмүүжил талд нь нэлээд хэрэгтэй спорт юм болов уу гэж онцолж хараад өргөн хүрээнд хичээллүүлж байгаа нь онцлогтой. 10 гаруй мянган тамирчин таеквондогийн спортоор тогтмол хичээллэж байна.
-Таеквондогийн спорт нь дотроо хэдэн төрөлтэй вэ?
-Манай олимпын таеквондогийн спорт дотроо нийт 5 төрөл байдаг. Тулаан, хатуу биет, үзүүлэх тоглолт, пүмсэ, пара гээд төрлүүдтэй.
Манай холбооны зүгээс гол баримталж буй чиглэл бол 6-аас дээш насны хүүхдүүдийг Улаанбаатар клуб, сургуулиуд хичээллүүлэхээр авч байна. Зарим нэг цэцэрлэгийн насны хүхдүүдийг бид нар бодлогоор хөгжүүлээд явж байна.
Мэдээж мэргэжлийн тамирчин болгох гэж байгаа хүмүүс байна. Нийт массаараа спортоор дамжуулж хүүхдүүдэд зөв хүмүүжүүл олгоё гэсэн бодлогыг манайх илүү анхаарч, нийтийн биеийн тамир тал руугаа түлхүү хөгжүүлээд, ахмад настай хүмүүс ч гэсэн энэ спортоор хичээллэх боломжтой. Одоо насанд хүрэгчдэд зориулсан хэд хэдэн ангиуд нээгдээд гарч байна. Ийм онцлогтойгоор явж байна.
-2025 онд шигшээ багийн тамирчдыг ямар тэмцээн уралдаан хүлээж байгаа вэ?
-Ирэх оны гуравдугаар сараас тэмцээнүүд эхэлж байна. Мэдээж тивийн аварга, опен тэмцээнүүд гээд оноо цуглуулах тэмцээн бий. Манайх нэг цикл дуусаад оноо цуглуулдаг болчихсон. Энгийн тамирчид ч, пара ч тэр бүгд адилхан.
Бид нарын хувьд 2025 онд энгийн болон пара аль алинд нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байж байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ амжилтаа бататгаж аваргууд төрүүлэх гэсэн зорилгууд байж байна. Энгийн дээрээ сайн оролцох, хараахан шигшээ багийн дараагийн цикл рүүгээ төр засаг маань анхаарлаа хандуулан жигдэрч амжаагүй байна. Гэхдээ холбооны зүгээс дараагийн цикл рүүгээ анхаараад явж байгаа. Тэгээд тивийн аваргууд байж байна, нээлттэй тэмцээнүүд байж байна. Оноогоо цуглуулж дараагийн циклдээ дөхсөн хэмжээнд явж байна. Гол тэмцээн бол Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Тэгээд 2025 онд парагийн төрөл дээр 2026 оны Азийн наадмын эрхээ авдаг байгаа. Пара эрхээ авч оролцдог, энгийн нь шууд оролцдог. Энэ нь пара эрх авахын тулд оноогоо цуглуулна гэсэн үг. Ийм гол гол зорилтуудтай явж байна даа.
Ярилцсанд баярлалаа.