Хотын дарга Х.Нямбаатараас нийслэлийн төсөвтэй холбоотой тодруулга авахыг хүссэн боловч, хот догны завсрын зайдас шиг хаалганд хавчуулагдаад үлдлээ. Уг нь бид түүнд загнуулж, зандчуулах гэж очоогүй. Нийслэлийн төсвийн 86 хувийг татварын орлогоор бүрдүүлэх, автомашины татварыг 2-3, зам ашигласны татварыг 5 дахин нэмэх, мөн шинэ жил хийхээр хагас тэрбус төгрөг төсөвлөсөнтэй холбоотой асуудлаар тодруулга авахыг хүссэн. Гэвч тэр тайлбар өгөхөөс татгалзаад, нарийн мэдээллээ өгөөгүй атал, “төсвийн төслөө судал” гэж сэтгүүлчид үүрэгдэн хаалгаа тас хаав.
Харин бид асуудалтай холбогдуулан НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаас тодрууллаа.
-Нийслэлийн төсвийн төслийг танилцуулсан өдрөөс эхлэн шүүмжлэл дагуулаад эхэллээ. Та нэг тайлбар хэлээч? Улсын төсөв дээр 14 мега төслийг чухалчилж байгаа шиг Нийслэлийн төсөв дээр ямар бодлогоор ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөөч?
-Гол хийх ажлаа хэлсэн шүү дээ. Асуудлыг сууриар нь шийднэ гээд. Бид олон жил худлаа ярьж аргацааж явсаар байгаад асуудал хүндэрсэн. Бидний төвлөрч байгаа зүйл бол асуудлыг сууриар нь шийдэх. Ингэхийн тулд зөв зах зээлийн эргэлттэй систем байх ёстой. Тиймээс томоохон төслүүд буюу, орон сууцжуулах, цахилгаан станц руу төвлөрч байна.
-Зам ашигласны татвар, автомашины татвар гээд л нэмээд байна. Яг юу хийх гэж байгаа вэ гээд иргэд бухимдалтай байна. Бүх замынхаа бродюрыг солих юм биш биз дээ.
Үгүй. Үүн дээр би маш тодорхой зүйл хэлье. Би саяхан хоёр сонирхолтой статистик харсан. Нэг нь жил болгон монголд орж ирж байгаа машины сэлбэгийн тоо хэмжээ. Албан байдлаар бүртгэгдэж байгаа нь 52 сая доллар байсан байх. Замын эвдрэл, нүхнээс болж бид машинаа их эвдэлдэг. Энгийнээр харахад татвар нэмэгдээд байгаа мэт боловч, машин унаж байгаа хүний халааснаас гарах зардал багасна. Тэр нь юу гэхээр, авто замын арчилгаа, үйлчилгээ.
НҮХГҮЙ ЗАМ ДЭЭР ТҮГЖРЭЭ ҮҮСЭХГҮЙ
-Тэгэхээр нэмсэн татвараараа замаа засна гэсэн үг юм уу?
Замын арчилгаа, үйлчилгээ. Засна гэдэг маш сонин ойлголт. Нүхгүй зам дээр хурдан явна. Ингээд түгжрэлд нөлөөлнө. Хоёрдугаарт машин эвдрэхгүй. Улаанбаатарт 19 томоохон төсөл хөтөлбөр эхлүүлэх гээд дэд бүтцийн ажлаа хийж байгаа. Үүнд төсөв мөнгө хүрэхээргүй байгаа. Бид үүнийг төр хувийн хэвшлийн түншлэл, гадаадын буцалтгүй тусламж, урт хугацааны зээлээр шийдэх гэж байгаа.
-Танаж болох 16 тэрбум төгрөг байсан. Үүнийг харсан уу? Жишээ нь бараг хагас тэрбум төгрөгөөр шинэ жил хийх юм уу? Хуралдана, форум зохион байгуулна, судалгаа хийнэ гээд 2.1 тэрбум төгрөг байна. Үүнийг танаж болох талаар аудитын дүгнэлт гаргасан байна.
-Үүнийг Амартүвшин орлогч хариуцах учраас танилцаагүй байна. Би дэд бүтэц, хөрөнгө оруулалтаа хариуцаж байгаа.
-Амартүвшин орлогч Араб явчихсан юм уу?
-Ерөнхий сайдтай уур амьсгадын өөрчлөлтийн уулзалтад явсан.