Намууд дүрмээ батлан, Дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг хойшлуулна
Хавдар судлалын үндэсний төв, АНУ, Сингапур, Франц, Испанийн хавдар судлалын институти болон судалгааны байгууллагууд хамтран элэгний эсийн хавдар дээр зургаан жилийн өмнө генетикийн судалгаа хийж байв. Судалгааг эргэн сануулбал, монголчуудад элэгний эсийн хавдар үүсгэж байгаа “бусдаас” ялгагдах нэг мутаци нь агаарын бохирдлоос үүссэн буюу утаанаас үүсэлтэй байна гэдгийг тодорхойлсон юм.
Судалгааны талаар ХСҮТ-ийн Захирал Т.Эрдэнэхүү ярихдаа,
- Хавдрын эдүүдийг авч, генетиктийн шинжилгээ хийхэд элэгний В, С, Д вирус зэрэг дэлхий дээр нийтлэг байдаг шалтгаанаар ихэнх хавдрууд үүссэн бол тодорхой хувь нь орчны нөлөөтэй үүссэн байна гэх дүн гарсан.
- Бүх мутацийг нь задлаад тодорхойлоход орчны нөлөөтэй хоёр төрлийн мөр үүссэн байсан. Нэг мөр нь хүхрийн исэлтэй холбоотой мутаци. Тэр мутаци нь утаатай холбоотой, нүүрс шатааснаас болж үүссэн байна гэдэг дүгнэлт гарсан байгааг 2022 онд “Хавдрын эмнэл зүйн судалгаа” гэдэг олон улсын сэтгүүлд хэвлэсэн. Одоогоор тодорхойлогдоод байгаа тухайн мутациудыг дэлхийд аль хэдийнээ бүртгэж, тэр нь юутай холбоотой вэ гэдгийг гаргасан байдаг. Монгол хүнд агаарын бохирдолтой холбоотой мутаци байсан бол Европ, АНУ-ын элэгний эсийн хавдартай хүмүүст тэр мутаци байгаагүй. Өөрөөр хэлбэл, монголчуудад элэгний эсийн хавдар үүсгэж байгаа “бусдаас” ялгагдах нэг мутаци нь агаарын бохирдлоос үүссэн буюу утаанаас үүсэлтэй байна гэдгийг тодорхойлсон юм.
- Товчхондоо утаанаас болж эс өөрчлөгдөж, тэр нь хавдар болж хувирч байна гэсэн дүгнэлт гарсан. Генетикийн судалгаа гэдэг шууд нотолгоо. Нэг хүн, 10 хүн дээр ч хийсэн яг нотолгоо болж чаддагаараа онцлогтой. Ямар нэгэн таамаглал биш. Бид 30 жил энэ утаан дунд амьсгалж, амьдарлаа. Өөр улс оронд харагддаггүй, үнэртдэггүй, амтагддаггүй агаарын бохирдлын тухай ярьж байгаа бол манайх харагддаг, үнэртдэг, амтлагддаг, хоолой хорсгодог утааны тухай ярьж байгаа. Түүнийг бид өдөр болгон мэдэрдэг. Утаан дунд олон жил амьдарсан учраас олон жилийн дараа хүний биед хавдар болж гарч ирж байна. Зөвхөн хорт хавдар бус, богино хугацаандаа уушгины өвчлөл, дархлаа муудах, хэвлий дэх үр зулбах гэх мэт хүний амьдралын чанарт сөргөөр нөлөөлнө.
- Амьсгалахад шууд хоолой шууд хорсох хэмжээний утаагаар амьсгалж, амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэнд ямар байх вэ. Бид хорт хавдар гэж олон жил ярьж байгаа мөртлөө агаарын бохирдлоо бууруулж чадахгүй байна. Ер нь хавдраас сэргийлэх хамгийн үр дүнтэй, зарлага багатай аргуудын нэг нь тамхины хуулийг чангатгаж, татварыг өсгөх хэрэгтэй. Монгол Улс тамхины хувьд хамгийн татвар багатай улс. Тэгвэл тамхины татварыг өсгөж боломжит хэмжээнд нь аваачхад хавдрын өвчлөл 30 хувиар буурч, нас баралт 25 хувиар буурна гэсэн судалгаа байна.