Дугуйтай аяллаар дэлхийн талыг туулж, мөрөөдлөө биелүүлсэн Б.Очирваанийг бид онцоллоо. “Дугуй намайг энэ ертөнцтэй танилцуулж, сэтгэл зүйг минь эмчилсэн” гэж ярих тэр дараагийн аяллаа төлөвлөж, дэлхийг тойрох хүсэлтэй буйгаа хэллээ.
МӨРӨӨДЛӨӨ ТӨСӨӨЛӨЛ ХЭВЭЭР ҮЛДЭЭХИЙГ ХҮСЭЭГҮЙ
Тэрээр энэ талаар ярихдаа: Өнгөрсөн жил Улаанбаатар хотоос Английн Манчестер хот хүртэл нийт 20 улсыг дамжин, 14 мянган км замыг туулж, Manchester united хөл бөмбөгийн клубийн цэнгэлдэх хүртэл, дугуйтай аялал хийсэн. Яг өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилготойгоор анх аяллаа эхлүүлж байсан юм. Үнэндээ би дугуй унаад нэг жил л болж байна. Дугуйгаар аялах бол гэнэтийн шийдвэр байсан. Хөлбөмбөгчний хувиар өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж чадахгүй ч гэсэн тамирчин хүний хувьд хөлс хүч, хичээл зүтгэлээр мөрөөддөг газартаа очихыг хүссэн хэрэг. Энэ зорилго, хүсэл маань дугуйтай нийлээд, бодит амьдрал дээр мөрөөдлөө биелүүлэх алхмаа хийсэн. Өөрийнхөө мөрөөддөг тэр газар хүрэхдээ, зүгээр нэг онгоцоор нисээд очих биш, тэнд хүрэх өдөр бүрийг гайхалтай дурсамжаар дүүргэхийг хүссэн. Анх бол түүх бүтээх, амжилт гаргахын төлөө яваагүй. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг бодит байлгах уу, хий хоосон төсөөлөл хэвээр үлдээх үү гэдгийг батлахын тулд эхлүүлсэн.
ДОЛООН ТИВИЙГ ДУГУЙГААР ТУУЛНА
Дугуйтай аялал бол бясалгал мөн. Миний сэтгэл зүйг ч эмчилж чадсан. Би өнгөрсөн жил аялхадаа Английг бүрэн дуусгаагүй. Манчестер Лондон хоёрын хооронд 300 км явсан. Дараагийн аяллын хамгийн эхний улс бол Англи, Шотланд, Уэльс байна. Английг бүтэн үзэж дуусгах сонирхолтой. Буцаж ирээд Солонгос, Япон, Австрали, Америк гэж явах төлөвлөгөөтэй байгаа.
Би одоо бол 27 настай. 26-тай байхдаа аяллаа эхлүүлсэн. Нэг жилийн хугацаанд 19 улсаар явчихлаа. Улаанбаатараас Манчестер гэхээр бараг дэлхийн талыг туулчихсан байна. Ирэх хоёр жил явж үзээгүй орнуудаараа явах төлөвлөгөөтэй байгаа. Бүх тивээ туулах сонирхол байна.
АЯЛАЛ БОЛ БОЛОВСРОЛ
Миний хувьд одоогоор ганц бие байгаа. Тиймээс илүү их зүйл үзэхийг хүсэж байна. Хоёр жил дэлхий ертөнцтэй танилцаад ирэхэд, 29 настай байна. Намайг хүлээж байгаа ирээдүйг маш гэрэл гэгээтэй харж байгаа. Энэ аяллаар зөвхөн өөрийнхөө мөрөөдлийг биелүүлнэ гэхээс илүү, бусад хүмүүст боломж нээхийг хүсэж байгаа. Залуучуудаа хандаж хэлэхэд, аялаарай. Аялал бол боловсрол шүү гэлээ.