Бид энэ удаа “My color” уран зургийн хоёр дахь үзэсгэлэнгээ нээсэн аутизмтай залуу зураач Б.Хувьтыг онцолж байна. Тэрээр 2018 онд анх “Солонго атгах хувьт” үзэсгэлэнгээ үзэгчдэд толилуулж байсан бол энэ удаа илүү мэргэжлийн, гэгээлэг уран зургуудаараа олны оюуныг мялаажээ. Түүний хувьд Анима ДУД-ны коллежийг дүүргэж, үргэлжлүүлэн сурахаар төлөвлөж байна. Харин түүний тулах цэг болсон ээж Алтангэрэл хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй. Японд боловсрол эзэмшсэн тэр хүүгээ солонгын долоон өнгөтэй зүйрлэж, хүүгийнхээ дэргэдээс алхам ч холдолгүй дэмжсээр, өөрийн хүсэл мөрөөдлөө орхиход хүрсэн ч, харамсдаггүй талаараа бидэнтэй хуваалцлаа.
ТАВАН ЖИЛИЙН ДАРАА ХҮҮ МИНЬ ТЭСРЭЛТ ХИЙНЭ ГЭЖ ИТГЭДЭГ
Залуу зураач Б.Хувьтын ээж Л.Алтангэрэл: Миний хүү 2018 онд анхны үзэсгэлэнгээ нээж байсан. Би нуулгүй хэлэхэд урлаг ойлгодог хүн биш л дээ. Миний хувьд тухайн аягыг яг адилхан зурсан бол гоё бүтээл гэж хараад байдаг. Зураачид 2018 оны анхны үзэсгэлэн дээр, эвдэж зурдаг, зохиомж сайн байна гэж миний хүүгийн зургийг үнэлсэн. Энэ удаагийн үзэсгэлэн дээр өнгөний зохицол, гэгээлэг байдлыг таашаасан. Гэхдээ хэчнээн сургуулиа төгсөөд диплом авчихсан ч гэсэн энэ бол хангалттай биш. Зураачид насан туршдаа зурж л байдаг. 10, 20 жил суралцдаг учраас, магадгүй 5, 10 жилийн дараах бүтээлүүд нь тэсрэлт болох болов уу гэж найдаж байгаа. Хүүхэд нь зураач учраас манай гэрт олон зураг бий. Би чинь бараг л улирлаар нь зургаа сольдог хүн. Нэг өдөр, “Хувьт аа! Энэ юу вэ” гээд зургийг нь асуухад, “шувуу” гэж байна. Өнөөхийг нь би өндөг гэж хараад байсан юм. Сайн харсан чинь, хоёр шувуу нуурын усанд хөвж байгаа юм шиг…
Яг үүнтэй адил миний нүдээр өндөг гэж харагдаж байгаа зүйл нь энэ хүний зурсан шувуу байна шүү дээ. Бүтээл гэдгийг хүн яаж хармаар байна, түүгээрээ харвал зүгээр болов уу гэж боддог юм. Миний хүү цэцэг, морь, эрвээхийг маш гоё гаргадаг. Ялангуяа хойно байгаа ногоон эрвээхий байна. Би хүүдээ хэлж байсан юм. Миний хүү ээждээ эрвээхий зураад өг гэж. Тэгэхэд надад гурван эрвээхий зурж өгсөн. Хамгийн гоё нь тэр. Энэ зургийг үзэсгэлэнд зүгээр толилуулах гэж оруулж байгаа. Түүнээс биш худалдан борлуулах зорилго байхгүй.
Хүүтэй бүхий л цаг хугацааг хамтдаа туулдаг. Гутрах эсвэл цөхрөх үе залуу насанд бол байсан. Одоо бол харьцангуй гайгүй болчихсон. Учраа олохгүй явах үедээ л их ядардаг юм. Ирээдүйд харин санаа зовж байгаа зүйл байгаа. Тэр нь юу гэхээр бид мөнх биш. Миний дараа хүү минь ямар нийгэмд яаж үлдэх вэ гэдэгт л санаа зовдог юм. 22 жилийн өмнө буюу хүүгээ төрөхөөс өмнө би Японд сургууль төгссөн. Тэр үедээ ирээдүйд “би ийм ажил хийнэ” гээд бодож байсан зүйл маань яалт ч үгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйн улмаас гэх юм уу, эсвэл магадгүй үйлийн үрээр ч гэх юм уу, мөрөөдлөө орхих, өөр мөрөөдөлтэй болох, ямар нэг байдлаар өөртөө ажил гаргах шаардлагатай болсон. Би одоо энэ ажлаа хийгээд явж байна. Хэзээ нэгэн цагт миний мөрөөдөл биелэх байх гэж бодож байна” гэж ярилаа.