Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 400-450 умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол бүртгэгддэг бол, умайн хүзүүний хорт хавдрын шалтгаанаар 150-160 хүн нас бардаг тоон судалгаа байна. Үүнтэй холбоотой улс даяар 11 настай хөвгүүдэд хөхөнцөр вирусийн эсрэг вакцин хийхээр болсон. Вакцины талаар иргэд олон талын байр суурьтай байна. Тухайлбал шинжлэх ухааны үндэслэлгүйгээр, үргүйдэл бий болгоно. Эрүүл мэндэд хортой гэх сөрөг мэдээллүүд цацагддаг. Тэгвэл эдгээр мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй талаар ХСҮТ-ийн мэргэжилтнүүд хэлж байна.
Харин вакцинд хамрагдсан гадаадын орнуудаас жишээлж яривал, Швед улс хөхөнцөр вирусийн эсрэг вакцин хийснээр, умайн хүзүүний хорт хавдрын эрсдэлийг 88 хувиар бууруулжээ.
Gardasil вакцины талаар иргэд ярихдаа,
- ДЭМБ-аар баталгаажсан вакцин учраас айлтгүй хийлгэж байгаа. Манай охин 13 настай. Одоо хоёр жил болоход сөрөг үр дагавар гараагүй.
- Бохирдолгүй цэвэр агаартай орчинд байвал уг нь заавал вакцин хийж хорт хавдраас сэргийлэх шаардлагагүй санагдаж байгаа юм. Гэхдээ мэргэжлийн хүн биш учраас мэдэхгүй байна.
- Хэрэгтэй гэж бодож байгаа хүмүүст, хаанаас орж ирсэн, аль улсад үйлдвэрлэсэн вакцин юм бэ гэх мэт шаардлагатай тайлбар өгөөд, хийх нь ямар хэрэгтэй, хийлгэхгүй байх нь ямар сул талтай зэргээр мэдээлэл өгвөл хэрэгтэй байна. Үнэндээ тодорхой нарийн мэдээлэл байхгүй гэлээ.
2012 ОНД ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ОХИДЫН 80 ГАРУЙ ХУВЬД ВИРУСИЙН ЭСРЭГ ДАРХЛАА ТОГТСОН
Бид үргэлжлүүлэн хөхөнцөр вирусийн эсрэг вакцины талаар ХСҮТ-ийн Хорт хавдрын бүртгэл тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаагаас тодрууллаа.
Тэрээр, “Зарим эцэг эхчүүд яагаад хөвгүүд гэдэг асуудлыг тавьж байна. Энэ вирус ганцхан умайн хүзүүний хорт хавдрыг үүсгээд байгаа юм биш. Өөр бусад хавдрын шалтгаан болоод байна гэдгийг эрдэмтэд судлаад нотолчихсон байна. Тэр нь юу гэхээр, эрэгтэй, эмэгтэй аль альд нь ам залгиурын хавдар, эрэгтэйчүүдэд шодойн хавдар, шулуун гэдэсний хавдар, эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдар үүсгэдэг.
Умайн хүзүүний хавдрын 90-99 хувийн шалтгаан нь хөхөнцөр вирус болдог юм. Хавдрын үндэсний зөвлөлийн Цэцэгсайхан докторын судалгааг бид заавал дурдах ёстой. Яагаад гэвэл 2012 онд вакцинд хамрагдсан охидыг таван жилийн дараа жирэмсэлж үү, төрж үү гэдгийг судлахад, 80 гаруй хувьд нь сөрөг нөлөө үзүүлээгүй. Тэр битгий хэл дархлаа тогтсон байна. Вирусийн дархлаа тогтоох хамгийн чухал зүйл бол вакцин гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн байна шүү дээ. Иймд ээж аавууд, ард иргэд батлагдаагүй худал мэдээлэлд автаж, энэ вакцин үргүй болгодог гэх мэтээр сурталчилмааргүй байна. Gardasil вакцин нь АНУ-ын Merck компанийн үйлдвэрлэсэн, дөрвөн цэнтэй, нийтдээ дөрвөн генотипийн эсрэг үйлчилдэг. Дээрээс нь олон улсын эмийн бүх зөвшөөрлөө авчихсан” гэв.