Дэлхий анх үүссэн цагаас л манай улсын байгаа энэ хэсэгт ураны тогтоц бий болсон байна. Манайх чинь 200 орчим мянган тонны тогтоогдсон нөөцтэй гэдгийг эрдэмтэд, геологичид хэлдэг. Үүний 100 орчим нь БНФУ-ын Орано компанитай хамтран хэрэгжүүлэх төсөл хэрэгжих Зөөвч-Овоо, Дулаан-Уул орчимд байгаа юм. Ийм хэмжээний ураны нөөцтэй байгаадаа бид хувь тавиландаа талархах ёстой.
Франц улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн техник, технологийн аргаар олборлоно. Геологи, физик, гедрохими талаасаа өндөр шаардлага, хяналт дор ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Францын “Орано”, манай “Эрдэнэс Монгол” түүний охин компани болох “Мон Атом” гэсэн хоёр компани хэлэлцээр хийж байгаа. Хоёр улсын Ерөнхийлөгч нар яриад тохирчихсон ч гэсэн эдийн засаг талаасаа харилцан ашигтай байх загвар дээрээ маш хянамгай, нарийн ажиллах ёстой. Эдийн засгийн хувьд Оюу толгой төслийн дараа эрэмбэлэгдэх томоохон хөрөнгө оруулалт болох бөгөөд улс төр, дипломат харилцааны хувьд манай улс гуравдагч хөршийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжих нөхцөл юм.
Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа гаргасан алдааг дахин давтахгүй, түүнээс ч сайн хөрөнгө оруулалтын гэрээг Францын талтай хийхийн тулд урьдчилан засах, сайжруулах, өөрчлөх, нэмэлт оруулах хуулиудаа Засгийн газрын зүгээс УИХ-д өргөн барьсан нь Цөмийн энергийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд юм.
Дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед байгаль орчин, тухайн ордын байрлах газар нутагт хүн малд үзүүлэх хор уршгийн талаар танхим төдийгүй иргэдийн дунд ч маргаан үүссээр байна.
Ураны олборлолт, цацрагийн нөлөөллийн талаар мэргэжлийн судлаачид, эрдэмтэдийн хэлсэн шинжлэх ухаанч тайлбарыг хүргэе.
ЦАЦРАГ БОЛ УРАНЫ ХҮДЭР ДЭЭРЭЭ Л БАЙХААС 2-3 МЕТРИЙН ЗАЙНД БАЙДАГГҮЙ
Шинжлэх ухааны Доктор, Геологич Г.Жамсрандорж:
“Ураны ордуудын орчмын цацрагийн хэмжээтэй холбоотой ард, иргэд ихээхэн санаа зовдог. Цацрагийн хэмжээ Улаанбаатар хотод 20 мкг/л, Халзан бүрэгтэйд 16 мкг/л буюу Улаанбаатараас 8 дахин өндөр, Дорнодын ураны орд дээр намайг ажиллаж байхад хэмжигч багаж цацрагийн хэмжээний хязгаарыг даваад дохио өгдөг бол холдох тусам буюу 3-4 метр холдоход цацраг байхгүй болдог. Цацраг бол ураны хүдэр дээрээ л байхаас 2-3 метрийн зайнд байдаггүй учраас ажиллаж байгаа хүмүүс болон орчин тойрон дахь цацрагийн нөлөө эрс багасдаг. Монголд цацраг идэвхтэй цэг хэдэн зуугаараа, хаа сайгүй байдаг учраас энэ талаар зөв ойлголттой болох нь зүйтэй.”
МАЛД ЦАЦРАГ ИДЭВХТ БОДИСЫН ХОРДЛОГО БАЙГАА ЭСЭХИЙГ САР, УЛИРАЛ, ЖИЛЭЭР НЬ МОНИТОРИНГ ХИЙНЭ
Шинжлэх ухааны Доктор, Профессор Я.Ганболд:
“Цацраг идэвхт бодисын нөлөөгөөр тухайн орон нутагт малын өвчлөл их байгаа тухай мэдээллүүд явдаг. Мал эмнэлгийн ерөнхий газрын жил бүр авдаг мэдээллээр цацраг идэвхт бодисын улмаас малын өвчлөл байна гэсэн мэдээлэл бүртгэгдээгүй. Мөн 2019, 2023 онд мэргэжлийн 10 гаруй байгууллагын эрдэмтэн судлаачдын хамтран хийсэн 2 удаагийн судалгаагаар Дорноговь аймгийн болон Сумын Мал эмнэлгийн газарт малын гаж хөгжилтэй төл бүртгэгдсэн нэг ч тохиолдол байхгүй. Тиймээс бид цаашид олборлолт хийгдэхээр бол малчдын гол амьжиргаа болсон малын эрүүл мэндийн асуудалд анхаарах ёстой. Ингэхдээ тухайн орон нутагт гарч байгаа малын халдварт өвчнийг орон нутгийн Мал эмнэлгийн байгууллага хуулийн хүрээнд тандалт судалгаа хийж, малд цацраг идэвхт бодисын хордлого байгаа эсэхийг сар, улирал, жилээр нь мониторинг хийнэ.”
ДЭЛХИЙ ДЭЭР ОЛБОРЛОЖ БАЙГАА НИЙТ УРАНЫ 51-60 ОРЧИМ ХУВИЙГ УУСГАН БАЯЖУУЛАХ ТЕХНОЛОГИОР ОЛБОРЛОДОГ
Физикийн шинжлэх ухааны Доктор Н.Тэгшбаяр:
“Дэлхий дээр ураныг олборлох 3 янзын технологи бий.
- Ил
- Далд
- Уусган баяжуулах
Далд болон Уусган баяжуулах хоёр технологи зарчмын хувьд ижил төрлийн арга. Энэ технологиор дэлхий дээр олборлож байгаа нийт ураны 51-60 орчим хувийг олборлодог буюу дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн технологи юм. Хүмүүсийн хэлдэг зүйл бол уран байгаа орчмын ус бохирдож байна гэдэг. Нэгэнт олборлохуйц хэмжээний ураны нөөцтэй байгаа тэр давхаргад байгаа ус бол ууж болохгүй. Тэр байтугай уран олборлохоос өөр зорилгоор ашиглах боломжгүй техникийн ус юм. Энэ давхаргын усанд хүхэр хийсэн ч , сүү хийсэн ч, ус хийсэн ч техникийн орчин болно гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй. Уран бол гайхамшигтай элемент. Хүн төрөлхтөнд гарын таван хуруунд л багтахаар гайхалтай нээлт байдаг. Түүний нэг нь ураны цөмийн гинжин урвалыг ашиглаж, эрчим хүч гаргаж авдаг явдал. Дээрээс нь ашигт үйлийн коэффицент өндөр. Өндөр ашигтай байх тусмаа аливаа зүйл өндөр эрсдэлтэй байдаг. Цөмийн болон цацрагийн хяналтыг барьж ажиллах шаардлагатай.”