Аав ээж нь тоодоггүй, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн 15 настай охин амиа хорлохоор гурван жил оролдсоныг гэрийнхэн нь үл анзаарсаар өдийг хүрсэн байна. Охины хоёр гар, гуян дээр битүү зүсэлтийн сорви байх ба үүнийг мэдсэн ээж нь дэмий загнахаас хэтэрсэнгүй. Энэ бүхний эцэст охин гэрийнхэндээ сэтгэл зүйч, сэтгэцийн эмчтэй уулзах хүсэлтэй байгаагаа хэлснээр, тэрээр одоо эмчилгээ хийлгэх болжээ.
Сэтгэц заслын эмнэлгийг зорих болсон өсвөр насны таван хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийсэн, гараа, гуяа зайгүй болтол зүссэн байдаг талаар “Better Mind” нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлгийн эмч М.Мандах хэлж байна. Бид энэ удаа сэрэмжлүүлэг болгох үүднээс, амиа хорлохоор гурван жилийн өмнөөс оролдлого хийх болсон 15 настай охинтой ярилцлаа.
15-ХАН НАСТАЙ ХҮҮХЭД ЯАГААД СЭТГЭЛИЙН ГҮН ШАРХТАЙ БОЛОВ?
10 дугаар ангийн сурагч Б: Би дандаа л үхэх тухай бодоод байсан. Анх 12 настайдаа гарынхаа дотор талыг зүсэж үзсэн юм. Хэцүү санагдаж байгаагаа гэрийнхэндээ хэлэхээр, жаахан юм байж юундаа гутардаг юм гэж загнадаг. Аав, ээж хоёр дандаа завгүй байдаг юм.
Би одоо эмчилгээ хийлгэж байгаа. Тиймээс сэтгэл санаа жаахан дээрдсэн. Өмнө нь надад бүх зүйл л утгагүй санагддаг байсан. Хичээл хийх, ирээдүйгээ төсөөлөх гээд л. Хаана ч байсан айдастай байдаг. Хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол гээд л. Надад нэг л найз байгаа. Тэр найз нь маань хэцүү үедээ гараа зүсэхээр арай дээр болдог гэж хэлсэн. Эмчилгээ хийлгээд энэ үнэхээр болохгүй зүйл гэдгийг ойлгож авсан. Одоо бол найзыгаа ч эмчлүүлэхийг хүсэж байна гэлээ.
ӨӨРИЙГӨӨ ГЭМТЭЭЖ БАЙГАА ХҮҮХДҮҮД ИХЭВЧЛЭН ӨВӨРМӨЦ СОДОН ЗАН ТӨЛӨВТЭЙ БАЙДАГ
Харин сэтгэл заслын эмч М.Мандах өсвөр үеийнхний сэтгэл зүйн онцлог, амиа хорлох оролдлого нь юунаас үүдэлтэй байдаг, томчууд энэ асуудалд хэрхэн анхаарах ёстой талаар зөвлөлөө.
Тэрээр, “Одоогийн байдлаар охины зүүн, баруун гарны дотор талд маш олон сорви бий. Үүнийг ээж нь хэдэн жилийн өмнө мэдсэн. Мэдсэн ч сэтгэл нь хямарсан байна гэж хүлээж аваагүй, эмчид үзүүлээгүй, загнасан, шийтгэсэн байгаа юм. Хүүхдэд ямар нэгэн тусламж үзүүлээгүй гэсэн үг. Гэтэл энэ байдал зогсоогүй, олон удаагийн давтамжтай болсон. Харин сүүлд яагаад эмчид үзүүлэхээр болсон гэхээр, гаран дээрээ зүсэх талбайгүй болчихсон учир, гуяныхаа дотор талд зүсэж эхэлсэн байгаа юм. Ингээд хүүхдийг үзэхэд, сэтгэл гутралд ороод 3-4 жил болчихсон, сэтгэл гутралын өндөр, сэтгэл түгшилтийн дунд зэрэгтэй, үнэхээр сэтгэл хөдлөл, инээдэг гэдэг мэдрэмж нь байхгүй болчихсон байсан.
Аав ээжээс нь, “нойр нь ямар байдаг вэ” гэхэд, “мэдэхгүй өрөөгөө хаагаад л ордог. Гайгүй байлгүй дээ” гэсэн. Гэхдээ охин шөнөдөө 3-4 сэрдэг. Үүрийн 4 цагаас хойш унтддаггүй. Тэрийг ч мэдээгүй л байсан.
АМИА ХОРЛОХ ОРОЛДЛОГЫГ НЭГ УДАА ХИЙСЭН БОЛ ДАРААГИЙН УДАА ИЛҮҮ ТУРШЛАГАТАЙГААР ДАВТАНА
Өөрийгөө гэмтээж байгаа хүүхдүүд ихэвчлэн өвөрмөц содон зан төлөвтэй байдаг. Эмзэг мэдрэмтгий зан төлөвтэй хүүхдүүд гэсэн үг. Бид хажуунаас нь харахад, жижигхэн асуудал байж болно. “Юунд ингэж хямардаг юм бэ” гэхээр зүйл тухайн хүүхдийн зан төрхийн сэтгэл зүйн байдлаас болоод маш том зүйл шиг санагддаг.
Өвдөлт мэдрэхээр тархинд тайвшруулах бодис ялгардаг юм. Тэр бодис нь хямарчихсан байгаа хүүхдийг автоматаар тайвшруулна. Гэвч энэ олон хор уршигтай. Өөрийгөө гэмтээсэн явдлыг амиа хорлох жинхэнэ үйлдэл болон сүрдүүлэх хариу урвал гэж ангилдаг. Амиа хорлох оролдлогыг нэг удаа хийсэн бол дараагийн удаа илүү туршлагатайгаар давтана” гэв.
Хэрвээ үзэгч танай гэрт өсвөр насны хүүхэд байгаа бол, шалихгүй зүйлд гутарлаа гээд зэмлэхийн оронд тэднийг сонсож, ойлгож шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хүмүүст зайлшгүй хандах ёстойг анхааруулж байна.