Бид энэ удаа “Brosis pictures entertaiment”-ийн залуу уран бүтээлчид болох О.Эгшиглэнт-Од, С.Бишрэлт нартай ярилцлаа. 10 настайгаасаа хойш кинонд тоглож, урлагийн амьдралд хөл тавьсан тэд ирээдүйн зорилго мөрөөдлөө ярихын хажуугаар хүүхэд насаа завгүй өнгөрөөхдөө, сурч, ойлгосон зүйлсийнхээ талаар хуваалцсан юм.
ХҮН ТОМ ЗОРИЛГО ТАВЬЖ БАЙЖ Л ТОМ АЛХАМ ХИЙЖ ЧАДДАГ
-Ярилцах санал хүлээн авсанд баярлалаа. Манай уншигчдад өөрсдийгөө танилцуулаач. Сүүлийн үед их завгүй байна уу?
С.Бишрэл: Сайн байна уу? Намайг Сүхжаргалын Бишрэл гэдэг. Амжилт кибер сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. Одоо 17 настай. Ирээдүйн мэргэжлээ тодорхойлох гээд маш чухал үе дээрээ явж байгаа өсвөр үеийн хоёр хөөрхөн хүүхэд байна.
О.Эгшиглэнт-Од: Сайн байна уу? Би Эгшиглэнт-Од байна. Brosis pictures entertaiment-д найм дахь жилдээ жүжигчнээр ажиллаж байгаа. 11 дүгээр сарын 16-нд бид тоглолтоо хийх гээд маш завгүй л явж байна даа. Мөн гурав дахь цомгийнхоо ажилд орчихсон байгаа.
-Хэдий өсвөр насны хүүхдүүд ч гэсэн олон жил урлагийн салбарт хүчин зүтгэлээ. Сурч мэдсэн зүйл их байх. Тийм үү?
С.Бишрэл: Бид хоёр багаасаа кинонд тоглож эхлэхдээ Холливүүд рүү гарна гэдэг сонирхолтой байсан. Хүн том зорилго тавьж байж том алхам хийдэг шүү дээ. Түүнтэй адил, одоо ч гэсэн тэр зорилгоо баримтлаад, Нэтфликст киногоо өгөх гэх мэтчилэн зүйлсийг зорьж яваа. Хүмүүс сонсох юм бол “Паа энэ хоёр бацаан” гээд бодож магадгүй л байх. Энэ бол зөвхөн бид хоёрын бодол. Зорилго тавьсан байгаа болохоор, зорилгодоо хүрэхийн тулд, хөдөлмөрлөж л явна даа.
О.Эгшиглэнт-Од: Өнгөрсөн хугацаанд ачаалал даах чадвартай болсон. Багаасаа ажилласаар байгаад, өглөө 08:00 цагт гэсэн бол яг тэр цагтаа л очдог. 3-4 цаг унтсан ч гэсэн босоод л ажлаа хийдэг. Нэг талаараа хариуцлагад суралцсан гэж бодож байна. Би нэг үг уншиж байсан юм. Хүмүүс чиний юу гэж ярьсныг санадаггүй. Харин чиний төрүүлсэн мэдрэмжийг санадаг гээд. Тиймээс миний хувьд, уулзсан хүн болгондоо, хамгийн сайхан мэдрэмж төрүүлэхийг хичээдэг.
С.Бишрэл: Харин би хүн болгонд зөв хандлага түгээсэн хүн байхыг их хичээдэг.
БИД НЭГ БИЕИЙН ХОЁР ХЭСЭГ БОЛТЛОО ДОТНО НӨХӨРЛӨСӨН
-Та хоёрыг төрсөн ах дүү гэж андуурах хүмүүс их байдаг уу?
С.Бишрэл: Тийм шүү. Багаасаа хамт явчихсан болохоор тэр байх. Сая манай гэрийнхэн зуны амралтаар аялалд явах болсон юм. Амралтад, хөдөө, гадаа явахдаа анх удаа Ээгийгүй явж үзсэн. Маш эвгүй санагдаад, хоосон мэдрэмж аваад байсан. Нэг биений тал болчихсон юм шиг, бие рүүгээ хараад л нүдээрээ ойлголцчихдог. Сүүлд бүр болохоо байгаад Ээгийгийн гэрийнхэнтэй хамт аялалд явсан шүү.
-Хүүхэд байхаасаа хичээж, энэ зэрэгт хүрсэн болохоор үеийн найзууд нь та хоёроос сурах зүйл их байдаг байх. Найзууддаа, дүү нартаа хандаж юу хэлэх вэ?
О.Эгшиглэнт-Од: Манай үеийн хүүхдүүд, ийм хүн болно гээд бодож байгаа мөртөө, түүнлүүгээ хүрэх алхмаа хийдэггүй. Хамгийн эхний алхмаа хийчих л юм бол хичээл зүтгэлээрээ аваад явчихдаг. Тэгэхээр эхний алхмаа хийгээрэй гэж хүсэж байна даа.
С.Бишрэл: Миний хамгийн анхны кино бол Том дөрвөн толгой. Энэ кинондоо тоглож байхдаа, “Энэ бол итгэл” гэж хэлдэг сцени байдаг юм. Тэр хэсгийг 32 удаа дубльдэж байж авахуулсан. Тиймээс оролдлого чухал гэж боддог. Алдсан үедээ өөртэйгөө сайн ярилцаарай. Манай ээж хэлдэг юм. Нэг зүйлийг хийсэн бол дуустал нь хийж бай. Дуустал нь хийж чадахгүй байлаа ч, тултал нь, өөрийнхөө сэтгэлд хүртэл хийж бай гэж.
ИЛҮҮ ТОМ ЗҮЙЛД ХҮРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЧЭЭЖ БАЙНА
-Сүүлд та хоёр кино наадамд оролцохоор Франц явсан шүү дээ. Тэнд ямар байсан бэ?
С.Бишрэл: Бид хоёр Каннын кино наадамд явж үзсэн. Тэнд очоод авсан мэдрэмж нь, илүү хөдөлмөрлөх юм бол үүнээс гоё газар луу очих боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Энэ зүйлийг хийснээрээ бид ирээдүйн амьдралдаа, аялан тоглолт, гэр бүлээрээ аялах, аав ээжийгээ амраах гэх мэт зүйлсийг хийх боломжтой юм байна гэж бодсон. Тиймээс илүү хөдөлмөрлөхийн төлөө хичээж явна даа.
-Та хоёрыг дэмждэг олон хүн бий байх. Талархлаа илэрхийлэх үү?
О.Эгшиглэнт-Од: Маш том сэтгэлийн дэм өгдөг, асаалттай танк шиг байж байдаг аав ээжүүддээ маш их баярлалаа. Хайртай шүү гэж хэлье.