2025 оны улсын төсвийг энэ сарын 15-нд эцэслэн баталж, ирэх оноос өмнө тодотгол хийхээр болсон. Энэ жилийн төсөвт танаж болох, зайлшгүй шаардлагатай бус хэд хэдэн “ажил” багтсаныг УИХ-ын зарим гишүүд, иргэд хэлж, шүүмжилсээр байна. Маргаан дагуулж буй төслүүдийн нэг нь Францын Засгийн газраас зээл авч үндэсний хиймэл дагуултай болох төсөл юм.
Төслийн ТЭЗҮ-ээр нийт зардал нь 212.9 сая евро. Үүнээс гадна хиймэл дагуулын хөөргөлт 58 сая евро, зөвлөх үйлчилгээ 3 сая евро, даатгал 40 сая евро байхаар төлөвлөжээ. Мөн үүн дээр ажиглалтын зардал нэмэгдэнэ. Нэг жилд 0.91 сая евро, 15 жилд 13.65 сая евро байна. Ингээд нийт зардал 328 сая евро байхаар тооцсон юм.
УЛСЫН ТӨСВИЙГ ЧУХЛААС НЬ ЭРЭМБЭЛЖ, ЗАРЦУУЛЪЯ
Улсын төсвийг энгийнээр тайлбарлах үүднээс, Улаанбаатарт амьдардаг нэг айл өрхөөр жишээ авъя. Доржийнх гэдэг айл таван ам бүлтэй. Тэрээр энхэр, өндөр настай ээж, хоёр хүүхдийн хамт амьдардаг гэж бодъё. Энэ айлын сарын орлого 3.6 сая төгрөг. Түрээсийн байранд амьдардаг энэ айл сарын орлогоо зөв зүйтэй зарцуулж, санхүүгийн сахилга баттай байснаар хоёр идэж, хоосон хонохгүй түвшинд амьдарч чадна. Тиймээс хамгийн чухал нь амьдрах орон байрны төлбөр, түрээс, хөгшин настай ээжийнхээ эм тарианы мөнгө, хүүхдүүдийн хувцас хунар, хичээлийн хэрэгсэл, хоол хүнс гээд чухлаас нь эрэмблэн зарцуулаад, бусад төлбөр, зардлаа аппликейшн, эсхүл танил нөхдөөсөө зээлж, урд хормойгоороо ард хормойгоо нөхөж амьдардаг. Монголчуудын 70 хувь нь ямар нэг байдлаар өртэй, зээлтэй амьдарч байгаа нь бодит дүр зураг болоод удсаныг та бид мэднэ. Айл өрхийн жишээн дээр хүртэл чухлаас эрэмбэлж, зөв зохицуулалт хийж байж эмзэг бүлэг рүү уначихгүй амьдрах боломж бүрдэнэ. Тэгвэл яг үүнтэй ижил 2025 оны улсын төсвийг чухлаас нь эрэмбэлж, зөв зүйтэй зохицуулалт хийх хэрэгтэй.
Үндэсний хиймэл дагуултай болох төсөл нь нэг талаараа цаг үе, амьдарч буй орчин нөхцлөө мэдрээгүй асуудал болохыг олон нийт хэлж байна. Өөрөөр хэлбэл, Доржийнх гэдэг айлд тулгамддаг асуудал үй түмэн байгаа ч өндөр настай ээжийнхээ эмчилгээний зардал, байрны түрээсээ хойш тавьж, зээл аваад “iphone 16” эсвэл үнэтэй брэндийн хувцас авч буйтай адил, цаг үеэ мэдрээгүй дүр зураг улсын төсөв дээр анзаарагдаж байгаа талаар иргэд хэлж байна.
Иргэд бидэнд яг одоо тулгамдаж байгаа гол асуудлууд бол агаарын бохирдол, түгжрээ, эмнэлэгийн хүртээмж зэргээс эхэлнэ. Хоёр хүн тутмын нэг нь эмзэг бүлэгт унах эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа энэ үед 328 сая евро буюу 1.2 их наяд төгрөгийн зээл гадаадаас авч, хиймэл дагуултай болох нь цаг үеэ оносон шийдэл мөн эсэх нь эргэлзээ дагуулсаар…
ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛТАЙ БОЛОХ ТӨСЛИЙГ ЗАРИМ ГИШҮҮД ЯАГААД ШҮҮМЖЛЭХ БОЛОВ?
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Анар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар ширүүхэн маргаан өрнүүлээд амжсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Ч.Анар, “ Би 24 жил энэ салбарт ажиллаж байгаа, гурван улсад хиймэл дагуул угсарч байсан туршлагатай инженер хүн. Н.Учрал сайдын танилцуулж байгаа малчин өрхөд интернэт хүргэнэ, 5G, цаг агаар, гамшгийн мэдээлэл гэх мэт ийм олон төрөлт хиймэл дагуул дэлхий дээр хаана ч байхгүй. Тодорхой мэдээлэл эхнээсээ өгөхгүй бол дараа нь энэ хэрэгжихгүй байх асуудал үүснэ. 260 мянган малчдад интернэтийн үйлчилгээ хүргэх гээд байгаа. Өндрийн хиймэл дагуул маш том. 1.1-1.4 метр тавган антенаар интернэтэд орно. Энэ нь өндөр өртөгтэй. Дээрээс нь Ddish-г бодвол мэргэжлийн инженер тохируулдаг. Тэгэхээр малчин өрхөд эдийн засгийн өртгийн хувьд болоод технологийн хувьд хүртээмжгүй. Үүнийг мэргэжлийн хүмүүс нь тайлбарлаж өгмөөр байна. Үндэсний хиймэл дагуултай болохыг 100 хувь дэмжиж байгаа. Гэхдээ зорилго нь аргаа зөвтгөхгүй. Нэгд, үнэтэй байна. Хоёрт, та бүхнийг мэдээллээр буруу хангаад байна. Би мэргэжлийн хүний хувьд санаа зовоод байна. 260 мянган малчныг бэлчээр дээрээсээ ярьдаг болгоно гээд байна. Өртөг өндөртэй. Улсын нууц байхгүй бол мэргэжлийн хүмүүсийг ажлын багтаа оруулаач ээ” гэж байр сууриа илэрхийлсэн.
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ХАРИУ ТАЙЛБАР
Харин ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хариу тайлбар хэлэхдээ, “Би санаанд орсон зүйлээ яриад байгаа юм биш. Японд ТЭЗҮ дээр шинэчлээд, Францын инженер техникийн ажилтнууд ажиллаад, мэргэжлийн зөвлөлөөр нь оруулаад батлаад явж байгаа төсөл.
Дээрээс нь “Thales Alenia Space” анх удаа туршилт хийх гээд байгаа компани биш. Дэлхийн нээлттэй том компани. Хоёр улсын Засгийн газрын нээлттэй хэлэлцээр л явж байгаа юм. Ямар ч байсан улс орныхоо өнцөг булан бүрд интернэттэй болох боломж бүрдэнэ. Түүнээс би гэнэт сэрчихээд ийм юм яриад байгаа юм биш. Надтай, надгүй өмнө нь олон жил яригдаж байсан. Энэ удаа бол геополитикийн хувьд, санхүүжилт, технологийн хувьд чухал яриа хэлэлцээр өрнөсөн. Тиймээс хиймэл дагуултай болох чухал цагийн алдаж болохгүй” гэсэн юм.