Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн гуравдахь хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн П.Мөнхтулга байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, “11 дүгээр сарын 15-наас өмнө төсвөө баталж чадахгүй бол тарах үндэслэл байгаа гэж Ц.Даваасүрэн гишүүн хэлж байна. Ер нь хэдүүлээ таръя дөө. Одоо энэ танхимаа хар л даа. Тарчихсан юм биш үү. Үг хэлэх гэхээр хэлүүлэхгүй маш субъектив хандаад байна. Шинэ сонгогдсон гишүүд үг хэлэх гэхээр дундуур нь ярьж, микрофоныг нь тасалдаг. Ажиглаад харахаар намын харьяалал гаргаад, шинэ хуучнаар ялгаж байна. Ингэх юм бол, их хурал биш юм биш үү. Намын их хурал биш, улсын их хурал биз дээ. Сэдвийн хүрээнд гээд л таслаад байгаа юм. Гишүүдийн хэлэх үгийг УИХ-ын даргын зөвлөл баталж байгаа шүү дээ, минутаар нь. Сөрөг хүчинд үг хэлэх цаг, бүр хэлэх үг ч байхгүй. Олон гишүүн хэлж байна Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулъя гэж. Төсвийн тухай хууль ийм болж байгаа нь олон гишүүд үгээ хэлээгүйгээс болж байгаа юм. Бүгдээрээ нийлж хэлэлцээгүйгээс ийм төсөв гарч ирсэн. Гишүүд өөрсдөө хуучин дэг, кнопоороо үгээ хэлэх эрх авдаг байсан бол ийм төсвийн хууль батлагдахгүй. Хэлэх үгийг нь даргын зөвлөх баталж боомилж байгаад, сөрөг хүчний дуу хоолойг хааж байгаад, хийсэн төсөв чинь энэ. Ядаж баталсан гурван минутад бүтэн үг хэлүүлдэг баймаар байна.
Би урсгал зардлыг танах асуудлыг дэмжиж байна. Дэмжихдээ тодорхой саналтай дэмжиж байна. Уул уурхайн түүхий эдийн ханш өдрөөс өдөрт унаж байна. Энэ үед өөрсдийн шавхагддаггүй нөөц, үнэ нь аль ч үед тогтвортой байдаг салбартаа 3.6 их наяд төгрөгөө үйлдвэр болгож оруул. Аж үйлдвэрийн салбараа хөгжүүлье. АНУ өнөөдөр дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын 20 хувийг хангадгаараа тогтвортой эдийн засагтай явдаг. Өнөөдөр бид 70 сая малтай. Хөдөлмөрийн зах зээлийн 21 хувь нь энэ салбараар амьжиргаагаа болгож байхад, бид огт хөрөнгө оруулалт хийхгүй байна” гэв