Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн гуравдахь хэлэлцүүлэг болж байна. Энэ Үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг асуулт асууж, хариулт авлаа.
ТӨСВИЙН ТӨСЛИЙГ БУЦААЖ УРСГАЛ ЗАРДЛАА ТАНАХ БОЛОМЖТОЙ ЮУ?
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: 2025 оны улсын төсвийг 11 дүгээр сарын 15-ны дотор батлахгүй бол УИХ тарна гэх мэт янз бүрийн үр дагавартай мессежийг олон нийтэд тарааж, буруу зөрүү ойлголт өгч байна. Гуравдугаар хэлэлцүүлэг өрнөж байгаа энэ үед, олон нийтэд мэдээлэл өгч, процессийн асуудал дээр тодорхой хариулт өгмөөр байна.
Нэгдүгээрт, Төсвийн хуулийг буцаагаад, олон нийт болон зарим гишүүний дэмжиж байгаа урсгал зардлыг танаад, илүү үр ашигтай, төсвийн тэнцлээ сайжруулсан байдлаар төсвийг оруулж ирээд, долоо хоногийн дотор 3-4 хэлэлцүүлэг хийж болохгүй байгаа юм уу? Цаг хугацааны хувьд үнэхээр болохгүй байгаа юм уу? Уг нь энэ бол шийдэл шүү дээ. Заавал оны дотор дахиж төсвийн тодотгол явуулж байхаар, буцааж байгаад дахин дөрвөн шатны хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт фокуслаад хийж болохооргүй байгаа юм уу?
Хоёрдугаарт, Төсвийн хэлэлцүүлгийн процессийг дэг зохицуулалтаар яаж тусгасан байдаг вэ? 15-ны дотор УИХ баталж чадахгүй бол яах юм? Ямар үр дагавар гарах юм. Судлаад үзэхээр он гарахад төсөв батлагдаагүй бол ийм үр дагавар гарна гэдэг зохицуулалт байна. Долоо хоног сунгаад 23-нд баталчихаар ямар үр дагавар гарах гээд байгаа юм. Энэ талаас нь процессийн хувьд зөв зүйтэй хэлэлцээд, ямар хуулийн хүрээнд заавал 15-ны өдөр батлах гэж байгааг нарийвчлаад тайлбарлавал сайн байна.
ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСОН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ НЭЭЛТТЭЙ
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж: Сая О.Номинчимэг гишүүн “татаж авах, буцаах” асуудлыг ярилаа. Төсвийн төслийг их хурал дээр хэлэлцэхэд бусад хуулийг хэлэлцдэг дэгээр хэлэлцдэггүй. Дэгийн хуулийг нэг, хоёр дахь хэлэлцүүлэг дээр УИХ-ын 126 гишүүн чөлөөтэй асуулт асууж, үг хэлэх боломжтой. Өөрөөр хэлбэл есдүгээр сарын 1-нд Засгийн газраас төсвийн төслийг өргөн мэдүүлсэн. 11 дүгээр сарын 1-нд чуулганаар төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууссан. Хоёр сарын хугацаанд зарчмын зөрүүтэй асуудлыг хэлэлцэх, чөлөөтэй санал гаргах боломж байсан. Тэгэхээр төсвийн төслийг Дэгийн тухай хуульд заасан есдүгээр бүлэг буюу 69,70,71,72,73 дугаар зүйлүүдээр хэрхэн яаж хэлэлцэх тухай нарийвчилж зохицуулсан. Буцаах тухай асуудал байсан уу гэвэл байсан. Өөрөөр хэлбэл нэг, хоёр дахь хэлэлцүүлэг дээр байсан. 70.7.Энэ хуулийн 70.5-д заасан санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол төсвийн төслийг ажлын 3 өдрийн дотор хуульд нийцүүлэн өргөн мэдүүлэх чиглэл өгч Засгийн газарт буцаана гэж заасан. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг нэгдүгээр хэлэлцүүлэг дээр хийх боломж бүрэн байсан шүү.
Хэрвээ энэ төсөл батлагдахгүй бол яах вэ гэж гишүүд ярилаа. Хуулиар батлахгүй бол Засгийн Газар, УИХ хууль зөрчинө гэсэн үг. Ингэж болохгүй. УИХ хуулиараа хууль дээдэлж ажиллах үүрэгтэй. Хэрвээ УИХ-аар төсвийн төслийг 15-ны дотор батлах юм бол, хууль хүчин төгөлдөр болно. Хэрэгжих хугацаа нь нэгдүгээр сарын 1. Саяхан төсвийн ээлжит бус чуулганаар бид Хот тосгоны эрх зүйн тухай хууль баталж, нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан. Хууль батлагдаад хүчин төгөлдөр болчихсон байхад бид өөрчлөлт оруулсан шүү дээ. Энэ бол нээлттэй. Хүчин төгөлдөр болсон хуульд өөрчлөлт оруулах нээлттэй гэсэн үг.