УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, төсвийн асуудлыг олон нийтэд хүргэж, анхаарлын төвд оруулсан Ж.Баярмаа, Д.Энхтүвшин нарын гишүүнд баяр хүргэлээ. Тэрээр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинд хандан дараах зүйлийг хэлэв.
Д.Пүрэвдорж: 2025 оны төсвийн хэлэлцүүлэг дээр зарчмын зөрүүтэй олон санал гаргаж, сайд нарын багц дээр ямар их илүү зардал байдгийг олон нийтэд таниулсан Ж.Баярмаа гишүүнд баяр хүргэе. Мөн төсвийн асуудлыг олон нийтэд таниулсан Д.Энхтүвшин гишүүнд баяр хүргэе. Би найман жилийн турш төсвийг шүүмжилсэн. Би 2024 оны төсвийг яаж шүүмжилснээ яг одоо Д.Энхтүвшин гишүүн рүү viber-аар явуулъя. Маш олон санаа багтсан байгаа. Энэ удаагийн төсөв хэлэлцэх асуудал дээр ашиглаарай гэж зөвлөмөөр байна. Энэ жил ч би чимээгүй суугаагүй. Өөрөөр хэлбэл 125 төсөл арга хэмжээг царцаах юм бол 1.5 их наяд төгрөгийн хэмнэлт гарах тухай хэлсэн. Үүнийгээ бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулаач ээ гэж.
Дээрээс нь нэг сайдын зохион байгуулж байгаа хурал семинарыг 500-600 сая төгрөгөөр хийдэг явдал чинь хэрээс хэтэрлээ. Хэдэн жил хурал семинар хийв. Үүгээрээ сонгогчдын саналыг татахад л анхаарсан. Энэ зардал буурахгүйгээр улам нэмэгдэж байгааг бас л шүүмжилсэн. Таны үг яагаад олон нийтэд хүрч байна вэ гэхээр, ард түмний дургүйцэл асар их байгаа юм. Өөрөөр хэлбэл өнгөрсөн найман жилийн хугацаанд ард иргэдийн амьдралын түвшин буурч, дарга нарын халаас томорсон. Төсвөөс хулгай хийсэн. Ковидын үед янз бүрийн зүйлээр далимдуулж хулгай хийсэн. Нүүрсний хулгай энэ тэр гээд хийгээгүй зүйл байхгүй. 2024 онд энэ бүхний дүнг тавина гээд иргэд явж байсан, МАН дахиад гарсан. Ингээд иргэдийн үзэн ядалт лавширч байна. Дээрээс нь нэр дурдаад хэлчихээр намын доторх далд зөрчил чинь ил болоод, нэгийгээ буудах хэрэгсэл болчхож байгаа юм. Тиймээс таны шүүмжлэл олон нийтэд хүрч байгаа юм. Улам сайн шүүмжлээрэй гэлээ.