Төрийн албаны зөвлөлөөс ажлын хэсэг гаргаж, нэгдсэн стандарт бий болгох төслөө өнөөдөр танилцууллаа. Төрийн байгууллагууд нэгдсэн стандарттай болсноор илүү эмх цэгцтэй болж, иргэд болоод, төрийн албан хаагчид сэтгэл хангалуун үйлчлэх, үйлчлүүлэх боломж бүрдэх талаар хэлэлцүүлгийн үеэр онцлов.
Энэ талаар Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Тулгаа дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрээр, “Өнөөдөр нэгдсэн стандарт бий болгох ажлын хэсгээс гаргасан, Стандартын төслийн танилцуулгыг хийж, холбогдох яам, агентлаг, төрийн захиргааны удирдлага, төлөөллүүдтэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Төрийн байгууллагууд нэгдсэн хаяг шошготой байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэхэд таатай орчин бүрдүүлэх, төрийн байгууллагын харилцаа хандлагыг сайжруулах, иргэдийн авч байгаа үйлчилгээ нь чанартай байх талаар тусгасан стандартын төслөө танилцуулж байна. Хаяг нь ямар байх юм, төрийн албан хаагчийн нэрийн хуудас нь ямар байх юм. Иргэдийн авч байгаа үйлчилгээ нь ямар байх юм. Томилогдсон болон ажил албаасаа шилжихэд ямар бичиг баримтууд хүлээлцэж байх юм. Гадаад, дотоод томилолтод ямар төрийн үйл ажиллагаа хэрэгжүүлж юу баримтлах юм гэдгийг илүү нарийвчилж оруулсан” гэв.
ТӨР ОЙ САНАМЖТАЙ БАЙХ ЁСТОЙ
Харин Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва ярихдаа, “Хамгийн наад захын жишээ хэлэхэд, төрийн албан хаагчид ажлаасаа чөлөөлөгдөхдөө шаардлагатай мэдээ мэдээлэл өгдөггүй. Ажлаа хүлээлцэхгүй явдаг. Төр өөрөө ой санамжтай байх ёстой. Ой санамж нь байхгүй бол өмнөх үедээ юу хийж байсан юм. Дараагийн үедээ юу анхааруулах юм. Энэ бүхнийг стандартаар зохион байгуулах ёстой. Мөн зарим байгууллагын төрийн албан хаагчид ажлын цагтаа ажлаа хийгээд явчихдаг. Зарим нь орой, шөнөжин суугаад ажил нь дуусдаггүй. Ингэхээр тухайн хүний ажлын бүтээмжээс гадна, ар гэрийн байдал нь хэцүүднэ. Стандарт нэвтрүүлж, зохион байгуулалтад орсноор, тухайн хүмүүс ажлын цагтаа бүх ажлаа хийгээд дуусаж байгаа юм. Стандарт байхгүй учраас замбараагүй байдал үүсээд байна. Энэ бүхнийг сайжруулснаар төрд итгэх иргэдийн хандлага нэмэгдэнэ. Мөн төрөөс авч байгаа үйлчилгээний чанар сайжрах боломжтой. Бид стандартгүй, замбараагүй яваад байх юм бол, төрийн алба цэгцрэхгүй” гэлээ.