15 минут бясалгал хийх нь зургаан цаг унтсантай тэнцэх хэмжээнд хүний биеийг амраадаг талаар Карма Иог студийн, иогийн багш Ц.Цэнгэлмаа хэллээ. Мөн 1 цаг 30 минут иог хийхэд зургаан цагийн ажлыг гурван цагт амжуулах хэмжээний эрч хүчтэй болдог байна. Тэрээр стресс бухимдал, савлагаа ихтэй нийгэмд, аль ч насны хүмүүс хүйс, жин харгалзахгүй иогоор хичээллэж байж, сэтгэлийн эрүүл мэндээ хамгаалж үлдэх учиртайг онцолсон юм.
Энэ талаар Карма Иог студийн, иогийн багш Ц.Цэнгэлмаа ярихдаа, “Бие, сэтгэл, амьсгал гурвын нэгдлийг иог гэж нэрлэж байгаа юм. Иогийн нэг онцлог нь сэтгэлийн эрүүл мэнд байдаг. Бидний махан бие өвддөг. Жишээ нь өнөөдөр миний гар, тохой өвдөхөд түүнийгээ мэддэг шүү дээ. Гэтэл бидний сэтгэл өвдөхөд үүнийг тэр болгон хүмүүс анзаардаггүй. Тэгэхээр иогийн хамгийн гол зүйл нь амьсгалыг хөдөлгөөнтэй нийлүүлж, таны сэтгэлийг амрааж буй хэлбэр юм.
Би өөрөө 20 гаруй жил иогоор хичээллэж байна. Мөн 20 гаруй жил ХСҮТ-ийн Сэргээн засах тасагт ажиллалаа. Энэ хугацаанд өвдсөн хүмүүс иогоор хичээллэж эхлэхийг анзаарсан. Иог болгон эмчилгээний чанартай байдаг. Гэхдээ эмчилгээний иог гэж тусдаа бий. Энэ нь яадаг гэхээр, тухайн хүний өвчлөл рүү нь чиглэж эмчилгээний иогоо заадаг гэсэн үг. Ингэснээр архаг хууч өвчин илааршдаг. Би ч мөн анх эрүүл мэндийн шалтгаанаас үүдэлтэй иогоор хичээллэх болсон. Одоо үеийнхнийхээ хажууд өвчин хэлж, өвдөг, нуруундаа санаа зовох айдас байхгүйдээ баярладаг. Сэтгэл санаа ч тайван сайхан болдог. Нойр ч сайжирдаг гэх мэт маш олон эерэг үр дүнтэй.
ХСҮТ-д үзүүлж, надаар эмчилгээ хийлгэж байсан 328 хүнээс 118-ыг нь сонгож иогоор хичээллүүлж байсан. Мэдээж хавдар гэдэг өвчин хэцүү. Хүн сэтгэл санаагаар унана, ядарна, сульдана, туйлдана. Зарим үед сэтгэлийн хатгүй болоод, бууж өгөх асуудал гардаг. Иогоор хичээллэсэн эдгээр 118 хүн дээр судалгаа явуулахад, үр дүн нь маш сайн гарсан. Тэдний амьдралын чанар өөрчлөгдсөн байгаа юм. Энэ маш чухал шүү дээ. Амьдралдаа сэтгэл хангалуун болж, өвчнөө давна гэсэн итгэл төрнө гэдэг тун чухал зүйл.
Та хөдөлгөөн хийж чадахгүй байж болно. Таны хөл эсвэл нуруу өвддөг байж болно. Гэхдээ та амьсгалж чадаж байгаа. Амьсгалыг сэтгэлтэй холбосноороо тухайн хүн өөрийгөө тайвшруулж, өвчнөө илааршуулах боломжтой. Эмчилгээний иогийн шинж чанар бол ердөө амьсгалтай холбоотой юм. Хүн бүр иог хийх хэрэгтэй. Хэдэн ч кг жинтэй байж болно. 140 кг жинтэй байсан ч иог хийх хэрэгтэй. Өнөөдөр бид зав чөлөөгүй ажиллаж байна шүү дээ. Өдрийн найман цаг огт завгүй. Мэдээж бид ядардаг. Гэтэл өглөөдөө амьсгалын дасгал, иог, бясалгалаа хийгээд гарахад ажлын найман цагийг асуудалгүй өнгөрөөнө” гэлээ.
Udur bur 1 tsag byasalgal hiivel ogt untahgui baij boloh uu