Төсөв 2025: Сангийн сайдын “Б” төлөвлөгөө
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин, Д.Энхтүвшин нар Ерөнхий сайдад 2025 оны төсвийн төслөө эргүүлэн татаж, урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр танах шаардлага хүргүүлжээ. Ингэхдээ шаардлагынхаа хариуг энэ сарын 8-ны өдөр авахаар бичсэн байна. Уншигч та бүхэнд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшиний төсвийн төсөл дээрх байр суурийг эшлэл байдлаар хүргэе.
ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН УРСГАЛ ЗАРДЛЫГ 3.6 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТАНАХ БОЛОМЖТОЙ
- Энэ жилийн төсөв бол сонгуулийн жил гэдэг утгаараа нэлээн томорсон. Гэтэл ирэх жилийн төсвийг үүнээс ч нэмэгдүүлж оруулж ирсэн. Гол нь урсгал зардлыг нь нэмэгдүүлсэн байна. Үүнийх нь задаргааг аваад үзэхэд ойлгоход төвөгтэй, том зардал их байгаа. Жишээлбэл, гадаад томилолт, зочны зардал маш их өссөн. Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ гэсэн нэр тавьчихсан ч яг ямар ажил хийлгэх нь тодорхойгүй. Энэ мэтчилэн төсвийн хэт тэлэлт маань буцаад инфляцийг нэмэгдүүлэх магадлалтай. Эдийн засагчдаар бид судалгаа хийлгэсэн. Гадаад валютын нөөц болоод валютын ханшид ачаалал өгнө. Тийм учраас төсвийн урсгал зардлыг нь ядаж энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлийнхээ хэмжээнд байлгая.
- Тэр нь 3.6 их наяд төгрөг болж байна. Харин хаанаас нь юуг нь танахаа Сангийн яам, Засгийн газар өөрсдөө шийдээд оруулж ирэх нь зөв байх. Гишүүдийн зүгээс төсвийг багасгах гэж их үзсэн. Гэвч явж байгаа процессыг харахад бараг л танах зүйл байхгүй. Засгийн газрын хувьд ч энэ талын санал гаргахгүй. Санал хураалт ч гэсэн хайрцаглах маягтай. Зарим нэг унасан саналыг дахин санал хураалгаж дэмжүүлэх зэргээр явж байгаа учраас Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин бид дөрөв Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн.
- Одоо төсвийн төсөл батлагдах цаг нь тулчихсан. Энэ сарын 15-ны дотор баталж чадахгүй бол УИХ тарах хуулийн заалттай. Миний хувьд энэ урсгал зардлыг ингэж өндөр чигээр нь батлах юм бол УИХ бараг тарчихсан нь дээр гэж үзэж байгаа. Яагаад наймны өдрийг сонгосон бэ гэхээр төсвийн төслийг буцаан татаад нэн яаралтай горимоор оруулж ирээд хэлэлцүүлэх боломжтой хугацааг нь тооцож сонгосон. Бид өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийг дуустал харсан.
УРСГАЛ ЗАРДЛЫГ ТАНАХГҮЙ БОЛ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АЧААЛАЛ НЭМЭГДЭНЭ
- 3.6 их наяд төгрөгийн урсгал зардлыг танахгүйгээр баталлаа гэж бодоход энэ хэрээрээ татвар төлөгчдийн ачаалал л нэмэгдэнэ. Бизнес эрхлэгчид, иргэд нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ гээд бусад татвараараа төлнө. Харин энэ хэрийн мөнгийг төсвөөс таначих юм бол аж ахуйн нэгжийн хувьд том дэмжлэг болно. Инфляцийг бууруулах боломжтой. Мөн жижиг дунд үйлдвэрүүдийн төлдөг татварын бараг тал хувь нь болж байгаа юм. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гарчиг нь их гоё байгаа. Гэхдээ дотор нь хэрэгжүүлэх үйл ажиллагааны хувьд хангалттай заалт ороогүй гэж бодож байна. Өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн дансыг нь шууд хаадаг. Үүнээс болж үйл ажиллагаа нь доголддог. Улмаар дампуурдаг байдал газар авсан. Мөнгө нь орж ирээгүй байхад шууд борлуулалт тооцогдож бүртгэгдээд НӨАТ төлөх үүрэг хүлээлгэдэг. Орж ирээгүй мөнгөн дээрээ НӨАТ төлнө гэдэг чинь аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгөн дээр нь маш их дарамт ирж байгаа юм. Үүнийгээ төлж чадахгүй бол дансыг нь хаах эрсдэлтэй байна.
- Мөн хууль дээр өөрөөр заасан хэрнээ хэрэгжилт дээр өөрөөр тайлбарладаг. Амьдралд нийцэхгүй хуулийн заалтууд дээр үндэслэж, татвар төлөхийг шаарддаг зүйл байна. Энэ мэтчилэн асуудлууд байгаа учраас татварын орчныг сайжруулж, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох хэрэгтэй. Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн бодлогын зөвлөл гэж байгаа. Тэнд ядаж эхний ээлжинд арга аргачлал, давхардсан хувь хэмжээ, татвар хураалт, маргаантай холбоотой асуудлуудын судалгааг хийлгэж, танилцуулга хийе гэж бодож байгаа. Одоо аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-ын 540 тэрбум төгрөгийн өр байна. Ийм үед төсвийг ингэж өндөр алдагдалтай баталчих юм бол татварын байцаагч нар аж ахуйн нэгжүүд дээр очоод дансыг нь хаана гэсэн үг. Ингээд ирэхээр ирэх хавар амьдрал нэлээд хүнд байх дүр зураг гарч байгаа учраас наана нь засахын тулд л ажиллахыг зорьж байна.
- Миний хувьд МАН-ын бүлгийн хамгийн анхны хурал дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэлэлцэхэд эсэргүүцсэн. Би сонгуулийн амлалтуудаас дөрөвхөн зүйлийг л ярьж байсан. Гэвч одоо тэд бүгд байхгүй болчихсон.
- Үүнд, Төвийн зарлага ДНБ-ий 25 хувиас ихгүй байх. Засгийн газрын гадаад өр ДНБ-ий 40 хувиас байнга доошоо байлгах. Инфляцийг нэг оронтой тоонд байлгана. Эдийн засгийн өсөлтийг тогтмол зургаагаас дээш хувьтай байлгах зэрэг заалтууд байсан.
НАМ НЬ АРД ИРГЭДИЙНХЭЭ ДЭЭР ГАРЧИХСАН БАЙНА. ЭРЭМБЭ БУРУУ БАЙГААГ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ
- Энэ улс орныг өөрчлөх, хөгжүүлэхэд хамгийн нөлөөтэй улс төрийн хүчин бол МАН байгаа юм. Гэвч өнөөдөр нам нь ард иргэдийнхээ дээр гарчихсан байна. Төрийн барих ард түмний эрх мэдэл нь УИХ-аа сонгож, түүнээс нь Засгийн газраа байгуулж явах учиртай. Харамсалтай нь өнөөдөр намын цөөхөн хүрээллээс томилгоонууд хийгддэг. УИХ-д нэр дэвших үгүйг, чуулганд юу хэлэх хэлэхгүйг шийдэж байна. Ингээд эрэмбэ нь буруу байгааг өөрчлөх хүсэлтэй намын гишүүд олон байдаг юм байна лээ. Сая намайг төсөвтэй холбоотой санал хэлсний дараа МАН-ын гишүүд холбогдож байр сууриа илэрхийлсэн. Хамтарч ажиллахыг ч хүссэн.
Эх сурвалж: DNN