Энэ сарын 1-нээс ААН байгууллагуудын цахилгааны төлбөрийг 30, ус дулааны төлбөрийг 43-86 хувиар, харин зургаадугаар сарын 1-нээс өрхийн хэрэглээний тарифыг мөн хувиар нэмэхээр болсон. Эрх баригчид гэнэт гаргасан шийдвэрээ “тулгасан” асуудлыг иргэд хэрхэн хүлээн авч буй талаар тодрууллаа.
Иргэд:
- Тог, цахилгааны үнэ нэмэхтэй холбоотой бухимдал их байна. Өдөр тутмынхаа хоол хүнсийг яая гээд байж байгаа хүмүүст тарифын нэмэгдэл маш хүнд тусна. Ялангуяа өвөл цаг ирж байна шүү дээ. Манай гэр өвлийн цагт нэмэлт тень ашигладаг. Тог цахилгааны зардал их гарах байх. Манай тогны хэрэглээ нэлээн өндөр. Сардаа 60-70 мянган төгрөг гардаг. Үүнийг нэмэх юм бол 100 мянга гараад явчихна шүү дээ. Тэглээ гээд авч байгаа цалин маань нэмэгдэх нь юу л бол. АНН байгууллагууд ч гэсэн хүнд байдалд орчхож байгаа.
ЗӨВХӨН ТАРИФАА НЭМЭЭД ЗОГСОХ БИШ СТАНЦ БАРЬЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДЭЭРЭЭ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
- Нэгэнт эрчим хүчний хэрэглээгээ хангаж чадахгүй болсон юм чинь нэмэх нь л зүйтэй байх. Гэхдээ нэмэхдээ учир зүйтэй байх ёстой. Нийслэл хотод амьдарч байна гэмээргүй нөхцөлд бид амьдардаг шүү дээ. Өвөл болохоор цахилгаанаа хязгаарлана. Нялх нойтон хүүхэдтэй айлд энэ ямар том асуудал болдог гэж бодно. Энэ өвөл бүр дулаанаа хязгаарлуулах вий гэдгээс айж байна. Би яах вэ сардаа 40-50 мянган төгрөг төлдөг. 70-аад мянган төгрөг болгож төлөх юм билээ. Бидний хувьд болж байна. Гэхдээ зөвхөн тарифаа нэмээд зогсох биш станц барьж, бүтээн байгуулалт дээрээ анхаарах хэрэгтэй байна шүү дээ. Үүнийг шаардах хэрэгтэй. Түүнээс мөнгө нэмлээ өгөхгүй гэж уурлаад ашиг гарахгүй. Монголчууд тийм ч тэнэг ард түмэн биш. Гэнэтийн шийдвэр, хаалттай байдалд л ундуйцдаг. Нийслэлийн 1.5 сая иргэний цахилгааны асуудлыг дааж чадахгүй ийм байдалд оруулна гэдэг дампуурал.
- Арай л их хувиар гэнэт нэмсэн нь асуудал болоод байна. Дагаад бүх зүйлийн үнэ нэмэгдэнэ шүү дээ. Одоогийн сарын орлого маань хэрэглээ, урсгал зардлаа нөхөж чадахгүй хэмжээнд байгаа. Миний хувьд 2 ажил хийхийн хажуугаар, орчуулга хийдэг. Тэгж байж л асуудлаа цэгцэлж байна. Энэ шийдвэр бол иргэдийн нуруун дээр ачаа нэмж байгаагийн л хэлбэр. Эдийн засгийн уналт, инфляцийн горыг татвар төлөгчид л нуруун дээрээ үүрдэг нь байж болохгүй асуудал шүү дээ.
- Ард түмнийг элэг барьж доош нь хийж байна гэж харлаа. Эрх баригчдын хулгайлсан тэрбумаар тоологдох мөнгөний асуудал ч их сонсогдох боллоо. Ийм байдлаа ч болимоор байна. Дээгүүрээ идэж уугаад явдаг хэрнэ, энгийн иргэдийг мөлжихөө болих хэрэгтэй.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ УЛС ТӨРИЙН СОНГУУЛИЙН ХЭРЭГСЭЛ БОЛГОДОГТ АСУУДАЛ БИЙ
Эрчим хүчнийсалбарт тулгамдаад буй асуудалтай холбогдуулан Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Г.Ёндонгомбо дараах зүйлийг ярилаа.
Тэрээр, 23 жилийн өмнө Эрчим хүчний тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар “Эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийх, арилжааны хэлбэрт шилжүүлэх, хувьчлах” хөтөлбөр хэрэгжих боломж бүрдсэн юм. Гэвч хуулийн төсөлд Эрчим хүчний зохицуулах газар, УИХ-ын байгууллага байхаар заасныг өөрчилж, Засгийн газрын байгууллага болгосон нь бодлогын алдаа болсон. Үүний үр дүнд бүтцийн өөрчлөлт, арилжааны хэлбэрт шилжүүлэх заалтууд хэрэгжсэн ч хувьчлал бараг хийгдээгүй юм. Гол учир нь эрчим хүчний үнэ, тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо бие даан шийдвэрлэх бололцоогүй болж үе үеийн Ерөнхий сайд нарын үзэмжийн асуудал болсонд орших бөгөөд тэр ч байтугай сонгуулийн мөрийн хөтөлбөрт намууд “Эрчим хүчний үнэ нэмэхгүй” гэдэг заалт оруулж энэ салбарыг улс төрийн сонгуулийн хэрэгсэл болгосон. Ашиг олох байтугай зардлаа ч нөхөж чаддаггүй салбарыг гадаадын хөрөнгө оруулагч болон дотоодын компаниуд огт сонирхдоггүйгээс хувьчлал ч хийгдсэнгүй, шинэ эх үүсвэр ч баригдсангүй. Арван жилийн өмнө оргил ачааллаа даах чадваргүй боллоо гэж байсан бол өнөөдөр суурь чадал ч хүрэлцэхгүй болж, Монгол Улсын хөгжлийг хойш татагч салбар болж хувирлаа. Жилд 270 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг энэ салбар нь хэзээ ч тэг зогсож болох ноцтой аюулын ирмэг дээр байна. Хүйтний улиралд өнгөрсөн өвлөөс хэрэглэгчдээ хязгаарлаж эхэлсэн бөгөөд 1990-ээд оны олон цаг хотоороо харанхуй байдаг үе рүү гулсан орж байна. Өнөөдөр УИХ-ын ажлын хэсэг байгуулагдаж, эрчим хүчний реформ хийхээр яригдаж байгаагаас хамгийн түрүүнд цаг алдалгүй хийх асуудал бол үнэ тарифыг нэмэх явдал юм. Цаашид салбарын ТӨХК-иудыг Олон нийтийн компани болгох, хууль эрх зүйн орчныг өөрчлөх ажлуудыг хийх хэрэгтэй байна. Үнэ тарифыг алдагдалгүй байх түвшинд аваачсаны дараа инфляци, валютын ханш, импортын цахилгааны үнээс хамааруулан индексжүүлж байх шаардлагатай.
БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 3-5 САРЫН ДАРАА НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БОЛЖ БАЙНА
Харин эдийн засагт энэ шийдвэр хэрхэн нөлөөлөх талаар эдийн засагч Г.Батзориг дараах мэдээллийг өглөө.
Тэрээр, “Ямар нэг реформ хийхэд олон нийт таатай байдаггүй. Учир нь үүний үр дүн нь дандаа хойч үедээ л гардаг. 10,20,30 жилийн дараа үр дүн бий болдог гэсэн үг. Тийм учраас одоо байгаа үе нь тухайн шинэчлэлийн хор уршгийг хүртдэг. Эмээр яривал бид өвчтэй байна. Тиймээс гашуун эм уух ёстой. Энэ эмийг бид уугаад эрүүл саруул үед нь хойч үеийнхэн амьдрах ёстой юм. Олон жил цахилгаан дулааны тарифыг төрийн бодлогоор барьчихсан нь нөгөө талдаа өнөөгийн энэ асуудлыг үүсгэж байна. Үнэ нэмж байгаа дээр бол эсэргүүцэх зүйл байхгүй. Угаасаа энэ салбарыг цааш хөгжүүлэхийн тулд үнийг чөлөөлж, реформ хийх нь зүй. Гэхдээ аажмаар хийх ёстой. Шатахуун, цахилгаан бол аливаа бараа бүтээгдэхүүний хамгийн суурь үнэ. Энэ хоёр өсөхөд бүх бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг зүй тогтолтой. ААН байгууллагуудын хувьд, цалингийн зардал нь өсөөгүй байхад л автоматаар урсгал зардалдаа шингээд хоёр дахин өсөх нь байна. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн компанийн захирал 2025 онд ажилтнуудынхаа цалинг өсгөе гээд бодож байсан алдагдсан боломжийн өртгийг багасгаж байна гэсэн үг. Цааш үргэлжлээд бараа бүтээгдэхүүний үнэ 3-5 сарын дараа нэмэгдэх хандлагатай болж байна. Эцсийн хэрэглэгчид л үүний хор уршгийг үүрнэ” гэлээ.