Есөн жилийн дараа гэнэт л нүдээ нээж, чихээ онгойлгож буй эрх баригчид сая нэг эрчим хүчний салбарын доройтолд санаа тавьж, тарифын үнэ өсгөх шийдвэр гаргаад, халаасны хэдэн хэвлэлийн байгууллагуудаараа лобби хийж буй дүр зураг сошиал сүлжээнд тодрох болов. Тусдаа хөгжих ёстой салбаруудыг атгасан гараа улам чангаруулж, цагаан хоолойгоо ашиглаад, “Дулааны цахилгаан станцууд дампуурлаа, хот хөлдлөө, шугам сүлжээ муудлаа, элэгдлээ, мончооруудынхаа цалинг нэмнэ” гээд чарлах нь олны жигшил зэвүүцлийг зэрэг төрүүлнэ.
Ниргэсэн хойно нь хашгирна гэгчээр есөн өвлийг дампуу байдалтайгаа давж өнгөрөөснөө, өнөөдөр л ухаарч буй аятай цахилгааны төлбөрийг 30 хувь, ус дулааны төлбөрийг 43-86 хувиар нэмэх талаар ярих болсон нь ачаагаа дааж ядан зүтгэж байгаа иргэдийг аянгаар ниргэхтэй агаар нэг асуудал мөн.
Мэдээж эрчим хүчний салбарт шинэчлэл хэрэгтэй. Гэвч реформ гэж ирээд л “ульдаг” явцуу байдлаа үнэ нэмэх төдийхнөөр хязгаарлаад, иргэдэд тулгадаг нь нэг биш удаа давтагдаж байгаа нь үнэн. Үнэхээр шинэчлэл, реформ хийх гээд байгаа бол энэ хүрээндээ өөр юу хийх тухайгаа олон нийтэд тайлагнах учиртай. Гэвч ил тод, нээлттэй, ойлгомжтой ажил яриагүй мөртөө үнэ нэмэхээс өөр зүйлгүй байгаа нь үнэхээр энэ салбарыг өөд татах гээд байна уу, өмсөж зүүж, аялах зугаалах тоогоо нэмэх гээд байна уу гэх эргэлзээг эрхгүй төрүүлнэ.
2017 оноос хойш Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн, Н.Тавинбэх, Б.Чойжилсүрэн нар ажилласан. Тэд энэ салбарыг 3285 өдрийн турш хариуцаж ажиллахдаа юу хийсэн бэ? Иргэдэд хөнгөлөлт үзүүлж, дэмжиж байгаа мэт жүжиг тоглохдоо өнөөдрийн эрсдлийг тооцож чадаагүй хэрэг үү? Есөн жил салбараа өөд татаж чадалгүй тартагт нь тулгачхаад, иргэд станцыг нь эвдлээд, салбарыг нь дампууруулчихсан юм шиг л элэг барьж байна. Тал хувь эмзэг бүлэгт хамаардлаг нийслэлийн 1.5 сая иргэнээ хөлдөөхөд хүргээд зогсохгүй, нуруун дээр нь ачаа давхарлаад байгаа Ц.Даваасүрэн, Н.Тавинбэх, одоогийн сайд Б.Чойжилсүрэн нарт хариуцлага тооцох ёстой. Бид салбарын шинэчлэл хийхийг эсэргүүцээгүй. Гэвч тал нь ядуу амьдарч байгаа иргэнээ боддоггүй, гэнэтийн шийдвэр гаргаад зогсохгүй, “мөнгө нэхэхээс” өөр мэдээлэл өгөхгүй байгаад эргэлзэж, бухимдаж байна.
Олон улсын жишигт аливаа салбарын реформ шинэчлэлийг ямар шат дараалалтайгаар яаж хийдэг талаар болон гэнэт гаргасан болчимгүй энэ шийдвэр эдийн засагт, тэр дундаа иргэдийн амьдралд яаж нөлөөлөх талаар бид Эдийн засагч Г.Батзоригоос тодруулж, ярилцлаа.
-Цахилгаан, дулааны тарифыг нэмэх гэнэтийн шийдвэрийг иргэд бухимдалтай хүлээн авч байна. Энэ байдал эдийн засагт яаж нөлөөлөх вэ?
-Энэ шийдвэрийг нэг төрлийн реформ гэж нэрлэхэд болно. Ямар нэг реформ хийхэд таатай байдаггүй. Учир нь үүний үр дүн нь дандаа хойч үедээ л гардаг. 10,20,30 жилийн дараа үр дүн бий болдог гэсэн үг. Тийм учраас одоо байгаа үе нь тухайн шинэчлэлийн хор уршгийг хүртдэг. Эмээр яривал бид өвчтэй байна. Тиймээс гашуун эм уух ёстой. Энэ эмийг бид уугаад эрүүл саруул үед нь хойч үеийнхэн амьдрах ёстой юм. Энэ суурь зарчим дээр реформ гэх ойлголт явдаг.
-Реформ гэдэг нь үнэ нэмэх ойлголт юм уу?
-Аливаа байгууллага хяналт шалгалт аудиттай явж байх ёстой. Тэр нь хөндлөнгийн, үнэн зөв байх ёстой. Хамгийн сонгодог, үр ашиг олдог систем бол хувийн байгууллагын систем. Цэвэр ашгийн зорилготой. Энэ ашгийн зорилготой байгууллага үр ашгийг хамгийн өндөр байлгаж чаддаш. Гэтэл одоо төрийн өмчит компаниудын ДНБ-нд эзэлж байгаа нь 40 хувь гэж байна. Дээрээс нь 80 хувь нь алдагдалтай ажиллаж байна гээд бодоод үзэхээр, энэ компаниудын зорилго нь ашиг олох биш. Тийм учраас үйл ажиллагаа нь үр ашигтай явдаг гэж харж болохгүй. Энэ асуудал эрчим хүчний компаниуд дээр ч байгаа.
РЕФОРМЫГ ОЛОН УЛСАД ИНГЭЖ ХИЙДЭГ
Олон улсад реформ хийж байсан туршлагыг харахаар, нэгдүгээрт төрийн өмчит компаниудыг хувьчилдаг. Хувьчлах гэхээр бид шууд нэг компанид өгчхөж байгаа юм шиг ойлгоод байгаа юм. Олон нийт хувьцааг нь эзэмшдэг байж болно шүү дээ. Эсвэл Засгийн Газар тодорхой хэмжээний баг хувьцааг нь эзэлдэг. Хувьчлах гэдгийн гол асуудал нь төр засгаас хамааралтай, төрөөс томилгоотой, хараат байдлыг л багасгах гээд байгаа юм. Энэ бол эхлэл буюу засаглалын асуудал. Дараа нь нээлттэй сонгон шалгаруулалт, тендер зарлах асуудал яригдана. Дээрээс нь хүний нөөцөө хэн нэгнээс хамааралгүй бүрдүүлэх гэх мэт асуудлууд хөндөгдөнө. Ингэж байж зардал нь бодитой үнэлгээтэй бий болж байгаа юм. Энэ бүхний дараагаас шинэчлэлийн асуудал яригддаг.
Гэтэл одоо эдгээр комданиудын зардал ямар байгаа юм, судалгаа нь бодитой эсэхийг хэн батлах юм. Ямар нэг компани үйл ажиллагааны зардал гэж тодорхой зүйл бичээд л гаргачихдаг. Жишээ нь гаднын туршлага судална гэж бичээд л, судалгааны ажил гээд тавьчихдаг. Гэтэл бодит байдал дээр гадагшаа дотогшоо зугаалаад явчихсан байдаг шүү дээ. Тэр тал дээр хяналт байхгүй. Тийм байхад үнэ нэмлээ гээд энэ компаниудын үйл ажиллагаа сайжрах уу? Дээрээс нь үйл ажиллагааны зардал нь хяналттай явах уу? Томилгоо нь улс төрөөс хараат бусаар явах уу? Гэх мэт олон асуулт хэрэглэгчийн зүгээс төрж байна.
Хувийн байгууллага байсан бол хоорондоо өрсөлдөөд, үйл ажиллагаагаа явуулж, үр ашигтай ажиллаад, аудит оруулаад явбал хэрэглэгч талаас үнээ төлөхөд бэлэн байна шүү дээ. Гэтэл маш тодорхой бус байна. Мэдээллийн хувьд ч тэр, ил тод байдал нь тэр. Ийм нөхцөлд үнийн өсөлт нь эргэлзээ төрүүлж байна. Олон улсад реформ хийх суурь болдог засаглал, институц, санхүү нээлттэй байдлуудаа нэмсэний дараа зах зээлийн тарифаа шийддэг.
ТАРИФЫН ҮНЭ НЭМЛЭЭ ГЭЭД АЛДАГДАЛ БУУРАХГҮЙ
-Тарифын өсөлт иргэдийн амжиргаанд яаж нөлөөлөх юм бэ?
-Олон жил цахилгаан дулааны тарифыг төрийн бодлогоор барьчихсан нь нөгөө талдаа өнөөгийн энэ асуудлыг үүсгэж байна. Үнэ нэмж байгаа дээр бол эсэргүүцэх зүйл байхгүй. Угаасаа энэ салбарыг цааш хөгжүүлэхийн тулд үнийг чөлөөлж, реформ хийх нь зүй. Гэхдээ аажмаар хийх ёстой.
- Нэгдүгээрт өвлийн улирал буюу ААН-үүдийн ихээр тог цахилгаан дулаан хэрэглэдэг үе дээр нь энэ асуудал орж ирж байна. Үүнийг ААН байгууллагууд зүгээр харж өнгөрөөхгүй. Ашгийн хувиа бууруулахгүйн тулд эцсийн бүтээгдэхүүнийхээ үнэд шингээчихнэ шүү дээ. Тэгэхээр эцийн хэрэглэгч үүнийг үнийн өсөлтөөр дамжуулаад шууд бусаар үүрнэ.
- Хоёрдугаарт шуудаар 80, 20 хувийн өсөлт хэрэглэгч дээр орж ирнэ. Тэгэхээр энэ асуудал цаг үеэ буруу хараад ороод ирчихсэн гэж харж байна. Энэ бүхний цаана төрийн өмчит компаниуд байгаа учраас эргэлзээ төрж байна. Цаана нь аудит, үйл ажиллагааны зардал нь яаж явдаг юм. Ер нь үнэ нэмлээ гээд тухайн салбарын компаниудын алдагдал огт буурахгүй. Эргээд үйл ажиллагаагаа тэлэх замаар нөгөө л далд эдийн засагт явдаг жишгээрээ үргэлжилбэл яах вэ гэдэг айдас байна.
Шатахуун, цахилгаан бол аливаа бараа бүтээгдэхүүний хамгийн суурь үнэ. Энэ хоёр өсөхөд бүх бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг зүй тогтолтой. ААН байгууллагуудын хувьд, цалингийн зардал нь өсөөгүй байхад л автоматаар урсгал зардалдаа шингээд хоёр дахин өсөх нь байна. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн компанийн захирал 2025 онд ажилтнуудынхаа цалинг өсгөе гээд бодож байсан алдагдсан боломжийн өртгийг багасгаж байна гэсэн үг. Цааш үргэлжлээд бараа бүтээгдэхүүний үнэ 3-5 сарын дараа нэмэгдэх хандлагатай болж байна. Эцсийн хэрэглэгчид л үүний хор уршгийг үүрнэ.
ТАЛХАА ТАЛЛАЖ АВДАГ ИРГЭДЭД ТАРИФЫН ӨСӨЛТ ХҮНДЭЭР НӨЛӨӨЛНӨ
Ингээд худалдан авах чадвар буурна. Дундаж цалин өнөөдөр 2.2 сая төгрөг л байна. Зайлшгүй нэмэлт зээлтэй байж л урсгал зардлаа нөхөж байна шүү дээ. Гэтэл суурь хэрэглээ нь гэнэт өндөр хувиар өсөхөөр өрх дээр үүсэх дарамт өндөр байгаа юм. Монгол Улсын хоёр хүн тутмын нэг нь эмзэг бүлэгт багтсан судалгаа бий. Валютын ханш сулрахад нийт хүн амын 15 хувь нь эмзэг бүлэг рүү орох эрсдэлтэй. Тэгэхээр хоёр хүний нэг нь ядуу амьдарч байгаа улсад гэнэтийн энэ шийдвэр маш хүчтэй нөлөөлнө. Тийм учраас аливаа реформын эдийн засаг, нийгэмд үзүүлж байгаа нөлөөг тооцох хэрэгтэй. Эдийн засагч хүний хувьд захын хорооллын дэлгүүрт орж ажиглалт хийдэг. Тэнд талх таллаад, масло, тос граммлаад авдаг. Иргэдийн энэ бодит амьдралыг тооцож шинэчлэл хийх ёстой.
Нөгөө талдаа шөнийн тарифыг тэглэх асуудал бол нэг шийдвэр нь нөгөөтэйгөө ямар ч уялдаагүй явуулж байгааг л харуулаад байна. Энэ байдлууд нь маш сонин харагдахаар байна. Гэвч реформ хийх дээр бол санал нэгдэж байна. Үнэ тогтоох дээр яарч болохгүй л гэх гээд байгаа юм. Реформыг шат дараатай хийх ёстой. Тодорхой бүлгүүд дээр туршилт хийх ёстой. Зөв цаг үед хийх ёстой.