Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын даалгавраар, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг олон нийтэд сурталчлах нэрийдлээр төсвийн 1.7 тэрбум төгрөгийг шууд гэрээ байгуулан санхүүжилт хэлбэрэрээр хэвлэл мэдээлэл, медиа байгууллагуудад шилжүүлсэн баримт ил болж, олон нийтийг бухимдуулаад байна.
Тэгвэл энэ асуудал хууль зөрчсөн үйлдэл мөн үү?
ТЕНДЕРГҮЙ САНХҮҮЖИЛТ ОЛГОХДОО, ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧМЫ ЗӨРЧСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Бид Монголын хуульчдын холбооны гишүүн, Хуульч З.Тамиртай ярилцлаа.
Тэрээр, “Тендергүй олгосон сахүүжилт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10.10-т зааснаар, зөвшөөрөгдөж байж болох юм. Гэхдээ хамгийн гол Төсвийн тухай хуулийн 34.1, 42.1, цаашлаад Үндсэн хуулийн 1.2 буюу Хууль дээдлэх зарчмыг зөрчсөн байж болзошгүй асуудлыг яаруулах хэрэг байсан уу? Зорилго нь зөв боловч арга нь буруудаад байгаа юм биш үү? гэх асуултыг дагуулж байна” гэв.
2018 онд намын хамаарал бүхий хүмүүс, компаниуд ЖДҮДС-гаас зээл авч, сан цөлмөсөн асуудал дэлгэгдэн олны бухимдлыг төрүүлээд байсан нь саяхан. Энэ байдал өнөөдрийг хүртэл хэвээр үргэлжилж, 2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө буюу тавдугаар сард нэр бүхий 10 хэвлэл мэдээлэл, медиа байгууллагууд руу 1.7 тэрбум төгрөгийг шилжүүлжсэн байгаа юм. Ингэхдээ МАН-ын Бага хурлын гишүүн, Эрхэт Монгол медиа группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаярын хамаарал бүхий дөрвөн компанид /Нэйшнл сошл медиа ХХК 500, Эх гоёот медиа групп ХХК 80, Зиндаа ньюс ХХК 50, Өглөөний сонин паблишинг ХХК 50/ нийтдээ 680 сая төгрөгийг шууд гэрээгээр олгосон нь анхаарал татна.
ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ГАЗАР ТАЙЛБАРААС БУЛТАВ
Бид энэ асуудлаар Жижиг дунд үйлдвэрийг дэмжих газрын дарга Я.Эрдэнэсайханаас тайлбар авах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж, хүлээсэн. Гэвч ямар нэг хариу өгөөгүй. Өөрөөр хэлбэл тайлбар өгөхөөс татгалзлаа. Харин Жижиг дунд үйлдвэрийг дэмжих газрын хэвлэлийн төлөөлөгч бид ямар ч хууль зөрчөөгүй гэсэн юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэгдүгээр бүлэг, 10.10-т зааснаар,
Засгийн газрын бодлого, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт болон цаг үеийн шинжтэй мэдээллийг яаралтай олон нийтэд хүргэх, мэдээлэхэд шаардлагатай хэвлэл мэдээллийн үйлчилгээ, Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой үндэсний үнэт зүйл, соёлын өвийг таниулсан соёл, урлагийн арга хэмжээ, тоглолт, урлагийн бүтээлийг худалдан авахад нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэхгүй байж болно гэж бий.
Тэгвэл Шинэ хоршоо хөдөлгөөнийг олон нийтэд сурталчлах нь энэ хуулийн заалттай яаж холбогдож байгаа талаар хуульч З.Тамир дараах зүйлийг хэллээ.
“Энэ мөнгө юуны мөнгө вэ? 1.7 тэрбум төгрөгийг яах гэж тэдэнд өгсөн юм гэхээр, энэ нь хоршоодыг дэмжих мөнгө. 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд их урт нэртэй хууль батлагдсан. “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” гэж. Үүний үзэл санаа нь юу гэхээр, өнгөрсөн өвөл зуд болоод олон малчид хохирсон. Зуданд өртөж амжиргааны эх үүсвэрээ алдлаа. Тиймээс тэднийг дэмжье гээд хууль баталж байгаа юм. Энэ хуульд юу гэж заасан гэхээр, төсөвт малчдаа дэмжихээр тодорхой хэмжээний мөнгө суурьлуулъя. Энэ мөнгийг Засгийн Газар өөрөө шийддэг байя гэдэг заалт оруулсан байгаа юм. Энэ дээрээс асуудлууд гарч ирж байна. Төсвийн тодотголын эцсийн шийдвэрийг УИХ баталдаг. Гэтэл 2024 оны дөрөвдүгээр сард баталсан, “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-иар, Засгийн Газар өөртөө бүрэн хэрэгжүүлэх эрх хэмжээг олгочихсон. Гэтэл энэ хууль нь Төсвийн тухай хуультай зөрчилдөж байна. Энэ зөрчидөөн нь цаашилбал Үндсэн хуулийн 1.2-т заасан хуулиа дээдлэх, уялдаа холбоотой байх асуудлыг үүсгээд байна. Тэгэхээр дөрөвдүгээр сард баталсан урт нэртэй хууль нь Төсвийн тухай хуулиа зөрчсөн үйлдэл байж болзошгүй байна” гэсэн юм.
Шууд санхүүжилтээр олгосон гэх 2.1 тэрбум төгрөгийн цаана УИХ-ын II тойрог баруун бүсийн дөрвөн аймагт нэр дэвшсэн, ЗГХЭГ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн сонгуулийн сурталчилгаагаа улсын төсвөөр дамжуулан ЖДҮ сангаас гаргуул хийчхэв үү гэсэн олон нийтийн хардлага хөвөрч байна.